Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт 90 хүрэн баавгай үзэгджээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар болон ойр орчмын бүсэд энэ оны аравдугаар сарын 30-ны байдлаар нийт 64 удаагийн ажиглалтаар 90 хүрэн баавгай бүртгэгджээ.
Үүнээс долоон бамбарууш, нэг шүдлэн баавгайг хамгаалалтын захиргаанд хүргэж, түр хугацаанд асран хамгаалан тэнхрүүлсний дараа байгальд нь буцаан тавьсан байна.
Үүнтэй холбогдуулан БОУАӨЯ-наас баавгайн бүртгэгдсэн байршил орчимд амьдардаг нутгийн иргэд, малчин өрхүүд болон ойн цэвэрлэгээний ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад сонор сэрэмжтэй байж, өөрсдийн болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.
Иргэд хүрэн баавгайтай холбоотой ажиглалт, мэдээллийг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 99777844 дугаарын утсаар өгөх боломжтой.


