Б.Анхзул: СТА цолыг хүмүүс "үнэгүйдсэн" гэж хардаг болсон учраас чадах бүхнээ хийж, илүү хичээж байгаа

Ярилцлага
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 6 мин 46 сек
20
_DSC0339-1.webp

Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин Б.Анхзул 20 насандаа “Ромео Жульетта” жүжгийн гол дүрийг бүтээж, өдгөө театрын тайзнаа найм дахь жилдээ ажиллаж байна. Тэрбээр “Ахан дүүс”, “Саран хийл”, “16 дахь хавар” зэрэг дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгчдэд танигдсан. Түүний уран бүтээл, туулсан зам, мөрөөдөл зорилгын талаар ярилцлаа.


-Драмын жүжигчин болох гараагаа хэрхэн эхлүүлсэн бэ. Энэ төрлийн жүжигчин байхын давуу тал нь юу вэ?

-Улсын Драмын Эрдмийн театрын үндсэн жүжигчнээр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Драмын театрт орох бол миний мөрөөдөл байсан. Анх 2019 онд гуравдугаар курст байхдаа драмын театрын тайзанд гарч байсан.

Хүмүүс жүжигчин мэргэжилтэй гэхээр дэлгэцийн уран бүтээлд ажилласан дүрээр нь таньдаг. Гэхдээ драмын театрт ажиллах нь залуу жүжигчдийн хувьд маш том сургууль болдог. Кинонд тоглоход нэг сар орчмын ажил болдог бол театрт өдөр болгон жүжигчний мэргэжлийг ашиглаж сайжрах боломжийг олгож байдаг.

-Драмын театрт ажиллах нь залуу жүжигчдийн хувьд маш том сургууль-


01.webp

-Анх сонгодог жүжиг болох “Ромео Жульетта” жүжигт тоглож байсан шүү дээ. Энэ тухайгаа яривал?

-Театрын анхны дүр 20 насандаа оюутан байхдаа “Ромео Жульетта” сонгодог жүжгийн гол дүр байсан. Тухайн үед манай найруулагч “Оюутан байхдаа ийм том сонгодог жүжгийн гол дүрийг авсан хүн миний мэдэхийн байхгүй” гэж байсан. Түүнээс хойш найм дахь жилдээ Жульеттагийн дүрийг бүтээж байна. Он гараад энэ жүжиг маань дахин тоглогдох учраас үзэгчдийгээ ирж үзээрэй гэж хүсмээр байна.

-Театрын тайзнаас гадна “Саран хийл”, “Ахан дүүс”, “16 дахь хавар” зэрэг дэлгэцийн уран бүтээлээр олонд танигдсан. Эдгээр дүрүүдээс таныг хамгийн өөрөөр харуулж, эвдсэн дүр юу байв?

-Жүжигчний мэргэжил надаас жаахан хол санагддаг л даа. Учир нь би их дотогшоо төрлийн хүн. Гэхдээ жүжигчний мэргэжил намайг илүү нээлттэй, өөрөөсөө өөр хүнийг бүтээх боломжийг олгодог. Би азаар олон сайхан уран бүтээлд тоглосон. Жишээлбэл “Ахан дүүс” олон ангит киногоор хүмүүс намайг мэдэж байж магадгүй. Тус киноны н.Пүрэвмаагийн дүр надаас нэлээн өөр. Хамгийн анхны олон ангит киноны гол дүр байсан нь миний карьерыг нээж өгсөн. Энэ уран бүтээлдээ их хайртай. Гол болон туслах дүр нийлээд 20 орчим уран бүтээлд оролцсон.

Театртаа харин оюутан байхаасаа эхлээд найм дахь жилдээ ажиллаад явж байна. Залуу уран бүтээлчийн хувьд тасралтгүй урлагийн ажлаа хийх нь заримдаа жаахан хэцүү байдаг.

Ирэх 11-р сард манай театрын 95 жилийн ой тохиохтой холбоотойгоор залуу уран бүтээлчдээ дэмжээд шагнал урамшуулал олгосон. Улсын байгууллагад ажилласан жил, хийсэн уран бүтээлүүдийг минь үнэлж, надад Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг олгосон.

Энэ цол надад бага зэрэг хүнд санагдсан. Учир нь би өөрөө залуу уран бүтээлч, дээрээс нь залуухан царайтай болохоор хүмүүс намайг ийм том цол авчихлаа гэж харж байгаа байх. Гэхдээ улсын байгууллагад тасралтгүй найман жил ажилласан, 20 гаруй дэлгэцийн уран бүтээлд тоглосон. Мөн телевизийн нэвтрүүлэг хөтлөх зэрэг миний хийж байгаа бүхий л ажил урлаг, соёлтой холбоотой.

Яах вэ, сүүлийн үед энэ цолыг хүмүүс “үнэгүйдсэн” гэж хардаг болсон. Би ч бас үүнийг ойлгож, өөрийнхөө хийж чадах бүхнийг хийж, илүү хичээж байгаа.

-Урлагийн тогоонд ороод та чамгүй хугацааг өнгөрөөжээ. Тэгвэл энэ хугацаанд “Энэ мэргэжил надад тохирохгүй ээ” гээд шантарч байсан үе хэр их байв?

-Шантрах үе олон байсан. Тэр дундаа оюутан байхдаа орой болгон л гэртээ харих замдаа уйлаад явдаг байлаа. Маш хэцүү санагддаг байсан. СУИС-иар дүүрэн авьяастай, хөөрхөн охид хөвгүүд байгаа юм шиг санагддаг байсан. Гэхдээ одоо би өөрийгөө нэг үгээр тодорхойлбол “Хөдөлмөрч хүн” гэнэ. Өөрийгөө магтаж байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ намайг надаас өөр хэн ч сайн мэдэхгүй. Гаднаас хараад хэн нэгэн юу гэж ч дүгнэж болно. Харин би л өөрөө өөрийнхөө юу хийж, ямар тэсвэр тэвчээр гаргаж, яаж хичээснийг мэднэ.

Мөрөөдлийнхөө дөнгөж 10 хувьд л явж байгаа учраас том том ярьж чадахгүй байна. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэдэг үгтэй санал нийлдэг.

Жишээлбэл би оюутан байхдаа нэлээн бондгор охин байсан. Гэхдээ л урлагийн хүн гоё сайхан байх ёстой гээд л өөртөө өндөр шалгуур тавьдаг. Өглөө бүр гүйдэг. Хатуу хоолны дэглэм барьдаг, хүмүүсээс эрт ирээд жүжгийн бэлтгэлээ хийдэг гэх мэтчилэн хөдөлмөрлөж байгаа залуу уран бүтээлч гэж дүгнэнэ. Мөн театрын урлаг залуу уран бүтээлчдийг чанаж, хамгийн их юм заах сургууль болдог. Тайзан дээр үзэгчдийн өмнө үгээ нэг л алдах юм бол тэр их хичээл зүтгэл байхгүй болох учраас тэр. Одоо анх театрт ажиллах эхлэх үеэ бодоход туслах болон хэд хэдэн жүжгийн гол дүрийг бүтээсэн. Тэр бүрд л хэцүү зүйл байсан, энэ бүгдээсээ суралцаж байдаг. Хамгийн гол нь сайжраад байна шүү дээ гэдэг л чухал.

-Би өөрийгөө нэг үгээр тодорхойлбол хөдөлмөрч хүн гэнэ-

02.webp

-Жүжигчин болсон энэ хугацаанд олон сорилттой тулгарч, салбартаа танигдсан жүжигчин болжээ. Тэгвэл 10 жилдээ Б.Анхзул гэж ямар охин байсан  бэ?

-Би 10 жилдээ даруухан хүүхэд байсан. Одоо хамаатан садан, багш нар, ангийнхан маань хараад гайхдаг байх. Урлагийн үзлэгтээ ч ордоггүй, ичимхий чимээгүй хүүхэд байсан. Зохиолч болох мөрөөдөлтэй байсан болохоор “Бадмаараг” ахлах сургуульд драмын ангид ороод тэндээсээ жүжигчний мэргэжлийн гоё сайхныг олж харсан даа.

-Өмнө нь та зохиолч болох мөрөөдөлтэй гэж ярьж байсан. Энэ мөрөөдөл нь одоо хэвээрээ юу?

-Тийм ээ, би ирээдүйд олон сайхан кино, жүжгийн зохиол бичээд, өөрөө найруулаад бүтээл хийдэг хүн болох мөрөөдөлтэй. Миний зарим нэг жижиг зохиолуудаар контент бий болсон нь хүмүүст тодорхой хэмжээнд хүрсэн.

-“Надтай гэрлээч” нэвтрүүлгийн дараа сөрөг сэтгэгдэл нэлээдгүй авсан. Олны танил хүмүүс магтаал, шүүмжлэл аль алийг нь хүртэж явдаг. Таны хувьд шүүмжлэл хэр их хүртэж байна?

-Би өнгөрсөн хавар залуучуудын хайр дурлалтай “Надтай гэрлээч” нэвтрүүлэгт оролцсоны дараа сөрөг сэтгэгдэл нэлээдгүй авсан. Өмнө нь киноны маань дүрүүд гэгээлэг байсан болохоор хүмүүс “Хөөрхөн байна”, “Гоё байна” гэх зэрэг эерэг зүйл л бичдэг байсан.

Харин тэр нэвтрүүлэгт ороод “Аан хүмүүс заримдаа шүүлтүүргүй муухай болгох юмыг хийдэг юм байна даа” гэж бодсон.

-“Надтай гэрлээч” нэвтрүүлгээс хүмүүс өөрийн тань юуг буруугаар ойлгосон бэ. Үнэхээр “Би ийм хүн биш шүү дээ” гэж бодсон уу?

-Зарим зүйлүүд буруу ойлгогдсон байсан. Мэдээж энэ чинь шоу нэвтрүүлэг шүү дээ. Биднийг зүгээр л суугаад байвал хэн ч үзэхгүй. Шоу учраас тодорхой хэмжээний найруулга байгаа. Үзэгчдийг татах зүйлүүдийг хийх хэрэгтэй. Гэхдээ зарим нь хэтэрхий буруу эргэсэн юм шиг санагдсан. Гэсэн ч намайг ямар хүн бэ гэдгийг ойр дотны хүмүүс маань мэддэг болохоор тийм сүртэй санагдаагүй.

-Уран бүтээлч хүний зан чанараас гадна та хувь хүн талаасаа ямар зарчим баримталдаг вэ?

-Би өөрийгөө зарчимч гэж хэлнэ. Тийм бол тийм, үгүй бол үгүй л байна. Жишээлбэл би алкохол хэрэглэхгүй л гэсэн бол хэрэглэхгүй гэсэн зарчим барьдаг. Манай матрын ордныхон ер нь ийм байдаг байх.

Би СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургуульд сурч байсан. Дараа нь СУИС-ийг төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа нь гэвэл би л байх шиг байна.

Өөрийгөө хэт их магтаад байгаа юм шиг санагдаж байгаа байх. Гэхдээ намайг би л хамгийн сайн мэднэ шүү дээ.

-Аавыгаа “Миний охин чадаж байна аа” гэж хэлэх хүртэл нь хамгийн сайнаараа хичээнэ-

03.webp

-Гэр бүлийнхэн нь урлагийн мэргэжлийг нь хэр их дэмждэг вэ. Урлагт гэрээ бат даадаг хүн хамгийн чухал шүү дээ?

-Би аав, дүү хоёртойгоо хамт өссөн. Одоо дүү маань Солонгост гэр бүлээрээ амьдардаг. Одоогоор аавтайгаа амьдарч байна.

Аав маань анх урлагийн хүн болно гэхэд дургүй байсан. Аргагүй дээ, цаг нар багатай, хэцүү мэргэжил шүү дээ. Аав маань хэтэрхий дотогшоо хүн болохоор намайг “Сайн байна, мундаг байна” гэж хэлдэггүй. Гэхдээ аавыгаа “Миний охин чадаж байна аа” гэж хэлэх хүртэл нь хамгийн сайнаараа хичээнэ ээ.

-Тэгвэл Б.Анхзул гэх эмэгтэйн хамгийн том хүсэл мөрөөдөл, зорилго нь юу вэ?

-Би маш олон мөрөөдөлтэй. Ганц кино, жүжигт тоглоод өнгөрөх биш кино бүтээдэг, уран бүтээл хийдэг хүн болохыг хамгийн ихээр хүсдэг.

Би багадаа үнэгүй үзвэр үйлчилгээ, өсвөр насныханд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газар байгаасай гэж хамгийн их хүсдэг байсан. Харин одоо тэр газрыг өөрөө нээхийг хүсдэг. Өсвөр насныханд зориулсан үзвэр үйлчилгээ, тусламж хэрэгтэй бол сэтгэл зүйн зөвлөгөө авах газрыг мөнгөө цуглуулж байгаад нээнэ гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

ЗУРГИЙН ЦОМОГ