Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗОДУУЛСАН СУРАГЧИЙН ААВ: Сурагчдаа зодоод байхад захирал нь ХАЛАХГҮЙ, арга хэмжээ авна гэж өмөөрч байна. Бид цагдаагийн байгууллагад хандана

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
4 минут 10 секунд

Дорнод аймгийн Халх гол сумын Ерөнхий боловсролын сургуулийн Хими, Физикийн багш А наймдугаар ангийн сурагчдыг "даалгавар хийгээгүй" гэх шалтгаанаар зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Уг бичлэгийг нийтэлсэн тус ангийн сурагчийн аав Б.Ганхуягтай холбогдож дараах мэдээллийг авлаа.

-Фэйсбүүкт таны байршуулсан бичлэгийг үзээд холбогдож байна. Та тухайн зодуулж буй хүүхдүүдийн нэгнийх нь аав уу?

-Үгүй ээ. Би тус ангид сурдаг нэг сурагчийн аав нь байгаа юм.

-Та бичлэгийг тус ангийн сурагчдаас авсан уу. Энэ багш ер нь сурагчдад гар хүрдэг хүн үү. Анх удаа юу?

-Сурагчдад гар хүрдэг юм шиг байна. Өмнө нь миний охиныг зодсон. Үсдээд, зөндөө олон удаа цохьсон байна лээ. Тэгээд ард нь сууж байсан хоёр хүүг зодож байхад нь ангийнх нь хүүхэд бичлэг хийсэн байсан. Би тэрийг нь фэйсбүүкт байршуулсан юм.

-Охиныг тань ямар шалтгаанаар зодсон юм бол?

-Даалгавраа хийгээгүй гэж зодсон гэсэн. Уг нь манай охин даалгавраа хийсэн гэсэн. Ганц удаагийнх юм болов уу, гэтэл үгүй юм байна. Өмнө нь ч гэсэн өөр хүүхдийг зодож байсан юм байна.

-Ангийнх нь хүүхдийг үү?

-Үгүй ээ. Долдугаар ангийн хүүхдийг зодож байсан юм билээ. "Аав, ээж чинь мал юм уу" гээд зодож байсан гэсэн. Ингэж болохгүй биз дээ.

-Энэ сургуульд хэр удаан багшилж байгаа юм бол?

-Хими, физикийн багш юм байна. Энэ сургуульд ирээд хэдхэн сар болж байгаа юм билээ.

-Өмнө нь хаана ажиллаж байсан юм бол. Та мэдсэн үү?

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Залуухан л багш байна лээ.

-Хүүхдүүд эцэг, эхээсээ илүүтэй багш, үеийнхнээсээ үлгэр жишээ авдаг. Гэтэл багш нь ингэж зодож дарамтлаад байвал бас ....

-Тэгэхгүй яах вэ. Багш хүн сурагчдадаа зөвөөр үлгэрлэгч байх ёстой байтал хүчирхийллийг зааж өгдөг байж болохгүй биз дээ. Манай охин зүрх муутай. Гэтэл тэр хоёр хүүг цохиж өшиглөж байгаа юу ч биш. Миний охиныг аймаар зодсон байна лээ.

-Та цагдаад гомдол гаргасан уу?

-Би маргааш өглөө мал руугаа явна. Эргэж ирээд гомдол гаргана. Багш хүн сурагчаа зодож болохгүй. Хүчирхийллээр үлгэрлэсэн байна. Би гомдол гаргана. Багшийнхаа үгэнд ордоггүй сурагч байгаа юу, байгаа. Гэлээ гээд зодно гэдэг бол байж болохгүй зүйл.

-Та нөгөө хоёр хүүгийн эцэг, эхтэй холбогдсон уу?

-Хэлсэн.Гомдолтой байна гэсэн.

-Та багштай нь уулзсан уу?

-Эцэг, эхчүүд уулзсан гэсэн. Тэгэхэд захирал нь өмөөрөөд "Халахгүй. Ирэх нэг дэх өдрөөс хариуцлага тооцно" гэж хэлсэн гэсэн. Үүнийг нь би сонсоод "Юу гэсэн үг юм бэ" гээд уурласан". Гомдол гарна. Иймэрхүү хүмүүсийг хаана ч багшлах эрхгүй болгох хэрэгтэй. Ахиад өөр хүүхдийг бас зодвол яах юм бэ.

-Охинтойгоо ярилцаж үзсэн үү. Юу гэж байна вэ?

-Тэр багшийг харахаас айж байна гэсэн. Зүрх муутай, жаахан амьтан шүү дээ.

-Айлын бага уу?

-Үгүй ээ. Доороо гурван дүүтэй.

-Дүү нарт нь иймэрхүү зүйл тохиолдож байсан юм болов уу?

-Үгүй. Огт ийм зүйл болж байгаагүй гэх мэдээллийг өглөө.

Ц.Элбэгдорж: Норовын Алтанхуягийг бас хамгаална. Түүнийг бүү хэлмэгдүүл
Ц.Элбэгдорж: Норовын Алтанхуягийг бас хамгаална. Түүнийг бүү хэлмэгдүүл
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц