Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай

Монголын СТЕМ Боловсролын Академи ХХК нь сургуулийн өмнөх наснаас эхлэн 12-р ангийн сурагчдад робот, кодчилол, инженерчлэлийн боловсрол олгож, хүүхэд бүрийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн ажилладаг. Тус академи нь олон улсын «ENJOY AI» робот болон хиймэл оюун ухааны тэмцээнийг эх орондоо албан ёсоор зохион байгуулж байгаа бөгөөд 2026 оны Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар захирал Б.Мөнхсайхантай ярилцсаныг та бүхэндээ хүргэж байна.
-«Enjoy AI» олон улсын тэмцээнтэй Монголын СТЕМ Боловсролын Академи хэзээнээс холбогдож, Монголдоо зохион байгуулж эхэлсэн бэ?
-Манай академи 2024 оноос хойш «Enjoy AI» олон улсын тэмцээнд баг тамирчдаа бэлтгэн өөрсдөө идэвхтэй оролцож эхэлсэн. Англи, Хятад зэрэг дэлхийн 50 гаруй орны 1 сая гаруй хүүхэд оролцдог энэхүү нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхийг 2025 онд авч, анхны жилдээ зохион байгуулсан. Энэ жилийн тэмцээн маань цар хүрээгээ улам тэлж, 11 дүгээр сарын 3-ны өдөр UG EXPO-д зохион байгуулагдах гэж байна.
-Энэ жилийн «Enjoy AI Mongoloa 2026» Улсын аварга шалгаруулах тэмцээний ач холбогдол нь юу вэ?
-Энэхүү тэмцээн нь товчхоноор тодорхойлбол хүүхдүүдийн инженер сэтгэлгээг багаас нь хөгжүүлж, дэлхийн хэмжээний чадварлаг инженерүүдийг бэлтгэх түүхэн үйл явдлын эхлэл гэж хэлж болно. Олон улсад 4-өөс 22 насныхан оролцдог бол манай улсын хувьд энэ жил 4-өөс 18 насны сурагчдын дунд тэмцээнээ зохион байгуулж байна. Ялангуяа энэ жилийн онцлог нь цэцэрлэгийн насны буюу 4-5 настай бяцхан багачууд оролцох боломжтой болсон нь тэдэнд бага наснаас нь логик болон инженер сэтгэлгээний суурийг зөв тавьж өгч байгаагаараа нэлээн давуу талтай.
-Тэмцээн нийт хэдэн төрлөөр явагдах вэ?
-Энэ жилийн тэмцээн үндсэн 4 өөр төрлөөр явагдана. Насны ангилал бүрд тохирсон робот угсрах, кодчилох болон даалгавар биелүүлэх сорилуудтай. Цэцэрлэгийн багачуудаас эхлээд ахлах ангийнхан хүртэл өөрсдийн роботыг программчилж, даалгаврыг богино хугацаанд, алдаагүй биелүүлэхээр инженерчлэлийн болон алгоритм сэтгэлгээгээрээ өрсөлддөг юм.
-Монгол сурагчид олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан туршлагаас хуваалцвал?
-Бид 2024 оноос хойш олон улсын болон Дэлхийн аваргын тэмцээнүүдэд тасралтгүй хүч сорьж ирсэн. Дэлхийн технологиор тэргүүлэгч гүрнүүдийн хүүхдүүдтэй олон удаа өрсөлдөхдөө баг тамирчид маань хэд хэдэн удаа шагналт байр, медаль, цомт хүртэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөөд байна. Манай хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсын түвшинд бүрэн өрсөлдөх чадвартай гэдгийг бид бэлхнээ харж байгаа. Хэдэн жишээ дурдвал:
-Дэлхийн аваргын тэмцээнд 2024 онд анх оролцохдоо Дэлгэцгүй кодчиллоороо тусгай байр, Дрон кодчиллоор гутгаар байр буюу хүрэл медаль, цомын эзэн болж байсан. 2025 онд Дрон кодчиллоор дэлхийн аварга болж байсан.
-Азийн аваргад мөн 2025, 2026 оны тэмцээнүүдэд эхний 3-н байрыг авч байсан гэх мэт тоочоод байвал маш олон амжилтуудыг сүүлийн 2-хон жилийн хугацаанд гаргаад байгаа.
Энэ нь Монгол багш, хүүхдүүдийн потенциалийг харуулж байгаагаас гадна, бидэнд маш том боломж, ирээдүй байгааг илтгэж байгаа юм.
-Улсын аваргаас шалгарсан шилдгүүдийг ямар шагналууд хүлээж байна вэ?
-Шилдэг баг, сурагчид Алт, Мөнгө, Хүрэл медаль, Аварга цом, өргөмжлөл хүртэхээс гадна хамгийн чухал нь 2026 оны 12 дугаар сард БНХАУ-д зохиогдох «ENJOY AI 2026» Дэлхийн аваргын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох албан ёсны эрхээ авна. Энэ нь хүүхдүүдэд дэлхийн тайзанд өөрийгөө сорих, ирээдүйн дэлхийн чадварлаг инженер болох их замаа нээж байгаа юм.
-Та эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдэд хандаж юу хэлмээр байна вэ?
-Баярлалаа. Эцэг эх, багш ажилтнууддаа хандаж хэлэхэд бидэнд асар их нөөц, боломж бий. Олон улсын энэхүү нэр хүндтэй тэмцээнд хүүхдүүдээ оролцуулан сорьж, ирээдүйн Дэлхийн хэмжээний инженерүүдийг хамтдаа бэлдэцгээе гэж уриалж байна. Мөн залуу инженерүүдийг дэмжин ажиллаж буй Юнител групп, Эпирок Монголиа ХХК, М банк, Сая Мөнх ХХК, UG Expo-д талархал илэрхийлье.


