16 настай охиныг хөнөөсөн хэргийн шүүхийн шийдвэрийг УДШ 10.30 цагаас танилцуулна

16 настай охины амийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж болон хэргийн оролцогч гэх Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарт холбогдох хэргийг өчигдөр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх хурлаар хаалттай хэлэлцсэн.
Шүүх хурал 17.00 цагийн орчимд эхэлсэн бөгөөд хурлын эхэнд оролцогчдод шинээр гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж, хүсэлтийг хэлэлцсэн. Дараа нь шүүгчийн илтгэлийг сонсож, гомдол тайлбарыг хүлээн авсан бол одоо шүүх бүрэлдэхүүн оролцогчдоос асуулт асууж, хариулт авсан.
Улмаар дөрвөн цагийн турш үргэлжилсэн шүүх хурал түр завсарлаж, өнөөдөр 10.30 цагаас шийдвэрээ танилцуулахаар болсон юм.
Сануулахад, энэ оны нэгдүгээр сарын 23-нд анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон бол хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг болон насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарыг цагаатгасан байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, ээж Г.Отгонтуяа болон өмгөөлөгчийн зүгээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Иймд эцсийн хувилбар болох дээд шүүхэд хандан гомдол гаргаад буй нь энэ.


