Г.Отгонтуяа: 16-хан настай бяцхан охины минь амь насыг харамсалтайгаар хөнөөсөн тэр хар өдөр миний зүрх сэтгэл, амьдралыг дахин хэзээ ч нэгэн цул болж нэгдэхээргүй хоёр хэсэгт хуваасан

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин
10
IMG_4615.webp

Өчигдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал болж, 16 настай охиныг хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн талаар шийдвэрээ танилцуулсан. Тодруулбал, Ц.Дагвадоржид оноосон бүх насаар хорих ял, Э.Ган-Эрдэнийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон.

Өөрөөр хэлбэл, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг анхан шатнаас дахин хэлэлцэхээр болсон юм.

Тэгвэл хохирогч охины ээж Г.Отгонтуяа цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

“Арван зургаахан настай эрх танхил, бяцхан охины минь амь насыг харамсалтайгаар хөнөөсөн тэр хар өдөр миний зүрх сэтгэл болон амьдралыг минь өмнө нь ба хойно гэсэн дахин хэзээ ч нэгэн цул болж нэгдэхээргүй хоёр хэсэгт хуваасан билээ.

Шат шатны шүүх хуралдаан болгоны дараа би уйлсан, унасан, шантарсан, бас айсан. Би өөрийн амь насны төлөө айгаагүй ээ. Эдгээр алуурчид зохих ялаа авахаас өмнө, ШУДАРГА ЁС тогтохоос өмнө би уначих вий дээ гэхээс АЙСАН.

Харин Давж заалдах шатны шүүх хуралдааны дараа би ганцаараа биш юм байна гэдгээ мэдэрсэн. Тэр үед энэ урт, хүнд хэцүү замд бид ганцаараа биш, бидэнтэй хамт сэтгэл зүрхээрээ нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэн, шударга шүүх, шударга ёс тогтохын төлөө залбирч, итгэл найдвар хайрлаж ирсэн. Монголын ард түмэн миний ард байгаа юм байна гэдгийг мэдэрсэн.

Монголын ард түмэн бидний зовлонг ойлгож, бидний дуу хоолойг сонсож, энэ ГЭМТ ХЭРЭГ ганцхан бидний гэр бүлийн асуудал бус, нийгмийн шударга ёсны асуудал хэмээн хүн бүр хүлээн авч дэмжсэн. Энэ нь надад асар их УРАМ, ХҮЧ хайрласан. Би их ЗҮЙЛ ойлгосон.

Би ТЭМЦЭХ ёстой юм байна гэдгээ ойлгосон. Би ардаа байгаа тэр их ДЭМЖЛЭГ, ЗАЛБИРЛЫН ХҮЧИНД би боссон. Би энэ ДАЙНД өөрийгөө чимээгүйхэн бэлдсэн.

Энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийдээсэй гэж өдөр бүр залбирч, намайг зоригжуулж, сэтгэлийн дэм өгч байсан, Монголынхоо сая сая ард түмний минь итгэл сэтгэл, дуу хоолой энэ хүнд давааг даван туулах хамгийн том хүч байлаа.

ШУДАРГА ЁС гэж үнэхээр байдаг юм байна. ҮНЭН гэдэг хэзээд ЯЛДАГ юм байна.

Улсын Дээд Шүүх хяналтын шатны хуралдаанаар өмнөх шатны шүүхийн алдаатай, үндэслэлгүй шийдвэр, магадлалуудыг хүчингүй болгож, хуулийн дагуу зөв шийдвэр гаргалаа.

Надтай сэтгэлээрээ, дуу хоолойгоороо, залбирал бүхнээрээ хамт байсан та бүхнийхээ ач тусыг би хэзээ ч мартахгүй.

Шударга ёсны төлөөх бидний хамтын сэтгэл Монгол эх оронд манай гэрэл болон бадарсаар байх болтугай” гэжээ.