Ногдол ашиг бэлнээр тараавал оноог нь У.Хүрэлсүх, “зовлон”-г нь Н.Учрал үүрнэ

Засгийн газар нэг удаагийн хуулиа буцаан татсанаар Оюутолгойн гурван их наядын ногдол ашиг бүхэлдээ Хуримтлалын санд хадгалагдахаар болсон. Иргэд үүнийг 2030 оноос эхлэн боловсрол, эрүүл мэнд, орон сууцны зээлдээ ашиглах учиртай. Гэвч өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Н.Учралыг Сангийн сайдтай нь дуудан урдаа суулгаж байгаад "Байгалийн баялгийнхаа эхний хишгийг тухай бүрд нь ард иргэдийнхээ дансанд шилжүүлэх нь чухал. Хууль эрх зүйн орчноо бүрдүүлэхэд анхаар" гэж чиглэл өгсөн. Энэ бол хөрөнгө, орлогоо нотлох асуудалтай нүүр тулсан Ерөнхийлөгчийн иргэдээс оноо авах үйлдэл.
Саяхан даа, 10-аад хоногийн өмнө Ерөнхий сайд Н.Учрал чуулганы индэрээс "Иргэдэд бэлэн мөнгө тараавал талхны үнэ 10 мянган төгрөг болно. Жинхэнэ утгаар нь үрэн таран хийнэ. Баялгийн сан тогтвортой байх ёстой" гэж мэдэгдсэн.
Тэгвэл одоо Н.Учрал "том" ахынхаа үгэнд орж, дээрх үгнээсээ буцан, арайхийж олж ирсэн гурван их наядаа үрэн таран хийх үү. Өчигдрийн бичлэгээс харвал, Ерөнхийлөгчийн өмнө үг, дуугүй толгой дохиж суугаа Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр Баялгийн сангийн хуулийн өөрчлөлтөө УИХ-д өргөн мэдүүлэх нь бараг л тодорхой болж байна. Арга ч үгүй биз, ЗГ-аа ч 100 хувь өөрийн толгойгоор бүрдүүлж чадаагүй хүн ахынхаа үгэнд орох нь дамжиггүй. Хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан ч Ерөнхийлөгчийн хүслийг биелүүлэх эсэхийг УИХ эцэслэнэ. Хэрэв УИХ Ерөнхийлөгчийн талд шийдвэл оноог нь У.Хүрэлсүх, “зовлон”-г нь Н.Учрал эдийн засагт ирэх эрсдэлээр үүрнэ.
Иргэдэд их хэмжээний бэлэн мөнгө тараалаа гэхэд горыг нь хэн үүрэх вэ. Зургаахан сарын дараа буух У.Хүрэлсүх лав тоох ч үгүй. Эдийн засгийн хор хөнөөлийг хамгийн хүчтэй мэдрэх хэсэг бол иргэд. Нэг удаагийн 857 мянган төгрөг авах нь тэр үедээ л сайхан санагдах ч алсдаа талхны үнэ нь жинхэнээсээ 10 мянга давж, мах магнаг болж, өдрийн од болоод буй шатахууны үнэ ч "пуужиндахыг" эдийн засагчид анхааруулж буй.



