С.Наранцогт: Төв банкны алдагдлыг ЗГ-ын бонд гаргаж шийдвэрлэх нь олон улсын практик

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтоос төв банкны алдагдал болон "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөл"-д тусгагдсан зарим зорилтын талаар тодрууллаа.
-Монголбанкны алдагдал 6.9 их наядад хүрч, хөрөнгийн алдагдал 4.8 их наяд байна гэх мэдээлэл бий. Энэ асуудалд мэдээлэл өгөхгүй юу. Жил болгон 1.5 наядаар бууруулах агуулга бүхий хуулийн төслийг өргөн барьсан юм билээ. Гэхдээ Сангийн сайд үүнд шүүмжлэлтэй хандаж байна лээ?
-Төсвийн алдагдлыг 1.5 их наядаар тэлэхээс гадна төсөв дээр нэлээдгүй ачаалал ирэх гэж байна гэх мэдээлэл ойлголтыг техникийн түвшинд өгснөөс үүдэж Сангийн сайд жаахан бухимдсан байна. Ер нь энэ асуудлыг Засгийн газрын бонд гаргаж шийдвэрлэдэг нь олон улсын практик. ОУВС-гаас өгдөг зөвлөмж нь энэ. 2023, 2026 оны наймдугаар сард тухайн зөвлөмжийг давтан өгсөн. Үүнийг төсвийн алдагдал үүсгэхгүйгээр бүртгэлийн аргаар шийдэх боломжтой. Маш их эрсдэлтэй байна гэж үзвэл эрх зүйн хувьд томъёоллоо тодотгоод шийдвэрлэх боломжтой. Энэ асуудлыг шийдэхгүй бол инфляцад ил биш далд байдлаар нөлөөлөхөөс гадна мөнгөний бодлогын орон зайг хумих зэрэг сөрөг үр дагаврыг бий болгодог. Манай зүгээс төсвийн ачаалал бага байхаар тооцоолол нь хийгдсэн. Ерөнхий шийдвэр гарвал Сангийн яам техникийн түвшинд маш нарийвчилж хийх шаардлагатай болно. Тодорхой арга хэмжээ авахгүйгээр инфляц хэт өсвөл тухайн үед инфляцаар төлөгдөх урсгал зардал нь 2-3 дахин өндөр байх эрсдэл бий. Тиймээс энэ бол инфляцыг өсгөж ард иргэдийн амьдралыг муутгахгүй, нөгөө талдаа төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүй л гэсэн арга хэмжээ. Түүнээс биш зөвхөн Төв банкны балансыг сайжруулах арга хэмжээ биш. Улс орныхоо макро эдийн засгийн тэнцвэрийг зөв хадгалах гэсэн арга хэмжээ. Сангийн яам, ЗГ, Монголбанканд ч тэр нийт ард иргэд, ААН-д л хэрэгтэй шийдлийн тухай яриад байгаа юм.
-7 их наядын алдагдлын бүтцийг юу, юу бүрдүүлж байгаа юм бэ. Хүүгийн татаас 76 хувийг эзэлж байна гэдэг зүйлийг яриад байна шүү дээ?
-2012 оноос эхэлсэн төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.7 их наяд төгрөгийг авсан байгаа. Цэвэр дүнгээрээ 5.4 их наяд төгрөг болж байна. Энэ болоод мөчлөг дагасан экспортын орлогоос улбаатайгаар эдийн засаг дээр илүүдэл нөөц үүссэн. Үнэт цаасаар урт хугацааны илүүдлийг татаж аваад байгаа нь өөрөө Төвбанканд төлөгдөх хүүгийн зардлыг нэмэгдүүлж байна. Тэгэхээр Төвбанкнаас төлөгдөж байгаа хүүгийн талаас илүү хувь нь үнэт цаасны хүүд төлөгдөж байна.
-Инфляц тал дээр та юу хэлэх вэ. Энэ намартаа буугаад нэг оронтой тоо руу орох боломжтой гэж ярьж байсан шүү дээ?
-Өнгөрсөн 15 жилийн хугацаанд инфляц зорилтот түвшиндээ тавхан удаа орсон. 2021 оноос эхлэн зорилтот түвшнээсээ зөрдөг зөрүү нь томорсон. Энэ нь суурь асуудлуудаа шийдэхгүй бол Төвбанк мөнгөний бодлогоор эдгээрийг удирдахад хязгаарлагдмал болж байгааг харуулж байна. Тиймээс төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн 17 арга хэмжээ нь инфляцыг ил далдаар бүрдүүлж байгаа зургаан сувгийг хаах реформын арга хэмжээ юм. Бүгд хоорондоо уялдаа холбоотой. Эдгээр арга хэмжээ хэрэгжвэл дунд хугацаандаа инфляц зорилтот түвшиндээ хүрч, цаашид ийм асуудлууд бий болохгүй. Ингэж байж бидний ярьдаг зээлийн хүү зэрэг бүх зүйл тогтворжих учиртай юм.
-Валютын ханш яагаад өсөөд байна вэ. Угтаа бол валютын нөөц түүхэндээ хамгийн дээд түвшинд хүрлээ гэдэг мэдээллийг танайхаас өгч байгаа шүү дээ?
-Валютын ханш харьцангуй тогтвортой байгаа. Нөгөө талдаа гадаад нөхцөл байдал бидэнд дарамт бий болгож байгаа. Гэхдээ энэ жилийн хувьд валютын ханш өнгөрсөн онуудтай харьцуулахад маш бага түвшинд байна. Өмнө хэлсэнчлэн, өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар 212 төгрөгөөр суларсан байсан бол энэ жил 1-2 төгрөг хүрээгүй хэмжээнд байгаа шүү дээ. Тэгэхээр албан ханшийн хувьд тийм ч өндөр өөрчлөлт орж ирээгүй. Бид долоо хоног бүрийн валютын албан ханшийнхаа тохируулгыг хийж ажиллаж байна.
-Тэтгэврийн зээлийг тэглэхэд зарцуулагдсан мөнгө тухайн уурхайгаас биш Монголбанкнаас гарсан гэх мэдээллийг зарим гишүүд хөндөж байна шүү дээ?
-Тийм ээ. "Эрдэнэс Монгол"-ын 870 тэрбум, ЗГ Монголбанк хооронд үүссэн өр төлбөрийн асуудал нийлээд 1.5 их наяд төгрөг орчим байгаа. Энэ дээр хоорондын тооцоо хийгдэж, ЗГ-ын бонд гаргах тухай асуудал давхар хөндөгдөх ёстой.
-Цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцад хэрхэн нөлөөлөх вэ. Энэ талаар танайхаас хийсэн тооцоолол юу байгаа вэ?
-Ерөнхий агуулгаараа, төсвийн зардал нэмэгдэхээр нийт эрэлтийг нэмэгдүүлнэ гэдэг. Нөгөө талдаа төсвийн эх үүсвэр нь юу вэ гэдгээс шалтгаалж тодорхой нөлөөлөл орж ирдэг. Тэгэхээр үүнээс хамаараад тоо нь 0.5-1 хувь гэдэг ч юм уу янз бүрээр яригддаг. Яг тодорхой тоо хэлэх боломжгүй. Энэ ямар сувгийн нөлөөлөл, яаж үүсэж байгаагаас л шалтгаална.



