Орхон, Дорнод, Увс, Улаанбаатарт сураггүй алга болсон дөрвөн эмэгтэй одоог хүртэл олдоогүй байна
.webp)
Дөрвөн эмэгтэй сураггүй алга болж, тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Тэдний зарим нь гэрээсээ гараад сураггүй болсон бол нэг нь малаа хайж яваад сураггүй алга болсон.
Тодруулбал, Орхон аймагт 35 настай О есдүгээр сарын 13-нд гэрээсээ гараад сураггүй болсон байна. Энэ талаар түүний ээж есдүгээр сарын 14-нд аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргажээ. Уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд иргэн О-г эрэн хайх ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Маш” гэх газарт малчин А өнгөрөгч аравдугаар сарын 15-ны өглөө 07:00 цагийн орчимд малаа хайж яваад сураггүй болжээ. 10 гаруй хоног эрэн хайсан ч олоогүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоосон.
Харин нийслэлийн Баянзүрх дүүрэгт 36 настай Ц.А аравдугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болжээ. Тэрбээр “Хүнтэй уулзана” гэж гарахдаа гар утас, түрийвчээ гэртээ үлдээсэн талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн байна. Одоогоор түүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Мөн Дорнод аймгийн Баяндун суманд 48 настай Ш аравдугаар сарын 3-нд сураггүй алга болжээ. Түүнийг 10 гаруй хоног эрэн хайгаад олоогүй тул ажиллагааг түр зогсоосон ч арав орчим хоногийн дараа өргөн бүрэлдэхүүнтэйгээр дахин эхлүүлсэн байна. Түүнчлэн түүний хамтран амьдрагчийг саатуулсан гэх мэдээлэл байгаа юм.



