Богд ууланд гарсан түймрийг бүрэн унтраажээ
.webp)
Өчигдөр буюу 2026.10.21-ний өдрийн 19:50 цагт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын амны хойно гал түймэр гарч байна гэсэн дуудлага НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж 20.35 цагт тархалтыг зогсоосон байна.
Гал түймрийг 10 дугаар сарын 22-ны өдрийн 04:40 цагт бүрэн унтрааж, Богдхан Уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгчээ. Гал түймрийг унтраах ажиллагаанд Хан-Уул дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиас дэмжлэг үзүүлэн, түймрийн голомтод ажилласан алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилсан үзлэг хийж, хүнсээр хангаж ажилласан аж.
Гал түймэр унтраах ажиллагаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, нийслэлийн Байгаль орчны газрын нийт 35 алба хаагч, 7 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.


