Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Аюурсайхан ХНХ-ын сайдад ГОРИЛЖ, 80-аад оны дарга нар нь Д.Тогтохсүрэнг тал талаас нь ШАХСААР байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 49 секунд

Эрх баригчид сайдуудын томилгоог төсвөөс хойш нь шидлээ. Ядаж ХНХ-ын сайдаа төсвөөс өмнө томилох болов уу гэж горьдсон ч нэг мөр төсвийн дараа болохоор шулуудав. Ер нь төсөв хэлэлцэж байгаа хэрүүлтэй цагт давхар томилгоо ярьж улс төрийн “гал”-ыг өрдөх нь эрсдэлтэй.

Харин энэ хугацаанд сайдын “марафон” МАН дотор битүүхэн үргэлжилсэн хэвээр байх нь ойлгомжтой. “Ул Сараа”-г явсан даруйд сайдад санаархсан эмэгтэй гишүүд нэг нэгнээ бараг л уландаа гишгэж алангаа алдсан.

Сайдуудын томилгоотой зайлшгүй уялдах ёстой зүйл бол ҮХНӨ. Энэ хүрээндээ АН-ыг засагт оруулж бантагнуулах эсэх нь шийдэгдэнэ. Хэрэв АН засагт орохоор болвол Эрүүл мэнд, БХБ-ын “дан дээл”-тэй сайдуудыг явуулах асуудал яригдах төлөвтэй байгаа. Мөн ХНХ-ын сайдын томилгооноос хамаарч, Шадар сайдын асуудал ч яригдах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл, сайдуудын томилгоо дотроос улс төрийн хувьд хамгийн анхаарал татаж буй нь ХНХ-ын сайдын суудал юм. “Үүрээр” шахуу баахан муудалцсан НАМЭХ-ны төлөөллүүд нэг эмэгтэй гишүүнээ ХНХ-ын сайдад явуулчих санаа энэ цаг үед тээж яваа. Харин Д.Амарбаясгалан хариуд нь “төрийн бус байгууллага нэг яам өмчилж авна гэж байхгүй. Улс төрөө дийлэх “бяр”-тай хүн тавина” гэж гөжүүдэлсэн сурагтай.

Энэ агуулгаараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг ХНХ-ын сайдаар явуулахаар тал талаас нь шахах процесс үргэлжилж буйг эх сурвалж мэдээлж байна. Гэвч Д.Тогтохсүрэн Хэрэг эрхлэхийн дарга л биш бол өөр яам руу явахгүй гэсэн байр сууринаасаа ухрахгүй байгаа аж. Түүнийг хөдөлгөж бүлгээ авах бодлогыг 80-аад оны дарга нар нь баримталж эхэлсэн. 80-аад оныхны тооцоогоор бол Д.Тогтохсүрэнг дэвшүүлэн зайлуулаад оронд нь С.Амарсайханд бүлгээ өгөөд, Ж.Мөнхбатыг Шадар сайдад явуулах бодлого баримталж суугаа.

Харин энэ нүүдлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бол огт дэмжихгүй. Учир нь бүлгийн дарга, У.Хүрэлсүх хоёрын харилцаа гүн гүнзгий. 2017 онд М.Энхболдыг нухчин дарахаасаа эхлээд У.Хүрэлсүх МАН-ын бүлгийг Д.Тогтохсүрэнгийн гарт өгсөн. Биш ээ, Д.Тогтохсүрэнгийн “гараар” удирдаж эхэлсэн. Одоо ч Д.Тогтохсүрэн дарга УЕП Б.Жаргалсайханаас эхлээд олон хүнийг Ерөнхийлөгчтэй “холбогч”-ийн үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс Д.Тогтохсүрэнг алдвал бүлгийг алдах, цаашлаад ирээдүйд нам доторх байр сууриа алдах эрсдэлтэй нүүр тулах тул Ерөнхийлөгч уг хөдөлгөөнд тааламжгүй хандаж буй хэрэг. Дээр нь нэмээд Ж.Мөнхбатад дургүй нь ч бас нөлөөлж, сайд болохыг эсэргүүцэх биз.

Тэгвэл чуулган эхлэхтэй зэрэгцэж ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы нэр сонсогдож эхэллээ. Мань хүн ч сүүлийн боломж гэж харсан тул “сайдын араандаа” сүртэйхэн хийсэн сурагтай. М.Энхболдыг хөөж явуулсан “Шударга тав”-аас албан тушаалын хувьд хамгийн өлөн зэлмүүн яваа нь Т.Аюурсайхан. ШИНЭ намын Ж.Батзандан, Л.Болд хоёр хүртэл Элчин сайдаар явчихаад байхад мань эр Г.Занданшатарын сэлгээнд гурван жил банз халааж, хий эргэв. Харин МАН-ын харьяалалтай нөгөө хоёр нь Ерөнхий сайд, Хууль зүйн сайд гээд талийж өгсөн. Тиймээс Т.Аюурсайхан энэ удаад сэлгээний хурал хөтлөгчөөсөө ахиж сайдад очих магадлал нэмэгдэв бололтой. Нөгөө талаас бүлгийн дарга нь шахалтаас зугтаад байгаа. Эмэгтэй гишүүд нь ойлголцож, нэг цул болж чадахгүй байгаа зэрэг нь Т.Аюурсайхан сайдад явах магадлалыг улам бүр нэмэгдүүлж байна.

Харин Т.Аюурсайхан хувь улстөрчийнхөө хувиар бүлгийн гишүүдийнхээ дэмжлэггүй нэгэн. Түүний эрх ашгийн зөрчилтэй улс төрд нь олон гишүүд “хөшиг”-ний ард тааламжгүй ханддаг нь сайдад явахад сөрөг оноо болох боломжтой.

Ер нь Д.Тогтохсүрэн эсвэл Өвөрхангайн өөр нэг төлөөлөл, эмэгтэй гишүүдийн нэг, Т.Аюурсайхан нарын нэг л ХНХ-ын сайдад явах болов уу.

Г.Лхагвадорж

Украины БХЯ-наас Запорожье хот руу пуужингийн цохилт өгч, 17 хүн амиа алджээ
Украины БХЯ-наас Запорожье хот руу пуужингийн цохилт өгч, 17 хүн амиа алджээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.