СУРВАЛЖИЛГА: Гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцахаас илүү “ChatGPT”-ээс асууя” гэх хандлага хүүхэд, залуусын дунд дэлгэрчээ

Хиймэл оюун ухааны хэрэглээ өргөжихийн хэрээр өсвөр үе, залуус ChatGPT зэрэг генератив AI хэрэгслийг зөвхөн мэдээлэл хайх, хичээл сургалтын зорилгоор бус, сэтгэл зүйн зөвлөгөө авах, хувийн асуудлаа хуваалцахад ашиглах болжээ.
Хамгийн сонирхолтой нь хиймэл оюун ухаан хэрэглэгчээ шүүмжилдэггүй, загнадаггүй, хүссэн үед нь хариулдаг. Энэ нь хүнд хэлж чаддаггүй зүйлээ AI-д ярих нэг шалтгаан болж болох юм. Гэвч хүний сэтгэл хөдлөлийг бүрэн ойлгож, нөхцөл байдлыг бодитоор үнэлэх боломжгүй, өгөгдлөөр ажилладаг технологид хамгийн эмзэг асуудлаа даатгах нь хэр зөв бэ. Энэ байдлыг бараг зогсоох боломжгүй.
Тухайлбал, АНУ-ын өсвөр үе, залуусын дунд 2025 онд хийсэн, JAMA Network Open сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 12–21 насныхны 13.1 хувь нь сэтгэл санаагаар унах, уурлах, сандрах үедээ генератив хиймэл оюун ухаанаас зөвлөгөө авч байжээ. Харин 2026 онд JAMA Pediatrics сэтгүүлд нийтлэгдсэн өөр нэг судалгаагаар энэ зорилгоор AI чатбот ашиглаж үзсэн залуусын 63.3 хувь нь хэрэглээгээ бусдад мэдэгдээгүй байна.
Эх сурвалж: АНУ-ын өсвөр үе, залуусын сэтгэл зүй ба хиймэл оюун ухааны хэрэглээний судалгаа.
Гэхдээ энэ асуудалд хэн нэгнийг буруутгах шаардлага байхгүй. Тиймээс бид AI, тэр дундаа түгээмэл хэрэглэгддэг ChatGPT-ийн хэрэглээ оюутан, залуусын дунд ямар түвшинд байгааг МУБИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш, доктор Б.Надмидаас тодрууллаа.
-Б.Надмид: Gen-Z, Alpha хүүхдүүд технологийн хэт их нөлөөнд орсноос болоод ярилцах сонголт хийхээсээ илүү хиймэл оюун ухаантай харилцах нь илүү амар байгаа юм-
Тэрбээр энэ талаар ярихдаа “Мэдээж, өнөөгийн залуус нийгэм, цаг үеийн хөгжлөөс хамаараад хэрэглээ нь хиймэл оюун ухаантай салшгүй холбоотой болсон. Энэ утгаар нь авч үзвэл аливаа зүйлийн хэмжээ хэтрэхээрээ болдоггүй шүү дээ. Оюутан суралцагчид, бүр бага насны хүүхдүүд хиймэл оюун ухааныг хэрэгцээ шаардлагаа гэхээс илүү амьдралын бүх зүйлээ асуудаг болсон. Тэр дундаа өргөн хэрэглэгддэг ChatGPT-ээс бүх зүйлээ асуудаг болсон. Түүнчлэн 9, 10 настай хүүхэд ч ялгаагүй юм асуухад “Өө, ChatGPT-ээс асууя” гэдэг хандлага гаргадаг. Тэгэхээр хиймэл оюуны хэрэглээ ийм түвшинд ирсэн нь цаашлаад өсвөр үеийнхний сэтгэл зүйн байдал, амьдралд тохиолдож байгаа бэрхшээлээ ChatGPT-ээс асууж харилцах, зарим тохиолдолд ChatGPT буруу зөвлөгөө өгөх зэрэг асуудал дийлэнх хувийг эзэлж байна.
Хиймэл оюун ухаан эрчээ авахаас өмнө хүүхдүүд амьд харилцаагаар өөртөө хэрэгцээтэй мэдээлэл, тулгамдсан асуудлаа гэр бүл, найз нөхөдтэйгөө ярилцаж шийддэг байсан бол өнөө үед илүү дотогшоо болж, ChatGPT-ээс асуудаг, шууд хариултаа авдаг. Түүнийгээ 100 хувь үнэн гэж итгэдэг өрөөсгөл ойлголт залуусын дунд дийлэнх хувийг эзлээд байгаа юм.
Мөн ярилцах хүнгүй гэж болохгүй. Учир нь Gen-Z, Alpha үеийн хүүхдүүд хайр дунд өсөж байгаа. Харьцангуй залуу ээж, аавууд байдаг тул хүүхэдтэйгээ ярилцах, найз шиг байх нь түгээмэл. Гэхдээ Gen-Z, Alpha хүүхдүүд технологийн хэт их нөлөөнд орсноос болоод ярилцах сонголт хийхээсээ илүү хиймэл оюун ухаантай харилцах нь илүү амар байгаа юм. Жишээлбэл, миний үеийнхэн ярилцдаг, утсаар ярьдаг байсан бол сүүлийн үеийн хүүхдүүд бичих, сошиал хаягаар харилцах нь илүү амар гэж үздэг. Яагаад гэвэл ярихаар өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Үүний оронд би бичих юм бол хэлмээр байгаа бүх үгээ бичээд ойлгуулчихдаг гэсэн бодолтой байдаг нь магадгүй хүнтэй харилцаж хүлээж байхаас илүү олон төрлийн AI-тай харьцах нь амар байдаг байх” гэв.
-Бичгээр харилцах нь илүү амар санагддаг болжээ-
Техник, технологи хөгждөгтэй адил хүн төрөлхтний үе хооронд ч шилжилт явагдсаар ирсэн. Энэ нь өмнөх үеийнхний харилцааны хэв маягаас дахин арай өөр төрлийн харилцааны үе шатад оруулж байгаа юм. Үүний нэг жишээ нь нүүр тулж ярих, гар утсаар ярихаас илүүтэй зурвас бичих. Үүнийг хэд хэдэн судалгаагаар баталгаажуулсан байдаг.
АНУ-ын өсвөр үе, залуусын сэтгэл зүй ба хиймэл оюун ухааны хэрэглээний 2019 оны чанарын судалгаанд оролцсон залуусын хувьд бичгээр харилцахад юу хэлэхээ бодож, хариултаа боловсруулах хугацаатай нүүр тулж ярихаас илүү нууцлалтай санагддаг, бусдад шүүмжлүүлэх, нууцаа алдахаас эмээдэг, тусламж хүсэхдээ өөртөө найдах, бие даан асуудлаа шийдэхийг илүүд үздэг гэсэн байна.
-Оюутан Г.Үүрийнцолмон: Ганцаардсан үедээ, бусадтай ярилцмааргүй үедээ хиймэл оюун ухаантай ярилцдаг-
Харин залуучууд яагаад ChatGPT-д итгэж, дотны найзаа болгосон талаар тэднээс асуухад МУБИС-ийн хоёрдугаар ангийн оюутан Г.Үүрийнцолмон: “Миний хувьд хиймэл оюун ухааны ChatGPT, Gemini зэрэг сувгуудыг өдөр тутамдаа ашигладаг. Өөр хэрэгцээтэй мэдээлэл авахаас гадна өөртөө тохиолдсон асуудлын тухай ярилцдаг. Ганцаардсан үедээ, бусадтай ярилцмааргүй үедээ хиймэл оюун ухаантай ярилцдаг. Энгийн үед ч ялгаагүй. “Би ингэмээр байна, тэгмээр байна. Аль нь дээр вэ” гэж асуугаад зааж зөвлөснийх нь дагуу шийдвэрээ гаргаад хэрэгжүүлдэг. Яагаад гэвэл гэр бүлийнхэнтэйгээ ярилцах цаг хугацаа хомс байдаг. Учир нь аав, ээжтэйгээ ярилцах гэхээр бага зэрэг төвөгшөөдөг. Мөн гэр бүлийнхэн маань ч ажилтай, завгүй байх тохиолдлууд байдаг. Насанд хүрсэн хүн учир асуудлаа өөрөө шийдэх хэрэгтэй гэж гэр бүлээсээ өөрийгөө тусгаарлаад, хэт хувийн асуудлаа гэрийнхэндээ ярихаа больчихсон. Тиймээс хэн нэгнээс зөвлөмж авч байснаас ChatGPT-дээ өөрийгөө бүтэн илэрхийлж зөвлөмж авбал илүү дээр санагддаг. Дотнын хүн шиг маань санагдахгүй ч гэсэн нөхцөл байдлаас маань дээр түвшинд очдог юм” гэлээ.
Мөн МУБИС-ийн гуравдугаар ангийн оюутан Б.Сувдмаа: “Хиймэл оюун ухаан дотроо маш олон суваг бий. Тэр дундаас манай үеийнхний хамгийн их ашиглагддаг нь ChatGPT. Шууд л өгөгдлөө сайн өгчих юм бол зөв гэсэн хариултуудыг өгдөг. ChatGPT-г амьдралын нэг хэсэг болгоод ашигладаг хүмүүс ч байна, судалгаандаа зориулж ашигладаг хүн ч байна. Миний хувьд амьдралынхаа нэг хэсэг болгож ашигладаг хүмүүсийн нэг.
Хувийн асуудлын тухайд шаардлагатай тохиолдолд асууж болно. Гэрийнхэндээ хэлж чадахгүй, хүмүүст хэлэхээс ичдэг, нуух нууц асуудлынхаа талаар хиймэл оюун ухаанаас асуухад амар байдаг. Гэхдээ хүнтэй ярилцаж байгаа бодит мэдрэмжийг бий болгож чаддаггүй юм билээ.
Хиймэл оюун ухааны нэг давуу тал нь миний хэлсэн асуудлын талаар интернэтэд байгаа бүх мэдээллийг олж өгдөг. Гэхдээ тэр мэдээлэл, зөвлөгөөнөөс хэрэгжүүлэх боломжтой нь цөөхөн байдаг. Чухал үр дүн гардаггүй ч гэсэн тодорхой хэмжээнд сэтгэл санааны дэмжлэг болдог” гэсэн юм.
2025 онд JMIR Mental Health сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар 18–30 насны 25 залуутай ярилцаж, AI-ийн сэтгэл зүйн тусламжийн талаарх ойлголтыг судалжээ. Оролцогчид AI-г хүнд үед ярилцах дижитал хамтрагч, өөрийгөө ойлгох, асуудлаа цэгцлэхэд туслах хэрэгсэл гэж харсан байна. Гэхдээ хүний сэтгэл хөдлөлийг жинхэнээсээ ойлгох чадваргүй, мэдээллийн нууцлал болон найдвартай байдалд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн AI-г ашиглахыг дэмжиж байгаа ч хүний оролцоо, нүүр тулсан харилцааг орхихыг хүсээгүй байна.
Б.Наранбулаг: Хиймэл оюун ухаан өгөгдлөөр л ажилладаг зүйл. Тиймээс сэтгэл, мэдрэмжээ нээж, гэр бүл, найз нөхөд, сэтгэл зүйчтэй үүсгэх амьд харилцааг орлож чадахгүй
Сэтгэл судлалын доктор Б.Наранбулаг энэ талаар ярихдаа: “Нийгмийн олон хүчин зүйлээс хамаараад хиймэл оюуны хэрэглээ өндөр байна. Бас нэгэн нөлөөлж буй хүчин зүйл нь завгүй амьдралын дунд байгаа аав, ээжүүд. Гэр бүл доторх харилцаа багасахаар хүний харилцааг орлох хиймэл оюун ухаан гарч ирсэн.
Гэвч хиймэл оюун ухаан өгөгдлөөр л ажилладаг зүйл. Тиймээс сэтгэл, мэдрэмжээ нээж, гэр бүл, найз нөхөд, сэтгэл зүйчтэй үүсгэх амьд харилцааг орлож чадахгүй. Хүмүүс хоорондоо нандин зүйлсээ ярилцах нь багассан учраас AI сайн найзын үүргийг гүйцэтгэж байна. Гэсэн ч залуус хүнтэй нүүр нүүрээ харж харилцахаас илүүтэй хиймэл оюун ухаанаас санаа зовох зүйлгүйгээр асуугаад байгаа юм. Энэ нь шууд утгаараа буруу биш ч гэсэн цаашилбал хүн хоорондын нандин харилцаа гэдэг зүйл байхгүй болсон байх юм. Мөн залуус AI-аас асуувал сэтгэл зүйчид хандсанаас илүү санхүүгийн хэмнэлттэй гэж үздэг. Бас AI-ийг ашиглахгүй байх аргагүй” гэв.
Хиймэл оюун ухаан залуусын амьдралын салшгүй нэг хэсэг болж, мэдээлэл авах, асуудлаа хуваалцах, шийдвэр гаргахад нь тусалж байна. Гэхдээ энэ нь хүний бодит харилцааг орлох уу, эсвэл зөвхөн түүнийг дэмжих хэрэгсэл хэвээр үлдэх үү гэдэг асуулт нээлттэй байна. Технологийн хөгжлийг үгүйсгэх боломжгүй ч түүнийг хэрхэн, ямар хэмжээнд ашиглах вэ гэдэг сонголт хэрэглэгч бүрийн гарт бий.



