Р.Булгамаа: Хүний амь хохирч байхад цай ууж, хөлөө ачаад инээмсэглэн суух дүр төрхийн цаана хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрөх вий гэсэн эргэлзээ байсан

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 52 сек
00
IMG_4679.webp

16 настай охин бусдын гарт амиа алдсан хэрэгт хохирогч талын өмгөөлөгчөөр ажилласан Р.Булгамаа байр суурь, сэтгэгдлээ илэрхийлэв. Тэрбээр “16 настай Ч.Шинэсаран охины хэрэг Улсын Дээд шүүхэд хоёр өдөр дамнан хэлэлцэгдлээ.

Зарим хэрэг зөвхөн хуулийн хүрээнд шийдэгдээд өнгөрдөггүй. Хүний амьдрал, эх хүний зовлон, алдсан амь, шударга ёсыг хүлээсэн олон жилийн итгэл найдвар хамт явж байдаг.

​ Энэ олон сар, жилийн туршид үргэлжилсэн хүлээлтийн үр дүнд тэр ээжийн сэтгэл зүй, туулсан зовлон, шударга ёсыг эрэлхийлсэн тэмцлийг бодохоор сэтгэл өвддөг.

​ Адилхан охин үртэй болохоор эх хүний хувьд илүү ихээр мэдэрч байлаа. Гараас хөтлөх ганц охин үрээ бусдын гарт онц хэрцгийгээр алдсан ээжийн зовлон бэрхшээлийг төсөөлөхөд ч бэрх. Аль болох сэтгэлийн дэм өгч, итгэл найдвар байгааг зөвлөсөөр Улсын дээд шүүхийн босгон дээр ирцгээсэн.

Олон нийтийн дунд хүний амь хохирч байхад цай ууж, хөлөө ачаад инээмсэглэн суух дүр төрх шүүмжлэлийн оргилд хүрч, үүний цаана хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх юм биш биз гэсэн эргэлзээ, хариулт нэхсэн асуулт олон байлаа. Хүний нүд халтирам тэр зургийг хараад хууль зүйн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн иргэдийн шаардлага, өмгөөлөгч хүний мэргэжлийн итгэл үнэмшилээр энэ хэрэг дээр ажилласан минь энэ. Гэхдээ энэ бүхний дунд хуульч хүний хувьд сэтгэлийн хөдлөлдөө авталгүй, баримт нотолгоо, хууль зүйн үндэслэлд тулгуурлан ажиллах үүрэгтэй байв.

Улсын Дээд шүүх бол хуульт нийгмийн дэнс, хуулийн салбарын ноён оргил. Тэнд ажиллаж буй хуульч шүүгчид хууль, шударга ёсны хамгийн өндөр шалгуурыг өөрсдөдөө тавьдаг байх ёстой эсэн итгэл үнэмшил надад байдаг.

Энэ шүүх хуралдаанаас гарсан хууль зүйн үнэлэлт дүгнэлтийг тэр л хүндлэлээр мэдрээд шүүхийн танхимаас сэтгэл тэнүүн гарлаа. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид мэргэжлийн мэдлэг, ур чадвар гарган, хариуцлагатай ажиллаж, хэргийн хянан шийдвэрлэсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Энэ шийдвэр орхигдсон асуудлуудыг дахин шалгаж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргах боломжийг нээсэн чухал алхам байлаа. Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлж байсан олон асуултын чиг хандлагыг тодорхойлж өглөө. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн үгийг хүлээн авч, сонсож, өмгөөлөгч нарын гомдлыг агуулгад хууль зүйн дүгнэлт өгсөн нь тэмдэглүүштэй.

Шүүхэд итгэх иргэдийн итгэл гэдэг шударга шийдвэр, хариуцлагатай ажиллагаа, хүниий эрхийг дээдэлсэн хандлагаар бий болдог. Шударга ёс гэдэг зөвхөн ял шийтгэлээр хязгаарлагдахгүй, үнэн бодит байдлыг бүрэн тогтоож, хүн бүрийн үйлдэл оролцоонд хуулийн дагуу хариуцлага тооцох явдал юм.

Монгол эх хүний үр хүүхдийнхээ төлөөх хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хатан ухаанаар үнэхээр их бахархаж байна.

Мятаршгүй хүчтэй энэ ээжийн шударга ёсны төлөөх тэмцэл, бууж өгөөгүй итгэл найдвар олон аав ээжид итгэл найдвар өглөө. Ийм эмгэнэлтэй зүйл дахин бүү болоосой гэж сэтгэлдээ залбирья.

Улсын дээд шүүхийн хууль зүйн үнэлэлт дүгнэлт шударга ёс, хуультай нийгмийн дархлааг сэргээж өгсөнд талархаж байна.

Миний аав Монгол улсын шүүхийн салбараас төрсөн Гавьяат хуульч хүн. Зарчимч байдал, хариуцлага, шударга ёсыг ямагт эрхэмлэдэг түүний хандлага, хүмүүжил намайг өнөөдрийн энэ замд хөтөлсөн. Шүүхийн босгоор алхах бүрдээ дотроо мэхийн ёсолж, хүндэтгэл үзүүлдэг минь ч учиртай. Миний дотоод хүндлэл талаар болсонгүй ээ.

Харин энэ шүүх хуралдааны хоёр өдөр олон зүйлийг мэдрүүллээ. Шүүх хурлын эхний өдөр өндөрлөсний дараа маргаашийн өглөөний шийдвэрийг хүлээх агшин ямар урт байв аа. Цурам хийсэнгүй. Олон хүний итгэл найдварын голд зогсож байгаа өмгөөлөгчид бид сэтгэл түгшихгүй байж чадаагүй.

Өглөөний НАР ямар гоё мандав аа. Ч.Шинэсаран охин шинэ нарыг бидэнд илгээж байгаа мэт санагдсан. Энэ нар энэ шүүх хурлын өнгийг тодорхойлсон байх” гэжээ.