Ерөнхий сайд албан тушаалын ДАХИН ХУВААРИЛАЛТ хийхээр бэлдэж байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 7 сек
00
315388be-5345-4155-bea1-8ce576daf9c7.webp

Өнгөрсөн бүтэн сар орчмын хугацаанд бид алаагүй баавгайн арьсыг арав хуваахын үлгэрээр Оюутолгойгоос орж ирээгүй ногдол ашгаа хэрхэн хуваах вэ гэж хэрэлдэж нэг, хэлэлцэж нэг үзэж байна. Харин энэ зуурт сайд дарга нарын өрөө хавиар хөл хөдөлгөөн ихсэв. Учир нь томилгоо тойрсон "дахин хуваарилалт" төрд эхлэх гэж байна. Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн хэд хэдэн үйл явдал ч үүнийг баттай гэгч нь нотлов.

Нэг. Хариуцлага тооцох нэрийн дор сул орон тоо бэлдэж эхлэв үү

Одоогоос бараг хоёр сар орчмын өмнө байнгын хорооны хуралдааны үеэр хууль бус түр орлон гүйцэтгэгч нар яам, агентлагийн түвшинд ажиллаж байгаа талаар мэдээллийг ТАЗ-өөс дурдаж байв. Гэвч тухайн үед хэн ч энэ талаар сонирхоогүй, тоогоо ч үгүй гэж хэлж болно. Гэтэл өнгөрөгч долоо хоногт Засгийн газар гэнэтхэн ТЕГ-ын дарга Б.Цогтнаран тэргүүтэй гурван албан тушаалтнаас гадна 113 албан тушаалтанд хариуцлага тооцох шийдвэрийг гаргав. Үүнд түр томилгоотой байгаа ТНБД, агентлагийн дарга болон төрийн албан хаагчид багтсан юм. Өнгөн дээрээ хууль бус томилгоог цэгцэлж, хариуцлага тооцож буй мэт. Гэвч хоёр сарын өмнө хөндөгдсөн асуудлаа Засгийн газар гэнэтхэн яаравчилсан нь “дахин хуваарилалт”-ын эхлэл байхыг үгүйсгэх аргагүй.

Хоёр. Засгийн газрын танхим дотор ч сэлгээ хийх хувилбар яригдаж эхлэв

Яам, агентлагийн түвшинд ингэж бэлддэг юм байж. Харин үргэлжлээд Засгийн газар дотор ч хөл хөдөлгөөн орох сураг гарч эхлэв. Өнгөрсөн хавраас хойш ЗГ-ын хэд хэдэн гишүүнд хариуцлагын асуудал яригдаж магадгүй байсны нэг нь Батлан хамгаалахын сайд Д.Батлут. Аль зургаадугаар сард л Ардчилсан нам Д.Батлутыг огцруулах шаардлагыг тавьж байсан. Харин есдүгээр сард Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой хүмүүстээ тооцоод явна гэх үгийг зүгээр ч нэг ам алдчихаагүй бололтой. Учир нь Батлан хамгаалахын сайдаар Ж.Энхбаярыг явуулж, түүний оронд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилох хувилбар ч яригдаад эхэллээ. Нэг ёсондоо ЗГ ч дотооддоо аль хэдийнэ хөл хөдөлгөөндөө бэлдэж, байж болох хувилбаруудаа ярьж эхэлсэн гэсэн үг.

Гурав. Өчигдөр хөөсөн АН-даа өнөөдөр хадаг барьж очих уу

Хамтарсан ЗГ-ын үед "хөөж" байсан Ардчилсан намдаа Н.Учрал дахин хадаг сүүтэй очих уу. Хэдийгээр энэ талаар аль ч тал нь ам нээгээгүй ч саарал ордон дотор ямар ч үндэслэлгүйгээр ийм "бор шувуу" тэр бүр нисээд байдаггүй. Мэдээж хөөгдөж гарсан хор шар нь арилаа ч үгүй байхад АН дахин хамтрах шийдвэрийг гаргана гэдэг юу л бол. Тэгээд бүр Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн байхад шүү.

Энэ бүх улс төрийн үйл явцаас харахад, Засгийн газар "дахин хуваарилалт" хийхээр зэхэж байгаа нь тодорхой байна.

tenx-hd