"Эрдэнэс Тавантолгой" ХК БНХАУ-ын "Чалко" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорацын (CHALCO) Ерөнхий захирал Жан Руйжун, охин компани “Чайналко Дижитал Технологи” компанийн Ерөнхий захирал Ли Гуанфэй болон холбогдох удирдлагуудтай уулзаж, хоёр компанийн хамтын ажиллагааны цаашдын чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын хүрээнд талууд урт хугацааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаа, экспорт, тээвэр логистикийн шинэ боломжийг нээх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх, хүний нөөц, мэргэшсэн боловсон хүчний солилцоо, оюутан бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр харилцан тохиролцов:
Хилийн боомтын нэвтрэлт, татан авалт, тээвэр логистик.
Нүүрсний экспорт, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, хилийн боомт, нүүрсний татан авалтыг нэмэгдүүлэх, шинэлэг гарц нээх, тээвэр логистикийн зохион байгуулалт, уялдаа холбоог боловсронгуй болгоход анхаарч ажиллана.
Боловсрол, хүний нөөцийн хөгжил.
Монгол Улсын уул уурхай, инженерчлэл, эдийн засаг, олон улсын худалдаа, тээвэр логистикийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зорилгоор компанийн ажилчид болон оюутан, залуучуудыг БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцуулах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, мэргэжлийн сургалт, дадлага, туршлага солилцох боломжийг судална.
Нүүрсний худалдаа, борлуулалт, гуравдагч зах зээл.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсийг БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ Чалко компанийн олон улсын худалдааны туршлага, бизнесийн түншлэлийн сүлжээ, дамжуулан экспортлох эрхийн хүрээнд тулгуурлан гуравдагч улсын зах зээлд борлуулах боломжийг хамтран судална.
Сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл, далд уурхайн хөгжил.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хөнгөн цагааны үйлдвэрлэлийн чиглэлээр хамтын ажиллагааны боломжийг судлах, уул уурхайн үйлдвэрлэл, олборлолтын үр ашиг, технологийн түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор далд уурхайн хөгжлийн чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг судална.
Талууд хамтран олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн гэрээний нөхцөлийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн сайжруулах замаар талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх талаар хамтран ажиллах юм.



