Б.Мөнхтамир :Шатахууны импортын эх үүсвэрийг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх зорилгоор БНХАУ, Казахстан, БНСУ-аас Евро-5 стандартын шатахуун татан авах ажлыг хэрэгжүүлж байгаа
.webp)
Шатахууны импорт тасралтгүй үргэлжилж байгаа ч Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн дөрвөн жилд 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж өсжээ. Үүнтэй холбоотойгоор шатахууны хангамжийг тогтвортой байлгахын тулд импортын эх үүсвэрийг төрөлжүүлэхээс гадна дотоодын агуулах, тээвэрлэлт, түгээлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.
Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр болж, импорт, тээвэрлэлт, нөөц, түгээлт, шатахууны чанар болон үнийн асуудлыг хэлэлцэв. Хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд, Шатахууны шуурхай штабын дарга Б.Мөнхтамир шатахууны хангамжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-аас Монгол Улсад долдугаар сард 47 мянган тонн, наймдугаар сард 67 мянган тонн, есдүгээр сард 64 мянган тонн, аравдугаар сард 57 мянган тонн шатахуун нийлүүлжээ. Харин арваннэгдүгээр сард 70 мянган тонн нийлүүлэхээр баталгаажуулсан. Гэхдээ нийлүүлэлт тасраагүй гэдэг нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна гэсэн үг биш. Автобензиний сарын хэрэглээ ердийн үед 70 мянган тонн орчим байдаг бол зуны улиралд 100 мянган тоннд хүрдэг.
Иймээс шатахууны импортын эх үүсвэрийг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх зорилгоор БНХАУ, Казахстан, БНСУ-аас Евро-5 стандартын шатахуун татан авах ажлыг хэрэгжүүлж байгаа гэв.
Мөн Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж өссөн байна. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаа өргөжиж, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, тээвэрлэлт эрчимжсэн, автомашины импорт болон хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой аж.



