Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов

Улс төр
Bolormaa
Унших: 2 мин 18 сек
40
legacy:oyutolgoius/uytutyu.jpg

Туулын хурдны замын төслийн хэрэгжилттэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, тус яамны холбогдох газрын дарга нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир “Төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны хууль тогтоомжийг чанд мөрдөх нь яамны үүрэг. Иймд холбогдох хууль, тогтоомж, үнэлгээ, стандарт, шаардлагыг бүрэн хангаж ажиллах, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, үйл ажиллагааг зөвхөн баталгаажсан судалгаа, тооцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой”-г онцлов.

Үргэлжлүүлэн яамны холбогдох газрын дарга нар Туулын хурдын замын төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт шалгалтын явц, төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, усны нөөц, ойн сангийн хамгаалалттай холбоотой асуудлуудад анхаарах шаардлагатайг дурдаж, байр сууриа илэрхийллээ.

Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох Байгаль орчны улсын хяналтын газраас иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч, батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн асуудалд хуульд заасан хариуцлага тооцон ажиллаж байгаа талаар мэдэгдлээ.

legacy:oyutolgoius/kghkjhk.jpg

Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул, Туулын хурдны замын төсөл нь УИХ, Засгийн газрын тогтоол болон нийслэлийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл болохыг танилцууллаа.

Тус төсөл нь Туул голын дагуу нийт 32 км урт, 6 эгнээ бүхий авто зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан зэрэг 4 дүүрэг, 15 хорооны нутаг дэвсгэр хамрагдаж байна.

Төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг 2025 онд хийж, холбогдох хууль, журмын дагуу БОУАӨЯ-аар батлуулсан бөгөөд үнэлгээний хүрээнд агаар, ус, хөрс, ургамал, амьтан, хог хаягдал, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүх соёлын үнэт зүйлийн судалгаа хийх зэрэг 14 төрлийн судалгааны арга хэмжээ явуулах зөвлөмжийг өгсөн байна.

Уулзалтын төгсгөлд БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч буйгаа мэдэгдлээ. Үүнд:

Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуултал төслийн үйл ажиллагааг түр зогсоох;

Төсөл хэрэгжүүлэгч нь батлагдсан байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн зэрэг асуудал илэрсэн тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчны улсын хяналтын газарт үүрэг болгов.

legacy:oyutolgoius/uytutyu.jpg
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • U
    UB emegtei

    Tuul goliig taiwan orhi, yhsen atsnii chin huulid niitsuulne geh shig, ashiggui hereggui gaitai tusul nertei zawaan yumaa boli haya

  • З
    Зочин

    Эдийн засагт ээлтэй шийдвэр гаргасанд баярлалаа Монголд мөнгө байхгүй зээл эдийн засгын чадвахаас хэт давсан мега төслийн ард мега хулгай мянганы авилгал байдаг

  • З
    Зочин

    Хотоо хамгаалж жагсаал яасын эд нарт улс төр л сонин болохоос бид нарын машин дотроо амьдрах нь сонин биш юм байна

  • З
    Зочин

    Энэ Байгаль орчины яамны Алтанзул гэдэг нөхөр чинь орчны бохирдлын хороонд байхдаа авилга авсан гээд шүүхээр шийдүүлсэн нөхөр яагад ингээд дарга хийгээд сууж байдаг билээ?