АЖ С.Жавхлантай хамтран дуулсан залуу уран бүтээлч Т.Баярхишигийн талаар СОНИРХОЦГООЁ

Ардын жүжигчин С.Жавхлан залуу уран бүтээлч Т.Баярхишигтэй хамтран "Гэрлэж амжаагүй явна" киноны дууг сэргээн дуулснаа өчигдөр цахим орчинд цацлаа. Тэдний дуу цацагдаад 24 цаг болоогүй хэдий ч олны анхааралд орж, хандалттай дуугаар шалгарч байна.
Мэдээж залуу уран бүтээлч бүхэнд АЖ-тэй хамтран дуулах боломж тэр бүр олдохгүй. Амар ч байхгүй биз. Харин Т.Баярхишиг ийнхүү хамтарснаараа олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хамтран дуулсан тэднийг цахим орчинд АЖ С.Жавхлангийн шинэ гэргий хэмээх сэтгэгдлүүд их байгаа ч багш шавийн харилцаатай болохоо Т.Баярхишиг нь цахим хуудастаа өнгөрсөн наймдугаар сард нийтэлж байжээ. Тодруулбал, энэхүү дууг хамтран дуулах саналаа Т.Баярхишиг өнгөрсөн наймдугаар сард АЖ С.Жавхланд өөрөө санал болгож байсан аж. Энэ тухай Т.Баярхишиг "Жавхаа ахтайгаа нэг сайхан дууг хамтраад дуулах саналыг давхар уламжиллаа. Монгол түмний уухайн түрлэг мэднэ ээ гэж байна шүү !!!!
Хамтын уран бүтээлээ хийчихмээр л байна. Намайг дэмжээд Жавхаа ахад хүртэл нь Лайк, шэйр таг, хийгээд , comment үлдээгээд уухайлаад өгөөрэй найзуудаа" хэмээн цахим хуудастаа нийтэлж байсан нь өдгөө биелэлээ олж, хамтын уран бүтээл нь цацагдаад байна.
Т.Баярхишигийн хувьд 2024 онд МУГЖ Д.Энхзулын дуулсан "Хүлээсэн учрал" дууг зөвшөөрөлгүй дуулсан хэмээн олны анхааралд өртөж байсан. Учир нь уг дууг дуулсны дараа гавьяат Энхзул "Миний дууг дуулах зоригтой хүн байхгүй. Тоглолтыг нь очиж самарна" хэмээн цахим хуудастаа нийтэлж байв.
Гэхдээ тэр асуудал тэрүүхэн тэндээ тэгсхийгээд намжсан.
Залуу дуучин Т.Баярхишигийн хувьд СУИС-ийг уртын дууны мэргэжлээр 2018 онд төгссөн бөгөөд анхны бие даасан "Хэрвээ би" тоглолтоо 2024 оны нэгдүгээр сарын 25-нд хийж байжээ. Баярхишиг нь Монгол аялгуу ардын дуу, богинын дуунд илүү дуртай учраас энэ төрөл, чиглэлийг сонгосон гэдэг.
Баярхишиг нь Адуучин, Гэргий чинь болъё, Ганган хул, Хэрвээ би, Зүрхний хайрт, Анхны хайр, Цэцэг шиг хайр, Зүрхний санаашрал зэрэг ардын болон зохиолын дууг орчин үеийн болон этник хэв маягаар дуулж, олон нийтийн хүртээл болгодог юм.

.webp)
