
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах, тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааны дээд хязгаарыг бусад хэрэглээний зээлийн адилаар 50 хувиар тогтоохоор шийдвэрлэв. Харин хугацааны хязгаарлалт тогтоогоогүй болохыг төвбанкны зүгээс өнөөдөр мэдээлсэн юм. Тэтгэврийн зээлтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хэлсэн онцлох ишлэлүүдийг хүргэе.
- Тэтгэврийн орлого барьцаалсан зээл сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж тэтгэвэр зээлдэгчийн хувьд өрийн дарамт, санхүүгийн ачаалал өндөр байна.
- Тэтгэвэр барьцаалж зээл авсан ахмадууд хүүхдийнхээ сургалтын төлбөр, машин авах, орон сууц худалдан авах урьдчилгаа маягаар өгч байна. Өөрсдөдөө биш гэр бүлдээ зориулж байгаа нь тэтгэврийн хөгшин амьдрахад төвөгтэй байдал үүссэн судалгаа гарсан.
- УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх нэг удаагийн хууль батлахад тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбумаар хэмжигдэж байсан. Үүнээс хойш энэ оны гуравдугаар сард биднийг шийдвэр гаргахад тэтгэврийн зээл 2.3 их наяд төгрөгт хүрч, тэглэсэн хэмжээнээс гурав дахин өссөн.
- Тэтгэврийн зээл маш идэвхтэй, хамгийн өндөр өсөлттэй хэрэглээний зээл болсон.
- Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас албан тоот ирүүлж, хяналтгүй өсөж буй зээлд хязгаарлалт хэрэгтэй гэсэн санал ирсэн учраас амьжиргааны баталгаажих доод түвшинээс хэтрүүлж зээл олгохыг хориглосон. Энэ нь огцом хатуу шийдвэр байсан нь амьдрал дээр харагдсан.
- Тэтгэврийн зээл авч буй ахмадуудаас Монголбанканд өргөдөл, хүсэлт ирүүлсэн. Мөн тэтгэврийн зээлтэй холбоотой асуудал УИХ-д хөндөгдсөн учраас хэрэглээний зээлийн ангилалд оруулсан. Тиймээс ямар нэгэн хугацааны ангилалд багтахгүй
- Тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн өндөр төлбөртэй зээлдэгчид үүсэж буй хүндрэлийг шийдвэрлэх хүрээнд зохицуулалтын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.
- Тухайн зээлдэгч өмнөх зээлээ төлсний дараа дахин зээл авах шаардлагатай санхүүгийн хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зээлийн төлбөрийн ачааллыг аажмаар бууруулна
- Тэтгэврийн зээл нь чанарын хувьд цалин барьцаалсан хэрэглээний зээлтэй адил тул нэгдсэн нэг стандартыг мөрдүүлэх алгуур шилжилтийг хэрэгжүүлж эхлэхээр боллоо
- Тэтгэврийн зээлийг амьжиргааны баталгаажих доод түвшнээс доош оруулахгүй байхаар гаргасан шийдвэрээ энэ удаа буцааж тэтгэврийн зээл нь хэрэглээний зээл гэсэн ерөнхий ангилал руу орлоо.
- Тэтгэврийн зээлийг ялгахгүй хэрэглээний зээлтэй адил тооцож цалингийн зээлтэй адилхан өр орлогын харьцаа 50/50 хувьд очиж байгаа нь олон улсын жишиг стандартад нийцэж байгаа. Цааш хатууруулах эсэхийг бодлогын үр нөлөөг харж байж дараагийн шийдвэрийг гаргана.
- Тэтгэврийн зээлийг цалин, хэрэглээний зээлтэй ижил бүтээгдэхүүн гэдгээр олон улсын жишгээр нь үзэж байгаа учраас ямар нэгэн хугацаа байхгүй