МАН-ын бүлэг: Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2024 оны улсын төсвийн тодотголыг УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 13 сек
00
legacy:MAN buleg SHINE/бүл1.png

УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулганаас 3 хоногийн завсарлага аваад байсан. Гэвч өнөөдрийн үдээс өмнөх бүлгийн хуралдааныхаа дараа завсарлагаа 1 хоног сунгахаар болсон юм. Улмаар үдээс хойш тус намын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж, шийдвэрээ гаргалаа.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

-"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл", "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэв.

Хуралдаанаар "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл", "Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

legacy:MAN buleg SHINE/бүл2.png

Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол Улсын хөгжил дэвшлийг бодитойгоор урагшлуулж эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийг хурдасгах 14 мега төслүүдийг хэрэгжүүлэх” шаардлагатай гэдэгт санал нэгдэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, “Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

legacy:MAN buleg SHINE/бүл3.png