“Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас 105 жилийн ойд зориулан “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Чин ван Ханддоржийн өргөөнд өнөөдөр болсон уг хуралд МУИС, МУБИС, ХУИС хамтрагчаар оролцсон бөгөөд дэлхийн мэдээллийн орчинд сүүлийн жилүүдэд хүч түрэн орж ирсэн блокчэйн технологи болон хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлагыг хэрхэн мэдэрч үйл ажиллагаагаа уялдуулах, хиймэл оюуны эрин үе дэх мэдээллийн агентлагуудын шинэчлэл, баримтлах зарчим, нийтийн эх хэлний боловсролд зориулан харь үгийн хэрэглээний тухай асуудлуудыг хөндсөн юм.
Монгол Улсын албан ёсны мэдээллийн эх сурвалж хэмээн дотоодод төдийгүй гадаад ертөнцөд хүлээн зөвшөөрөгддөг “Монголыг дэлхийд, Дэлхийг Монголд” уриатай Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас тэгш ойн жилүүддээ Монгол Улсын сэтгүүлч, орчуулагчдыг бэлтгэдэг их, дээд сургуулиуд, эрдэмтэн судлаачидтай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирсэн уламжлалтай.
Эрдэм шинжилгээний хурлыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн дарга Х.Энх-Орших нээхдээ, “Орчин үеийн Монгол Улсын түүхийн шинэ хуудсыг нээсэн 1921 оны Ардын хувьсгалтай нас чацуу энэ байгууллага өнгөрсөн 105 жилийн хугацаанд “Монголыг Дэлхийд...Дэлхийг Монголд...” уриа дор эх орноо дотоод, гадаадад сурталчлах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг түүх гэрчилдэг. Өнөөдөр ч МОНЦАМЭ агентлаг мэдээлэл сурталчилгааны тэргүүн шугамд явж, Монгол Улсыг гадаадад сурталчлах гол цонхын үүргийг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар олон сонирхолтой сэдвийг хөндөнө. Бидний гол зорилго бол хэвлэл мэдээллийн салбарт гарч буй өөрчлөлт, шинэ технологийн боломжуудын тухай эрдэмтэн судлаачдын судалгааг хуваалцах юм. Манай агентлаг таван хэлээр мэдээлэл түгээдэг. Тиймээс дэлхийн агентлагуудын адилаар хиймэл оюуныг үйл ажиллагаандаа албан ёсоор нэвтрүүлж, зохистой ашиглах бодлого баримталж байна” гэв.
Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга бөгөөд Тамгын газрын дарга, доктор Т.Энхтуяа “МОНЦАМЭ агентлагийн түүхэн тойм, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр хэлэлцүүлсэн. Тэрбээр илтгэлдээ “Дэлхийн мэдээллийн ертөнцөд чухал үүрэг гүйцэтгэж, тухайн улсын мэдээллийн албан ёсны эх сурвалж болж байдаг нь мэдээллийн агентлагийн онцлог давуу тал. Өдгөө МОНЦАМЭ агентлаг бие даасан хэлбэрээр ажиллаж мэдээлэл цуглуулж, боловсруулж, түгээх үндсэн үйл ажиллагааг эрхэлж, монгол англи, орос, хятад, япон, солонгос хэл болон үндэсний монгол бичгээрээ цахим хуудас ажиллуулж, үндэсний монгол бичиг, англи, орос, хятад, япон хэлээр сонин гаргаж байна. Мөн англи хэлээр “Mongolia today” сэтгүүл, 2025 оноос МИАТ ТӨХК-ийн олон улсын нислэгт зориулсан “Blue sky” сэтгүүлийг улирал тутам монгол, англи хэлээр эрхлэн гаргаж байна. Түүнчлэн монгол, англи зэрэг таван хэлээр видео мэдээ мэдээлэл бэлтгэх, улс оронд болж буй үйл явдлыг гэрэл зургийн хальсанд буулгаж, Монгол Улсын гэрэл зургийн архивын санг баяжуулах, мэдээллийн төвдөө хэвлэлийн бага хурал зохион байгуулах, сонин, сэтгүүл, ном зэрэг бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр олон талт үйл ажиллагаа явуулж байна. Манай агентлагийн гол онцлог нь орон нутгийн сурвалжлагчдын сүлжээ буюу 21 аймагт албан ёсны орон тооны сурвалжлагчтай тул хөдөө орон нутгийн мэдээ, мэдээллийг өдөр бүр шуурхай хүлээн авчж байна. Бид 2022 оноос видео контентын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж өдөрт дунджаар 7-8, сард 204, жилдээ 2800 гаруй видео контент үйлдвэрлэн түгээж байна. Мөн хүний түүх, амьдралын замнал, амжилтыг онцлон өгүүлдэг “Монгол хэмнэл” буланг 2025 оны 12 дугаар сараас шинээр хөтөлж эхэлсэн нь олон нийтэд хүрсэн, олон уншигчтай контентын нэг болжээ. Цаашдаа 105 жил бүтээсэн туршлага, уламжлал, үнэт зүйл дээр тулгуурлан уран бүтээлийн чанар чансааг улам сайжруулж, нийгмийн мэдээллийн сүлжээ, хиймэл оюуныг байгууллагынхаа бүтээмжийг нэмэгдүүлэх, олон давтагддаг үйл ажиллагааг хялбарчлах, цаг хугацаа хэмнэх зорилгод ашиглах зэрэг олон шинэ зорилт дэвшүүлээд байна" хэмээн тэмдэглэсэн юм.
Энэ жилийн эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын тэргүүлэх их сургуулиудын эрдэмтэн судлаачдаас гадна хиймэл оюуны салбарт амжилттай ажиллаж буй БНХАУ-ын Синьхуа агентлагийн технологийн албаны дарга Чөн Пөн Бээжин хотоос ирж оролцлоо.
БНХАУ-ын “Синьхуа” агентлагийн технологийн албаны ерөнхий инженер, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Чөн Пөн илтгэлдээ, “Өнөөдөр хиймэл оюун нь шинжлэх ухаан, технологийн шинэ хувьсгал болон үйлдвэрлэлийн өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч болж, дэлхийн улс орнуудын бүхий л салбарыг гүнзгий өөрчилж байна. Ийм цаг үед бид “Хиймэл оюуны технологийн хөгжил ба эрсдэл” сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож байгаа нь цаг үеэ олсон, алсдаа ихээхэн ач холбогдолтой үйл явдал юм. “Синьхуа” агентлаг хиймэл оюуны технологийг мэдээ, мэдээлэл үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаанд нэвтрүүлэхдээ мөн адил “технологийг сайн сайхны төлөө ашиглах, алгоритмд үнэт зүйл шингээх” үзэл баримтлал, зарчмыг тууштай баримталж байна. Ялангуяа дүрс, визуал контент бүтээх технологи асар хурдацтай хөгжиж, хиймэл оюун энгийн хэрэгслээс бүтээгч болон хувирсан. Ухаалаг агентууд нь мэдээлэл, контентод хүрэх шинэ гарц болж байна. ChatGPT, Doubao зэрэг ухаалаг агентын өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 200 саяас давжээ. Өмнө нь видео сурвалжилга бэлтгэхэд мэргэжлийн байгууллага, баг хамт олон шаардлагатай байсан бол өнөөдөр ганц хүн эсвэл цөөн гишүүнтэй баг ч үүнийг хийх боломжтой болжээ. Үүний улмаас блоггер, контент бүтээгчид ихээхэн орон зайг эзлэх болж, мэдээллийн урсгалын төлөөх өрсөлдөөнд идэвхтэй оролцож, уламжлалт гол хэвлэл мэдээллийн байгууллагуудын түгээх нөлөө харьцангуй суларч болзошгүй байна. Синьхуа агентлаг МОНЦАМЭ болон бусад улс орны хэвлэл мэдээллийн салбарын мэргэжил нэгтнүүдтэй технологийн солилцоо хийх, туршлагаа хуваалцах, засаглалын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна. Хамтын засаглалаар дамжуулан хиймэл оюуныг сайн сайхны төлөө ашиглаж, мэдээллийг найдвартай өргөн хүрээнд түгээцгээе” хэмээн дурдав.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд:
- МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга бөгөөд Тамгын газрын дарга, доктор Т.Энхтуяа “МОНЦАМЭ агентлагийн түүхэн тойм, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”,
- МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн “Монгол Улс, Монголын сэтгүүл зүйн түүхэнд үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн гүйцэтгэсэн зарим үүргийг тодотгох нь”,
- МУИС-ийн ШУС-ийн захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ “Блокчэйн технологи сэтгүүл зүйн ирээдүй болох нь”
- БНХАУ-ын Синьхуа агентлагийн технологийн албаны ерөнхий инженер, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Чөн Пөн “Хиймэл оюуны эрин үе дэх мэдээллийн агентлагуудын шинэчлэл ба баримтлах зарчим”,
- МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор Б.Чинзориг, доктор, дэд профессор С.Амартүвшин нар “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хиймэл оюуны хэрэглээ, өнөөгийн байдал”,
- МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Мэндхүү “МОНЦАМЭ агентлагийн англи хэлээр түгээсэн мэдээлэлд хийсэн ажиглалт, судалгаа”,
- ХУИС-ийн багш, хэл шинжлэлийн магистр С.Хосбаяр, Ч.Ариунаа, Д.Гүндсамба нар “Мэдээллийн сайтын мэдээний бичвэр дэх харь үгийн хэрэглээний судалгаа” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.


