Баян-Өлгий аймгийн удирдлагуудын хахууль авсан, бусдад давуу байдал үүсгэсэн хэргийг прокурорт хүргүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Баян-Өлгий аймгийн Сагсай сумын удирдах албан тушаалтан С.А, Өлгий сумын удирдах албан тушаалтан Б.Т, Цэнгэл сумын удирдах албан тушаалтан Ж.А, Алтай сумын удирдах албан тушаалтан Х.С, нийтийн албан тушаалтан Х.Х, А.З нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад энэ сарын 21-нд хүргүүллээ.
Тодруулбал, С.А нь иргэнийг ажилд томилох албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаас хахууль авсан гэх, Б.Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж байгууллагад хохирол учруулсан гэх,
-Ж.А нь бусдад давуу байдал бий болгосноор байгууллагад 51,4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх,
-Х.С, Х.Х нар нь байгууллагын төсвөөс удаа дараагийн үйлдлээр өөртөө болон хамаарал бүхий этгээдүүдийн дансаар их хэмжээний мөнгө шилжүүлж авсан гэх,
-А.З нь хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ явуулах үедээ эрүүгийн хэрэгт холбогдогчоос хахууль авсан гэх зэрэг үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.


