СУРВАЛЖИЛГА: Гадаадад суралцах мөрөөдлөөр эх орноосоо мордсон залуус амьжиргааны мөнгөө хүлээж, байрны төлбөрөө ч төлж чадахгүйд хүрчээ

“Нойлын цаас байхгүй болохоор сургуулийнхаа нойлыг ашиглаж байна. Зүгээр л хэлсэн юм”
Энэ бол Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд гадаадад суралцаж буй оюутнуудын цахим орчинд нийтэлсэн үг. Энгийн мэт энэ өгүүлбэрийн цаана амьжиргааны тэтгэлгээ хүлээж, өдөр тутмын наад захын хэрэгцээгээ ч хангахад хүндрэлтэй тулгарч буй залуусын бодит нөхцөл байдал хөндөгдөж байна.
Төрийн дэмжлэгээр дэлхийн их, дээд сургуулиудад суралцаж, эх орондоо эргэн ирээд мэдлэг чадвараа зориулах зорилготой залуус өнөөдөр амьжиргааны мөнгөө хүлээн, байрны төлбөр, хоол хүнс, өдөр тутмын хэрэглээгээ хэрхэн зохицуулахаа бодох болжээ. Тэдний зарим нь санхүүжилт хэзээ орохыг мэдэхгүй байгаа бол нөгөө хэсэг нь гэр бүлээсээ дахин мөнгө гуйж, зарим нь байрны төлбөрийн хоцрогдол, торгуульд орох эрсдэлтэй тулгарч байгаагаа ярьж байна.
-1,000 гаруй оюутан 21 улсад суралцаж байна-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөр нь сум, нийслэлийн хороо бүрээс шилдэг сурагчдыг шалгаруулж, гадаадын их, дээд сургуульд суралцуулах зорилготой. Ерөнхийлөгчийн Тамгын газрын 2026 оны хоёрдугаар сарын 11-ний мэдээллээр тус хөтөлбөрийн хүрээнд 1,052 оюутан АНУ, Их Британи, Герман, Франц, Австри, Чех, Канад, Польш, Австрали, Орос, Хятад, Япон, БНСУ, Унгар, Литва, Турк, Энэтхэг, Вьетнам, Лаос, Куба, Казахстан гэсэн 21 улсын их, дээд сургуульд суралцаж байжээ.
Хөтөлбөрийн зорилго нь зөвхөн залуусыг гадаадад сургах бус, төгсөж ирснийх нь дараа орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах боловсон хүчин бэлтгэхэд чиглэдэг. Гэвч гадаадад суралцах хугацаанд нь амьжиргааны зардал, байрны төлбөр зэрэг санхүүжилт хугацаандаа олгогдохгүй бол энэ боломжийг бүрэн ашиглахад хүндрэл үүснэ.
Энэ удаад асуудал зөвхөн нэг улсын оюутнуудад хамаарахгүй. БНСУ, БНХАУ, Япон улсад суралцаж буй оюутнууд амьжиргааны зардлаа хүлээж буй нөхцөл байдлын талаар бидэнд ярьсан юм.
-“Есдүгээр сард өгнө гэсэн ч одоо болтол ороогүй”-
БНСУ-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй Ц.Ариунзаяа амьжиргааны тэтгэлэг хугацаандаа орж ирэхгүй байгаагаас оюутнуудын өдөр тутмын амьдралд хүндрэл үүсэж байгааг хэлэв.
Тэрбээр “Илгээлт-2100” хөтөлбөрийн тэтгэлгээр суралцдаг оюутнууд амьжиргааны зардлаа сар бүр авч, түүгээрээ өдөр тутмын хэрэглээгээ зохицуулдгийг онцоллоо. Гэвч санхүүжилт саатахад байрны төлбөрөө төлөх, хэрэглээний зүйлсээ авах зэрэг наад захын хэрэгцээ ч хүндрэлтэй болж байгааг ярив.
Ц.Ариунзаяагийн хэлснээр, зарим улсад суралцаж буй оюутнууд байрны төлбөрөө төлж чадахгүйгээс дотуур байрандаа үргэлжлүүлэн амьдрах, сургуулиа үргэлжлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэх вий гэж санаа зовниж байгаа аж.
Мөн тэрбээр тэтгэлэг олгох үйл явцын талаар тодорхой мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг талаар шүүмжилсэн юм.
“Есдүгээр сард өгнө гэж байсан тэтгэлэг одоо болтол ороогүй байна. Төрийн сан санхүүжилтгүй болсон, төсөв батлагдаагүй, заримынх нь данс болохгүй байна гэх мэт ойлгомжгүй шалтгаанаар хойшлуулсаар байгаа. Энэ талаар мэдээлэл авахаар Боловсролын зээлийн сангаас тодруулга авах гэхээр харилцаа байхгүй, бүдүүлэг хүмүүс байдаг” хэмээн ярив.
Түүнчлэн тэтгэлгийг хуваарилах үйл явцтай холбоотой янз бүрийн таамаг, цуурхал оюутнуудын дунд яригддаг ч эдгээрийг баталгаатай мэдээлэл гэж үзэх боломжгүйг тэрбээр онцолсон юм.
-БНХАУ-д суралцаж буй О.Түшиг: “Хэдий болтол аав, ээжийгээ холгож, мөнгөө хүлээх ёстой юм бэ”-
БНХАУ-д суралцаж буй О.Түшиг амьжиргааны зардал хугацаандаа олгогдохгүй байх нь зөвхөн мөнгөгүй үлдэх асуудал биш, байрны төлбөрийн хоцрогдол, нэмэлт торгууль үүсэх эрсдэл дагуулдаг гэв.
Тэрбээр “Өгөх ёстой амьжиргааны зардлаа жил бүр араас нь гуйлгуулж, нэхэл дагуул болж байж арайхийж өгнө. Байрны төлбөрийг хоцроож, торгууль гаргуулна. Гарсан торгуулийг нь бид өөрсдөө төлнө. Өчнөөн сар ямар ч сураг чимээгүй байж байгаад асуудал гараад залгахаар утсаа авахгүй. Бид одоо хаана, хэнд хандах ёстой юм бэ. Хэдий болтол аав, ээжийгээ холгож, амьжиргааны зардлаа хүлээх ёстой юм бэ“ хэмээн бухимдлаа илэрхийллээ.
Гадаадад суралцаж буй оюутнуудын хувьд амьжиргааны зардал нь нэмэлт орлого бус, тухайн улсад байрлаж, хооллож, суралцахад шаардлагатай үндсэн санхүүжилт юм. Тиймээс мөнгө хугацаандаа шилжихгүй байх нь тэдний өдөр тутмын амьдралд шууд нөлөөлөх эрсдэлтэй.
Боловсролын зээлийн сангийн зүгээс санхүүжилт саатсан тохиолдолд байрны төлбөрийн хоцрогдол, торгууль зэрэг үүссэн эсэх, ийм нөхцөлд оюутнуудад ямар дэмжлэг үзүүлдэг талаар тодорхой тайлбар өгөх шаардлага үүсэж байна.
-“Амьд үлдэх шоунд оролцоод байгаа юм уу гэмээр”-
Япон улсад суралцаж буй О.Мишээлтнаран мөн л тэтгэлгийн саатал, мэдээлэл авахад тулгардаг хүндрэлд бухимдаж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “Арай л дэндүү удаан тэсэж, тэвчиж байна. Бүхэл бүтэн Ерөнхийлөгчийн ивээл дор гэсэн тодорхойлолттой байж гадаад найзууддаа энэ асуудлын талаар асуухад нь хэлэхээс ичмээр санагдаж байна. Тэтгэлэг авч гадаадад сурч байгаа оюутнуудад тэтгэлэг олгогчийн зүгээс гол анхаарах зүйл нь сурч байх хугацаанд нь амарч, хичээлдээ бүрэн анхаарлаа төвлөрүүлэхэд туслах байтал улам хэцүү болгоод, бараг амьд үлдэх шоунд оролцоод байгаа юм уу гэмээр байна” хэмээв.
Мөн Боловсролын зээлийн сангийн ажилтнууд солигдох, шинэ ажилтан ажлаа аваад удаагүй байх зэрэг шалтгаанаар асуудал удааширдаг талаар оюутнуудад тайлбар өгдөг ч энэ нь тэдний хариуцлага биш гэдгийг тэрбээр онцоллоо.
“Улирал болгонд шалтаг тоочно. Тэгэх болгонд бид ‘за, ойлголоо’ гээд л дуугүй найдаад хүлээнэ. Зүгээр нэг хувийн байгууллага биш, улсын Боловсролын зээлийн сан гэдэг газрын ажилтан солигдоход араас нь томилогдох хүн юу хийхээ мэддэг, ажил цалгардах ёсгүй биз дээ” гэв.
Тэрбээр цаашид тус хөтөлбөрт хамрагдах гэж буй залууст гадаадад суралцах боломжийг зөвхөн энэ тэтгэлгээр хязгаарлахгүй, өөр боломжуудыг ч судлахыг зөвлөж байгаагаа илэрхийлсэн юм.
-БЗС: 487 суралцагчийн амьжиргааны зардлыг шилжүүлсэн-
Оюутнуудын ярьж буй нөхцөл байдлын талаар Боловсролын зээлийн сангаас тодруулахад, “Илгээлт-2100” хөтөлбөрийн суралцагчдын амьжиргааны зардал, дотуур байрны төлбөрийн санхүүжилтийг үе шаттайгаар шилжүүлж байгаа талаар мэдээлэв.
Тус сангийн мэдээлэлд 2026 оны аравдугаар сарын 15-ны өдөр 487 суралцагчийн амьжиргааны зардлын гүйлгээг хийсэн бөгөөд ирэх долоо хоногт 1,024 суралцагчийн санхүүжилтийг шилжүүлэхээр төлөвлөж байгааг дурджээ.
Харин Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга П.Зохихсүрэн санхүүжилт олгох ажил үргэлжилж байгаа бөгөөд сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр болон амьжиргааны зардлыг зохицуулж буйг тайлбарлав.
Тэрбээр “Хийгдээд л явж байгаа. Намрын хичээлийн жил эхэлснээс хойш зөвхөн амьжиргааны зардлаас гадна сургалтын төлбөр, байрны төлбөрийг төлж байна. Мөн төлбөр олгох гэрээг сунгахад суралцагчийн ар гэрээс итгэмжлэгдсэн иргэн ирж гэрээний сунгалт хийх шаардлагатай гэж заасан байдаг. Жил ирэх бүрд суралцагчдын тоо нэмэгдэж байгаа. Энэ тоо нэмэгдэх тусам ачаалал нэмэгдэнэ. Учир нь хүүхэд бүрд тулж гэрээ хийдэг” гэлээ.
Мөн үлдсэн суралцагчдын амьжиргааны зардал болох 440 ам.долларыг эрх нээгдмэгц шилжүүлэхээр ажиллаж байгаа талаар хэлсэн юм.
П.Зохихсүрэнгийн тайлбараар тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын сурлагын үзүүлэлт, ар гэрийн нөхцөл байдал, эрүүл мэнд болон хичээлдээ унасан зэрэг шалтгаантай холбоотойгоор зарим суралцагчийн асуудлыг тусад нь авч үздэг байна.
Гэхдээ санхүүжилтийг үе шаттай шилжүүлж байгаа гэх тайлбар нь оюутнуудын дэвшүүлсэн асуудлыг бүрэн тайлбарлаж чадахгүй хэвээр байна. Тухайлбал, санхүүжилт яагаад хичээлийн жилийн эхнээс саатсан, оюутан бүрийн мөнгө хэзээ дансанд нь орох, төлбөрийн хоцрогдлоос үүдсэн торгуулийг хэн хариуцах зэрэг асуултад тодорхой хариулт шаардлагатай.
-Тэтгэлгийн мөнгө хэзээ бүрэн олгогдох вэ-
Боловсролын зээлийн сан 2026 оны долоодугаар сард гадаадад суралцагчдын амьжиргааны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох санал авч байжээ. Тухайн үед зарим улсын дотуур байрны бодит төлбөр өмнөх хичээлийн жилд мөрдсөн хэмжээнээс давж, суралцагчдад төлбөрийн зөрүү үүсэх, байрны гэрээ цуцлагдах, алданги тооцогдох зэрэг хүндрэл гарсан талаар тус сан мэдээлсэн байна.
Энэ нь гадаадад суралцаж буй оюутнуудын байр, амьжиргааны зардалтай холбоотой асуудал өмнө нь ч хөндөгдөж байсныг харуулж байна. Гэхдээ тухайн үеийн зардлын хэмжээ шинэчлэх асуудал болон энэ удаагийн санхүүжилтийн саатал хоорондоо шууд холбоотой эсэхийг тусад нь тодруулах шаардлагатай.
“Илгээлт-2100” хөтөлбөр залуусыг гадаадад суралцуулах боломж олгож байгаа ч тэр боломжийг бодитоор эдлэхийн тулд санхүүжилт нь тогтмол, ойлгомжтой, урьдчилан төлөвлөх боломжтой байх учиртай. Амьжиргааны мөнгөө хүлээж буй оюутнуудын хувьд асуудал нь зөвхөн хэдэн төгрөг, хэдэн ам.долларын тухай биш. Энэ нь тэд хаана амьдрах, хэрхэн хооллох, байрны төлбөрөө төлөх, хичээлдээ төвлөрөх боломжтой эсэх тухай асуудал юм.
Боловсролын зээлийн сангаас энэ сарын 30-ныг дуустал хэрэглээний зардлын мөнгийг тарааж дуусахаа албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл БЗС-гийн амлалт хэр бодитойг хүлээх, оюутнууд санхүүжилт ортол дахин 10 хоног сургуулийнхаа ариун цэврийн өрөөг ашиглах хоёр асуудал үлдэж байна.


