Alibaba Cloud, Dell, Microsoft, Fortinet зэрэг дэлхийн технологийн компаниуд “IT WORLD ’26”-д оролцоно
.webp)
Дэлхийн технологийн компаниуд болон Монголын үндэсний технологи хөгжүүлэгчид нэг дор цуглаж, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, дижитал шилжилт болон салбарын хөгжлийн ирээдүйг хэлэлцэнэ.
Дэлхийн технологийн салбарын тэргүүлэгч компаниуд болон Монголын үндэсний технологи хөгжүүлэгчдийг нэг дор цуглуулах “IT WORLD ’26” олон улсын форум, экспо нь 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын “Шангри-Ла” зочид буудлын Их танхимд зохион байгуулагдана.
Мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь Монголын мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэхийн зэрэгцээ дэлхийн технологийн шинэ шийдэл, инновацыг дотоодын зах зээлтэй холбож, компаниудын хамтын ажиллагаа, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх зорилготой.
ALIBABA CLOUD-ийн олон улсын илтгэгч хиймэл оюуны шинэ үеийн шийдлүүдийг танилцуулна
“IT WORLD ’26”-ын олон улсын үндсэн илтгэгчээр Alibaba Cloud компанийн төлөөлөгч Сукисс Чен (Sukiss Chen) оролцож, “Агент суурьтай хиймэл оюуны эринд зориулсан дараагийн үеийн цогц технологийн шийдэл” сэдвээр илтгэл тавина.
Сукисс Чен нь Alibaba Cloud компанийн Еврази, Ойрхи Дорнод, Турк, Африкийн бүсийн стратегийн харилцагчдыг хариуцсан удирдах албан тушаалтан бөгөөд хиймэл оюун, үүлэн технологийн зах зээл дэх бизнесийн өсөлт, стратегийн түншлэл, байгууллагуудын дижитал шилжилтийг дэмжих чиглэлээр ажилладаг.
Alibaba Cloud нь үүлэн тооцоолол, их өгөгдлийн шинжилгээ, кибер аюулгүй байдал болон хиймэл оюуны шийдлүүдийг хөгжүүлдэг. Тус компанийн QWEN хиймэл оюуны загварууд нь хэл боловсруулалт, мэдээлэлд дүн шинжилгээг хийх, программын кодыг бичих, зураг, дуу, дүрстэй ажиллах зэрэг олон төрлийн боломжийг санал болгодог.
Мөн эдгээр технологийг ашиглан тодорхой зорилго дэвшүүлж, ажлаа төлөвлөн, олон үе шаттай даалгаврыг бие даан гүйцэтгэх чадвартай хиймэл оюуны агентуудыг хөгжүүлэх боломжтой. Илтгэлээр хиймэл оюун зөвхөн асуултад хариулдаг хэрэгсэл байхаас цааш хөгжиж, байгууллагын үйл ажиллагаа, бүтээмж, шийдвэр гаргалт болон дижитал шилжилтэд хэрхэн шинэ боломжийг нээж буйг танилцуулах юм.
Дэлхийн болон үндэсний технологийн компаниуд шийдэл, туршлагаа танилцуулна
Олон улсын оролцогчдын хүрээнд DELL, MICROSOFT, FORTINET зэрэг дэлхийн технологийн компаниуд нь нэгдэж байна. Тэдгээрийн оролцоогоор хиймэл оюун, мэдээллийн технологийн дэд бүтэц, кибер аюулгүй байдал, бизнесийн дижитал шилжилтийн чиглэлээрх технологийн шийдэл, олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлагыг танилцуулахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Монголын мэдээллийн технологийн салбарын туршлагатай компаниуд, үндэсний шийдэл хөгжүүлэгчид болон инновацад суурилсан шинэ үеийн бизнесүүд нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийн шийдэл, бодит хэрэглээнд нэвтрүүлсэн туршлагаа танилцуулна.
Тухайлбал, МОГУЛ ГРУПП, ИНТЕРАКТИВ, АСТВИШН, ГЭРЭГЭ СИСТЕМС, IT ZONE, САММИТ КОМПЬЮТЕР ТЕХНОЛОГИ, ТОПИКА, CALLPRO, NEXMIND, TENDERHUB, SMARTLOGIC, ABLE, CHIMPO болон бусад технологийн компаниуд оролцохоор төлөвлөж байна.
Олон улсын компаниудын технологи, туршлагыг Монголын үндэсний хөгжүүлэгчдийн шийдэл, чадавхтай нэг талбарт холбосноор салбарын оролцогчид нь харилцан туршлага солилцох, шинэ бизнесийн түншлэлийг бий болгох, технологийн шийдлүүдийг бодит хэрэгцээтэй холбох боломж бүрдэнэ.
ФОРУМ БА ЭКСПО: Бодлогын хэлэлцүүлгээс бодит технологийн шийдэл хүртэл
“IT WORLD ’26” нь FORUM болон EXPO гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ.
Форумын хүрээнд Монголын мэдээллийн технологийн салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, төр, хувийн хэвшлийн түншлэл, хиймэл оюун, кибер аюулгүй байдал болон дэлхийн технологийн чиг хандлагын талаар хэлэлцэнэ. Энэ нь салбарын тулгамдсан асуудлыг хөндөж, хөгжлийн боломж, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чиглэнэ.
Харин экспогийн үеэр дотоод, гадаадын технологийн компаниуд нь шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлүүдээ танилцуулж, бодит хэрэглээнд нэвтрүүлсэн технологийн боломж, үр дүнг олон нийтэд хүргэнэ. Ингэснээр оролцогчид нь технологийн шинэ чиг хандлагын талаар мэдээлэл авахаас гадна тэдгээрийг бизнес, байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж болохыг бодитоор танин мэдэх боломжтой.
Мэдээллийн технологийн салбарын нэгдсэн холбоог байгуулах санаачилгыг зарлана
“IT WORLD ’26”-ын онцлох үйл явдлын нэг нь Монголын мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн холбоод нь “Мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгуулах санаачилгаа албан ёсоор зарлах явдал юм.
Технологийн хөгжил хурдасч, салбарын өмнө шинэ боломж, сорилтууд бий болж буй энэ үед хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын уялдаа холбоог бэхжүүлж, салбарын нийтлэг эрх ашиг, хөгжлийн асуудлаар нэгдсэн байр суурь, дуу хоолойгоо илэрхийлэх нь чухал болж байна.
Энэхүү санаачилга нь салбарын оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хувийн хэвшлийн манлайллыг бэхжүүлэх, төр, бизнес, хэрэглэгчийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чиглэж байна.
Монголын технологийн салбарыг дэлхийтэй холбох нэгдсэн платформ
“IT WORLD ’26” нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах зорилготой бөгөөд зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй. Харин салбарын бодлого, технологийн шинэчлэл, үндэсний компаниудын чадавх, олон улсын хамтын ажиллагааг нэгтгэсэн платформ болон хөгжих зорилготой юм.
Дэлхийн технологийн чиг хандлагыг Монголын зах зээлтэй холбохын зэрэгцээ үндэсний технологийн компаниудын бүтээгдэхүүн, шийдлийг таниулах, шинэ түншлэл бий болгох, салбарын цаашдын хөгжлийн чиглэлийг хэлэлцэхэд “IT WORLD ’26” арга хэмжээ нь чухал боломж бүрдүүлнэ.
“IT WORLD ’26” арга хэмжээ нь мэдээллийн технологийн салбарын 2027 оны хөгжлийн зорилт, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно
“IT WORLD ’26” арга хэмжээний хүрээнд мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн холбоодыг нэгтгэсэн нэгдсэн холбоог байгуулах санаачилгыг дэвшүүлж, 2027 онд хэрэгжүүлэх салбарын хөгжлийн тэргүүлэх зорилт, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлно. Үүнд салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг бодитой хангах замаар бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бодит ажил хэрэг болгох асуудлыг тэргүүлэх чиглэл болгон авч үзнэ. Үүний тулд салбар хариуцсан төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, салбарын тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлох, шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэх ил тод, тогтвортой, үр дүнтэй механизмыг бүрдүүлэхэд чиглэн ажиллах болно.
Арга хэмжээний мэдээлэл:
Хэзээ: 2026 оны 10 дугаар сарын 28
Хаана: “Шангри-Ла” Улаанбаатар зочид буудлын Их танхим
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.itworldmongolia.mn
Форумын тасалбар: https://www.nerus.tv/e/it-world-2026


