мөам
Халуухан хавар "халуухан намар"-аар үргэлжилж эхэлснийг төсөв дунд "нуугдсан" 3.5 тэрбумын асуудал мэдэгдлээ. Хоёрхон өдрийн дотор ч гэлээ Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд төсөв хуваарилахаар тусгасан гэх энэ асуудал аль хэдийнэ өндрийг аваад байна. Учир нь энэ "хэрүүлийн алим" ямар хэмжээнд хүрснийг Ерөнхий сайд өөрийн биеэр Авлигатай тэмцэх газрын босгыг давснаас харж болохоор. Гэхдээ энд нэг зүйл анхаарал татаж буй нь, олон нийтийн анхаарал “3.5 тэрбумыг хэн төсөвт суулгав, ашиг сонирхлын зөрчил үүсчхэж байгаа юм биш үү” гэдэгт төвлөрч байхад Ерөнхий сайдын хариултын гол түлхүүр үг нь “улстөржилт” байв. Ямар сайндаа тэрбээр "Төсвийг харлуулах гэсэн оролдлогыг зүгээр хараад суухгүй. Хэн нэгний өгсөн excel файлыг сэвээд байх шаардлагагүй" гэх эзэн хаяг нь тодорхойгүй үгийг мэдэгдэл дундаа хавчуулж харагдана лээ. Тэгвэл Ерөнхий сайдын энэ үг хэнд хаяглагдсан бэ гэдэг асуудал урган гарна.
САЙД НАРЫН "МАРАФОН" ЕРӨНХИЙ САЙДАА УЛАМ МУУХАЙ ХАРАГДУУЛАВ
Өнгөрөгч хоёр өдрийн турш энэ асуудал дээр хэн үнэн хэлж байгааг хэлэхэд хэцүү байлаа. Учир нь бүхэл бүтэн салбар яамных нь Төрийн нарийн бичгийн даргын амнаас гарсан үгнийх нь "шүлс" ч хатаагүй байхад Сангийн сайд нь гарч ирээд үгүйсгэж байх жишээтэй. Үгүйсгэх үгүйсгэхдээ "Тэр нөхөр ямар зорилгоор төсвийн тодотголд байхгүй зүйлийг яриад байгааг мэдэхгүй байна" гэж үг хаясан нь бүр ч сонирхолтой. Үүнтэй залгуулаад гадаадад томилолттой яваа Боловсролын сайд нь яаран сандран гарч ирж, Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэг хүсэлт гаргаагүйг хариуцлагатай хэлье" гэж мэдэгдэв. Ийнхүү Ерөнхий сайдаа "хамгаалах" гэсэн сайд нарын марафон өөрсдийг нь, ЗГ-ыг нь бүр ч муухай харагдууллаа. Угтаа бол үнэхээр л ашиг сонирхлын зөрчил бий болохоор зүйл байхгүй бол тоо харуулж яриад, хуулийн байгууллагын үр дүнгээ мэдэгдчихэд л боох зүйл шүү дээ.
ЕРӨНХИЙ САЙДЫН ҮГ ЗГ ДОТОРХ "СӨРӨГ ХҮЧИН" РҮҮ ЧИГЛЭСЭН ҮҮ
Нөгөө талдаа Ерөнхий сайдын АТГ-ын гадаа хийсэн мэдэгдлээс анхаарал татах нэг өнцөг нь, кабинет дотроос өөрийнх нь эсрэг ажилласан уу гэх асуудал. Түүний хувьд "Алба хаагч нар ажлын төлөвлөгөө ч юм уу хаанаас гарсан нь мэдэгдэхгүй файлыг явуулж, миний нэр хүндэд халдлаа" гэх асуудлыг хөндсөн. Тэгвэл үнэхээр л эл асуудалд улс төр орсон бол хэргийн эзэн нь хэн бэ. Магадгүй Н.Учрал энэ үгээ нам доторх бүр цаашилбал Засгийн газар доторх "сөрөг хүчин" рүүгээ хандуулсан уу гэдэг сонирхолтой. Учир нь Засгийн газарт МАН-ын "30"-ын талаас орж ажиллаж буй нэр бүхий сайд нар бий. Үүнд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайхан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбат, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар багтана. Үүн дээр нэмэгдээд болсон, болоогүй үг дуугарсан сайд нараа ч хэлж байх магадлалтай.
ГЭР БҮЛТЭЙ НЬ ХОЛБООТОЙ АСУУДЛААР УНАСАН ХОЁР ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БОЛОХ УУ
Нэг жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан Л.Оюун-Эрдэнэ гэр бүлтэй нь холбоотой үүссэн асуудлаас болж, огцорч байв. Харин Н.Учрал Ерөнхий сайдын гэр бүлтэй холбоотой асуудал өндрийг авч, үнэхээр ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн нь ил болвол магадгүй бүх талын сөрөг хүчин үүн дээр нь тоглолт хийх нь дамжиггүй. Улмаар гэр бүлтэй холбоотой асуудлаасаа болж унасан хоёр дахь Ерөнхий сайд болох өрнөл ч үргэлжилж болох юм. Ямартай ч нөхцөл байдал хоног өдрөөр ч биш цаг минутаар өөрчлөгдөж байгаа энэ нөхцөлд бид улс төрийн өрнөлийг чих тавин харах үлдлээ...



