Б.Мөнхтамир: Богино хугацаанд хоёр ч дэд сайдын ажил сэлгэсэн ч үүнийг өөрийгөө туршлагажуулах боломж гэж харсан

"Юу байна" подкастын ээлжит дугаарт АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамирыг урьж ярилцлаа
-Таны хувьд дэд сайдын ажлаа аваад сар өнгөрүү хугацаа өнгөрлөө. Одоогоор шатахуун тойрсон ямар асуудалд гол тулгуу анхаарал хандуулж байна вэ гэдгээ ярилцлагаа эхэлье?
-Ажлаа авснаас хойш нэг сар 5 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийлүүлэгдэж байгаа шатахууны өдөр тутмын зохион байгуулалт тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд шатахууны асуудал зөвхөн монгол төдийгүй дэлхийн олон оронд асуудал болоод байсан. Үүнтэй холбоотойгоор шатахууны хангамж түүнийг хэрхэн, яаж зөв хуваарилах вэ гэдэг зорилгын хүрээнд Шуурхай штаб байгуулагдан ажиллаж байсан. Миний бие аравдугаар сарын 7-ны өдөр АҮЭБ-ийн дэд сайдаар томилогдсоноосоо хойш Шуурхай штабын үйл ажиллагааг ахлан ажиллаж байна.
-Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням болон Сангийн сайд З.Мэндсайхан нарт шатахууны үнийг тогтворжуулахтай холбоотой саналыг боловсруулж, танилцуулах үүргийг өгсөн. Шатахууны үнэ дээр ямар тооцоолол байгаа юм бэ. Та дэд сайдын хувьд үнэ тал дээр ямар бодлогыг барьж явах ёстой гэж та харж байгаа вэ?
-Олон нийтийг зөв ойлголттой байлгахын тулд асуудлыг эхнээс нь ярих нь зөв болов уу. Монгол Улсын хувьд авто бензин шатахууны асуудлыг л голчилж авч үзээд байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын АИ92, АИ95, АИ95 автобензиний нэг жилийн хэрэглээ 3.1 сая тоннд хүрч байна. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилтэй харьцуулаад үзье. Жишээлбэл, 2021 онд 1.7 сая тонны хэрэглээтэй байсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэрэглээ өдөр тутам өсч байна. Энэ нь ААН-үүдийн үйл ажиллагаа, аялал жуулчлал, уул уурхай гээд олон салбар тэлж, шатахууны хэрэглээ өсч буйтай холбоотой. Үүнтэй зэрэгцээд ханган нийлүүлэлт дагаад өсөх шаардлага бий болж байгаа. Дэлхий нийтэд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсын хэрэглээг бүрэн импортолж оруулж ирж чадахгүй өдийг хүрлээ. Эхний ээлжинд бидэнд үнэ чухал байсан уу, ханган нийлүүлэлт чухал байсан уу гэдэг чухлын эрэмбээ тодорхойлох ёстой. Огт шатахуунгүй байснаас үнэтэй ч хамаагүй шатахууныг авах нь бидэнд чухал байсан. Өнгөрсөн саруудын нийлүүлэлт дандаа дутуу явж ирсэн учраас шатахууны хомстол, оочир дараалал бий болоод байсан. 2026 оны 11-р сарын урьдчилсан захиалгаар ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс 70 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн, Казахстанаас 3 мянган тонн буюу нийт 93 мянган тонн шатахуун авахаар захиалгаа баталгаажуулаад байна. Мөн хувийн ААН-үүдийн өөрсдийнх нь эх үүсвэрээр 10-15 мянган тонныг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 100 мянган тонн болвол Монгол Улсын нэг сарын хэрэглээнд хүрэлцэнэ. Энэ хэрэглээг хангаад эхлэхээр оочир дараалал, хомстол байхгүй болно. Үүнтэй зэрэгцээд цаашид бид тодорхой хэмжээнд нөөцөлж авах боломжууд үүсэх хүлээлттэй байна. Өмнө шатахуун олох нь чухал байсан учраас үнийг асуудлыг яриагүй. Хоёрдугаарт, нийлүүлэлт хэвийн хэмжээ рүү дөхөөд ирэнгүүт бид цаашид үнэ дээр ямар бодлого барих вэ, яаж бууруулах вэ гэдэг асуудал зүй ёсоор яригдана. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайдаас чиглэл өгөгдсөн. Хэд хэдэн арга байна.
Нэгдүгээрт, энгийн АИ92 автобензин т хэрэглээ92ний 70-80 хувийг эзэлж байна. Тэгэхээр энэ бензин дээр үнийг яаж барих вэ гэдэг бодлогоо харж байна. Монгол Улс, ОХУ хооронд тогтвортой байдлын гэрээг байгуулснаар урт хугацаанд тогтмол үнээр АИ92 автобензинийг авч ирсэн. Харамсалтай нь Орос Украины дайнтай холбоотойгоор тухайн гэрээний заалтын дагуу үнийн савлагаанаас үүдэж, дотоодод үнэ нэмэгдэж эхэлсэн. Мэдээж шууд татаас өгөх хувилбар байж болно. Хоёрдугаарт, үнэ тогтворжуулах санхүүгийн аргуудыг бид хэрэглэж болно. Энэ мэтчилэн тодорхой аргуудыг судалж, ажлын хэсэг танилцуулах байх. Нэг ялгаатай зүйл бий. К2 төрлийн буюу энгийн АИ92 автобензинийг дэлхийд Монгол болон Киргизстан улс л хэрэглэж байна. Үнийг тогтворжуулах ажил дээр бид зөвхөн АИ92 автобензинийг ярьж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Өнгөрсөн хугацаанд төр үнэд оролцоотой байж ирсэн нь өөрөө шүүмжлэл дагуулж ирсэн шүү дээ. Зах зээлийн зарчмаараа үнэ тогтоод явах ёстой биш юм уу?
-Тухайн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд хоорондоо өрсөлдөх ёстой. Өрсөлдөөний үр дүнд хэрэглэгч хожих ёстой. Гэтэл АИ92 автобензин дээр хоёр улсын хооронд гэрээтэй нийлүүлэгддэг. Засгийн газар хоорондоо гэрээгээ хийгээд шатахуун авна гээд тогтчихсон зүйл дээр ААН-үүд дундуур нь орж ирээд аваад, үйл ажиллагааны зардлаа нэмээд зарж байгаа л асуудал. Гэтэл гэрээгүйгээр сул тавиад явбал үнэ автоматаар нэмэгдэнэ. ААН-үүд өөрсдөө эх үүсвэр буюу үйлдвэрлэгчидтэй гэрээгээ хийгээд, оруулж ирэх боломж нь нээгдэж байж үнэ чөлөөлөгдөнө. Засгийн газар тогтвортой нийлүүлэлт тал дээр гэрээтэй яваа учраас үнэд оролцоод явж байгаа. Бусад дизель түлш, евро 92, АИ95, 98 дээр үнэд төр оролцдоггүй. Хоёр улсын гэрээний үндсэн дээр ААН-үүд энгийн АИ92 бензинийг ямар үнээр авч байгааг нь мэдэж байж дур зоргоор нь орхичихож болохгүй шүү дээ. Тэндээс хямд авчхаад хамаагүй их үнийг нэмэгдүүлээд байж таарахгүй. Тиймээс л үнэд оролцоод байгаа юм. Ирээдүйд нөхцөл байдал сайжирсны дараа бид К2 төрлийн АИ92 автобензинээс татгалзах хэрэгтэй юм байна гэж бодогдсон. Нөгөө талдаа энгийн АИ92 нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор нөлөө ихтэй.
-Би таныг дэд сайдаар томилогдсоныхоо дараа илэрхийлж байсан байр суурийг санаж байна л даа. Тухайн үед та чухлын эрэмбээ тогтоох ёстой. Шатахуунтай байх нь чухал юм уу эсхүл хямдаар зарах нь чухал юм уу гэж хэлж байсан. Засгийн газраас үнэ дээр асуудал яриад эхлэхээр нөгөө эрэмбээ дагаж байна уу гэдэг асуудал бий болоод байна л даа?
-Өнгөрсөн хугацаанд бидний хувьд тулгамдаж буй асуудал нь Монгол Улс шатахуунтай байх уу, үгүй юу гэдэг нь илүү чухал байсан. Үнэтэй ч хамаагүй олдсоныг нь авъя гэдэг зорилготойгоор олдсон бүх шатахуунаа л нийлүүлж байлаа шүү дээ. 11-р сарын захиалга Монгол Улсын сарын хэрэглээг хангаж байгаа учраас одоо үнэ дээр нь хязгаарлалт хийгээд, бууруулах боломжийг судалъя гэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар дизель түлшний хувьд хангалттай байна. 118 мянган тонн дизель түлштэй байна. Энэ нь 37 хоногийн нөөц гэсэн үг. 10-11 дүгээр сар бол зуны түлшээс өвлийн түлш рүү шилждэг чухал үе байна. Энэ чухал үед онцгой анхаарах нь чухал байдаг. Тиймээс ч бид дизель түлш дээр ямар нэг асуудал гаргахгүйгээр шилжилтийн үеийн зохион байгуулалтыг хийж чадлаа. 11-р сарын урьдчилсан захиалгаар сарын хэрэглээг бүрэн хангах зураглал руу ороод явж байна. Цаашид 90 мянган тонноос буулгахгүй байдлаар хийхээр тодорхой зохион байгуулалтыг хийж байна. Тиймээс л энгийн АИ92 автобензиний үнийг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Нөгөө талдаа олон улсын бирж дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ буурч байгаатай холбоотойгоор бидэнд үнэ бууруулах боломж гарахаар байна.
-Та сая яриандаа 11-р сарын захиалга баталгаажсан гэдэг зүйлийг ярьсан. Гэхдээ нийлүүлэлт тал дээр тогтвортой байх уу гэдэг асуудал байна?
-ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Монгол Улсад авчрахад хоёр хүчин зүйл бий. Нэгдүгээрт, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн ачилтын асуудал. Хоёрдугаарт, тээвэрлэлт. Ачилт хийж байгаа Роснефть компанийн үйлдвэр Монгол Улс руу 11-р сард 70 мянган тонныг ачих боломжтой байна гэдгээ тооцоолоод захиалгаа баталгаажуулсан. Тэгэхээр үйлдвэрлэлийн горим, ачилтын хэмжээнээс шалтгаалаад нийлүүлэлтийн хэмжээгээ баталгаажуулж байна гэсэн үг. Нөгөө талдаа ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд "Нийлүүлэлтийг тогтмол хийж байгаа" гэж хэлсэн нь үнэн. Гэхдээ үүнийг нь хангалттай хэмжээнд өгч байна гэж олон нийт ойлгоод байна. Гэтэл Монгол Улсын хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байгааг аль аль талдаа л мэдэж байгаа. Заавал хангах үүрэгтэй ч биш. Гэхдээ ОХУ тогтмол хэмжээнд өөрсдийн боломжоор нийлүүлэлтээ хийж байгаа. Үүнд бид баярлах учиртай. Өмнө хэлсэнчлэн ОХУ-д нийт ШТС-уудынх нь 30 хувь нь л ажиллаж байна. Бусад ШТС-ууд нь хязгаарлалттай олгож байна. Дотоодынхоо зах зээлийг бүрэн хангаж чадахгүй байгаа хэдий ч Монгол Улс руу илүүчлээд шатахуунаа нийлүүлж байгаа нь хоёр улсын дипломат харилцаа болоод төрийн тэргүүнүүдийн тохиролцоон дээр хэвийн үргэлжилж байна. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. ОХУ-аас нийлүүлж байгаа бүтээгдэхүүн Монгол Улсын хэрэглээг 100 хувь хангаж чадахгүй байгаа. ОХУ-ын төмөр зам дээр төлөвлөгөөт их засварын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор хоёр долоо хоногийн өмнө тасалдал үүссэн. Түүнээс биш ААН-үүд хиймэл хомстол үүсгээд, үнээ нэмээд байсан зүйлгүй. Энэ асуудлыг шуурхай штабаас ч мэдээлсэн.
-Оросын Элчин сайдын мэдэгдлийг ойлгоогүй. ААН-үүд олж ирсэн шатахуунаа нөөцлөөд, зориудаар хомсдол үүсгэх боломжгүй. Бид бүхэл бүтэн улс шүү дээ. Гаалийн бүрдүүлэлт, тээвэрлэлт, ачилт хуваарилалтын бүх мэдээллийг бүртгэж авдаг-
-Зарим тоон мэдээллийг тодруулаад асууя. ОХУ-аас нийлүүлж буй АИ92 шатахууны хувьд 7-р сард 47 мянга, 8-р сард 67 мянга, 9-р сард 64 мянган тонноор орж иржээ. Дунджаар 60 гаруй тонн гэсэн үг. Харьцуулаад харахад, өмнөх оны мөн үед хэдэн тонныг нийлүүлдэг байсан юм бэ?
-Таны хэлсэнчлэн 7-р сард 47 мянган тонн. Гэтэл энэ сар бол Монгол Улсын хувьд аялал жуулчлал нэмэгддэг. Иргэдийн амралтын үе. Баяр наадам ч болдог сар. Гэтэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад сарын дундаж хэрэглээ 100 мянган тонн байдаг юм билээ. 100 мянган тонны хэрэглээтэй үед 47 мянган тонныг авахаар үлдэгдэл 53 мянган тонн дээр хомстол үүсэхээс өөр аргагүй.
-Мөн үед нийлүүлэлт нь хэдэн тонноор орж ирдэг байсан юм бэ гэдгийг л асуугаад байгаа юм?
-Бид 100 мянган тонны хэрэглээтэй учраас 110, 120 мянга гэдэг байдлаар нэмэгдүүлж захиалдаг байсан гэсэн үг. Гэтэл өнгөрсөн хугацаанд бид энэ хэмжээндээ авч чадаагүй. Үүнээс шалтгаалж бензин шатахууны хомстол, оочир дараалал бий болсон. Намайг ажлаа авснаас хойш буюу 2026 оны 10-р сарын баталгаажуулсан захиалга 57 мянган тонн байсан. Бид 67 мянган тонныг авсан. 11-р сарын захиалгыг 70 мянган тонноор баталгаажуулсан. Магадгүй бид 80 мянган тонныг авах байх. Ийм л хүлээлттэй байгаа. Гэхдээ захиалга баталгаажсан учраас шууд авна гэхэд хэцүү. Учир нь өнөөдөр ч Орос Украины дайн үргэлжилж байна. 100 хувь баталгаатай гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ нэг зүйл дээр найдлага тавьж байгаа нь Ангарскийн үйлдвэр дайны бүсээс хол. Эрсдэл бага гэж харж байгаа.
-Сүүлд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын шатахуунтай холбоотой илэрхийлсэн байр суурь олон нийтийн дунд багагүй хэлэлцүүлгийг өрнүүллээ. Тэр тусмаа "Монгол дотоодын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж зориудаар шатахуунаа нөөцлөөд, зах зээл рүү гаргахгүй байгаа юм биш үү" гэж яриандаа дурдсан?
-Элчин сайд яагаад тийм зүйл ярьсныг би сайн ойлгоогүй. Өөрөө бол магадгүй гэдэг өнцгөөр ярьсан байсан. ААН-үүд олж ирсэн шатахуунаа зориудаар нөөцлөөд, албаар хомстол үүсгээд байгаа зүйл байхгүй. Бид чинь бүхэл бүтэн улс шүү дээ. Монгол Улсын хилээр орж ирж байгаа шатахууны гаалийн бүрдүүлэлтээс нь авхуулаад аль ААН-үүд аль сав руу хийж байгааг бүгдийг нь бүртгэж авдаг. Ялангуяа шатахууны шуурхай штаб дээр өдөр бүр мэдээллийг авч байна. Орж ирсэн шатахууныг нөөцлөөд, зарахгүй байна гэсэн зүйл байхгүй. Үнэхээр тийм зүйл байгаа бол нэн яаралтай гаргуулаад л заруулна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрөгч долоо хоногт шатахуунтай холбоотойгоор холбогдох албан тушаалтнуудыг дуудаж, үүрэг чиглэл өгсөн. Энэ үеэр шатахууны асуудал дээр улс төрийн ашиг хонжоо хийхийг оролдож байж болзошгүй мэдээлэл тагнуулаас ҮАБЗ-д ирсэн гэж мэдэгдсэн. Та нөхцөл байдал дээр нь ажиллаж буй хүний хувьд энэ тал дээр ямар мэдээлэлтэй байгаа вэ?
-Үүсээд буй шатахууны нөхцөл байдал дээр үндэслэн сошиал орчинд зориудаар улс төрийн ашиг хонжоо олох гэсэн зохион байгуулалт бүхий ажил явагдаж байж болзошгүй талаарх мэдээлэл хүчний байгууллагаас ирсэн. Нөгөө талдаа энгийн АИ92 автобензинийг евро 92 гэж зарж байж магадгүй талаарх гомдол шуурхай штаб дээр ирж байгаа. Эдгээр асуудлуудыг нийлүүлээд хууль хүчний байгууллагуудаас шалгаж байна. Хэрэв энгийн АИ92-г евро гэж зарсан бол хуулийн хариуцлагаа хүлээгээд явах ёстой. Өнөөдрийн байдлаар сэжигтэй хоёр тохиолдол гарсан талаар мэдээлэл ирсэн. Хуулийн хүрээнд шалгалт хийгдэж байгаа. Тодорхой болохоор мэдээлнэ.
-Нөөцөө бүрдүүлж чадахгүйгээр ирсэн шатахууны шууд борлуулалтад гаргаж байгаа гэж байсан. Хэвээрээ юу?
-Тийм ээ. Одоо нөөц бүрдүүлж чадахгүй байгаа. Буугаад шууд борлуулалтад гаргаж байна. Ирэх 12,1,2-р саруудад нөөц бүрдүүлэх зорилгоор захиалгаа ахиу хийгээд явж байна. Цагаан сарын үе гэхэд нэг сарын нөөцтэй болчих болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Ирэх 12-р сард яахаар байна. Нөхцөл байдал одоо ч бүрэн хэвийн болоогүй байна шүү дээ?
-Бүрэн хэвийн болсон гэхэд хэцүү. Улаанбаатар хотын хувьд харьцангуй гайгүй болчихлоо. Евро92 хангалттай байна. Өнөөдрийн байдлаар евро 92-ийн үлдэгдэл энгийн 92-ийн үлдэгдлээс өндөр байна. Үүнийг нийлүүлээд тооцоход евро 92-ийн нийлүүлэлт эрс сайжирсан. Өнгөрөгч аравдугаар сарын сүүл гэхэд БНХАУ-аас захиалсан шатахуунууд орж ирсэн. Мөн бусад эх үүсвэрээс захиалсан шатахуунууд орж ирсэнтэй холбоотойгоор евро 92-ийн нөөц хангалттай болж байна. 12-р сард энэ сард захиалсан 70 мянган тонноос нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа. Учир нь БНХАУ руу хийх захиалгын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж байна. Хоёрдугаарт, БНСУ-тай хамтын ажиллагааны гэрээг хийсэнтэй холбоотойгоор эхний 12 мянган тонн шатахуун энэ сард орж ирэхээр байна. Цаашид БНСУ-аас авах шатахууныг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
-"Ард түмний колонк байгуулна" гэдэгт залилангийн шинжтэй асуудал байгаа бол хууль хүчний байгууллага шалгаж тогтоох ёстой-
-Шатахууны асуудал хэвийн болохгүй байгаагаас үүдэж олон нийтийн дунд багагүй бухимдал байна. Үүнтэй холбоотойгоор иргэн н.Орхонтуулын зүгээс "Ард түмний колонк" байгуулна гээд иргэдээс 100 гаруй сая төгрөгийн хандив цуглууллаа. Энэ чинь хуулийн хүрээнд явагдах ёстой зүйл биш юм уу. Өнөөдрийн нөхцөлд хэн дуртай нь гарч ирээд ийм байдлаар иргэдээс хандив цуглуулаад байж болох юм уу?
-Энэ асуудлыг бид шуурхай штабын хурал дээрээ авч хэлэлцсэн. Хууль хүчний байгууллагуудаас шалгаж байгаа юм билээ. Шууд болно, болохгүй гэж хэлэхэд хэцүү. Хэрэв энэ асуудалд залилангийн шинжтэй зүйл байгаа бол хууль хүчний байгууллагаас шалгаж тогтоох ёстой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүрэгтэй.
-Шатахууны асуудал нь өөрөө их бензин авч ирээд түүнийгээ түгээх асуудал биш. Хүчин чадал, газрын тос боловсруулах үйлдвэр, эх үүсвэр гээд олон талын цогц асуудал. Эх үүсвэрийг нэмэгдүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Монгол Улсад нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний 95-97 хувийг ОХУ нийлүүлдэг. Үлдэгдэл 3-5 хувийг бусад улс орнуудаас авч ирсэн. Өмнө хэлсэнчлэн к2 төрлийн буюу энгийн АИ92 автобензинийг бид ОХУ-аас хямд үнээр авдаг. Гэтэл бусад эх үүсвэрээс шатахуун авъя гэхэд тогтвортой байх уу гэдэг асуудлыг тавьдаг. Тэгэхээр үүний гол гарц нь бид ирээдүйд энгийн АИ92-оос татгалзах явдал. Гэхдээ өнөөдрийн нөхцөлд болохооргүй байна. Учир нь энгийн АИ92 болон евро 92 хоорондын зөрүү асар өндөр болчхоод байна шүү дээ.
-Шатахууны нөөцийн савтай болох ажил хэр явж байна. 22 байршилд гэж байсан?
-19 ААН 22 байршилд 266 мкуб нөөцийн сав барих ажлын хүрээнд хөнгөлөлттэй зээлийг арилжааны зээлийг авсан. Ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 2 ААН-ийн нөөцийн сав ашиглалтад орсон байна. 11-р сарын дундуур "Шинэ-Эрин" компанийн нөөцийн сав ашиглалтад орно. Ер нь ААН-үүдийн нөөцийн сав барих барилгын ажил ид үргэлжилж байна. Ирэх оны хавар гэхэд эдгээр савуудыг бүрэн ашиглалтад оруулахаар зорьж байна. Ирэх онд нөөцийн сав барих татаасын зардлууд суусан. 2028 он гэхэд гурван сарын нөөцийн савтай болъё гэсэн зорилготойгоор ажиллаж байна.
-Таны хувьд газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлэх ажлын хэсгийг ахалж байгаа. Ажлын явц хэр байна вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэр дээр тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын төрийн байгууллагуудын зүгээс шийдэж болох бүх гарц гаргалгааг хайх чиглэлд дэд ажлын хэсэг ажиллаж буй. Засгийн газрын наймдугаар сарын 19-ний 32 дугаар тогтоолын хүрээнд 13 ажлын үүрэг даалгавар өгөгдсөн. Өнөөдрийн байдлаар эдгээрээс 7 нь хийгдээд дууссан. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц 55-60 орчим хувьтай явж байна. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Ажлын явцаас харахад, 2028 ондоо ашиглалтад өгч чадах уу?
-Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу гүйцэтгэгч компани 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажлаа шахаж байгаа. 2028 онд оруулах талаас нь л бид ажиллаж байна гэсэн үг.
-Өмнөх удирдлагын үед сарын 1.1 сая ам.долларын түрээстэй онгоцны гэрээ хийсэн байсныг цар тахлын үед цуцалсан. Шинээр сарын 775 мянган ам.доллар буюу бараг 300 мянган ам.доллароор хямд хоёр онгоцыг авсан. Өнөөдөр энэ онгоц хамгийн хямддаа 1.2 сая ам.долларын түрээстэй байгаа-
-Хоёул шатахууны асуудал дээр гол тулгуу ярилцлаа. Үргэлжлүүлээд томилгоо тойрсон зарим асуудал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм. Та АҮЭБ-ийн дэд сайдаар томилогдож ирэхийн өмнө МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал, БОУАӨ-ийн дэд сайдаар ажилласан. Тухайн хоёр албан тушаалд та хэр үр дүн гаргаж ажилласан гэж өөрийгөө дүгнэж байгаа вэ?
-Үр дүнгээ ярихын тулд тоо л ярих ёстой байх. Түүнээс биш би өөрийгөө хэр ажилласан бэ гэдгийг дүгнэж хэлэх нь хувь хүний зарчимд маань нийцэхгүй байна. Зарим нэг зүйл дээр алдаа оноотой шийдвэр гаргасан байхыг үгүйсгэхгүй. Зарим дээр нь зөв менежмент шийдлийг гаргасныг үгүйсгэхгүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд БОУАӨ-ийн дэд сайдаар ажиллалаа. Энэ хугацаанд Монгол Улсад COP17 хурлыг зохион байгуулахад 100 хувь гар бие оролцож ажилласан. Ямар ч байсан хурлын зохион байгуулалтад оролцогчид сэтгэл ханамжтай буцсан гэх дүгнэлттэй байгаа. Бусад газрууд яаж дүгнэж байгааг хэлж мэдэхгүй юм. Бид ажлын ард гарсан. Түүний өмнө МИАТ компанид 2018 оноос хойш 8 жил 9 сарын хугацаанд ажилласан байдаг. Энэ хугацаанд Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад МИАТ компанийн Гүйцэтгэх захирлаар 4 жил гаруй хугацаанд ажилласан. Өөрийнхөө зорьсон ажлуудын дийлэнхийг хийж чадсан. Гэхдээ нэг л ажил дээр харамсал төрдөг. Тэр нь олон улсад нээлттэй IPO гаргах ажлаа гардаж хийж чадаагүй.
-Таныг МИАТ-ын Гүйцэтгэх захирлын ажлаа өгч байхад санхүү, худалдан авалттай холбоотой асуудал байсан гэх мэдээлэл гарч байсан. Та одоо тайлбар өгч болох уу. Үнэхээр ийм асуудал байсан уу?
-Яг өнөөдрийн байдлаар үүнтэй холбоотой ямар нэг гаргаж ирж, шалгасан асуудал байхгүй. Ажил өгөхтэй холбоотой зохион байгуулалттай гүтгэлэг байсныг үгүйсгэхгүй. Монгол Улсын агаарын тээврийн салбарт хэрэглэгдэж байгаа МИАТ компанийн 292 хүний суудалтай онгоцыг авахдаа алдаа гаргасан гэх асуудлыг ярьсан. Нэг хаалгыг нь хаасан бол тэр чигт нь хаах ёстой гэж боддог учраас энэ талаар ярьдаггүй, ярихыг хүсдэггүй. Гэхдээ таныг асуусан учраас би танд тайлбар хэлье. Өмнө нь энэ тал дээр тайлбар өгч байгаагүй. Тухайн онгоцыг сарын 1 сая 100 мянган ам.долларын түрээстэй хийсэн байсан. Аз болоход ковид гарч, гэрээг цуцлах боломж надад бүрдсэн учраас би тэр гэрээг цуцалсан. Шинээр авсан хоёр онгоц маань сарын 775 мянган ам.доллар буюу бараг 300 мянган ам.доллароор хямдаар цар тахлын үед авсан. Өнөөдөр энэ онгоц хамгийн хямддаа сарын 1 сая 250 мянган ам.долларын түрээстэй байгаа. Тэгэхээр л эндээс ямар үр дүнтэй онгоц авсан бэ гэдэг нь мэдэгдэх байх. МИАТ компанид ажиллаж нь нэр төрийн хэрэг байсан. Өөрийнхөө зорьсон зүйлээ хийхийн төлөө ажилласан. Зарим амжилтууд гаргасан байх гэж боддог.
-Та чөлөөлөгдөх үндэслэлээ юу гэж тодорхойлсон юм?
-Нэгдүгээрт, би 9 жил орчим хугацаанд МИАТ компанид ажилласан. МИАТ компанид нислэгийн аюулгүй байдал гэдэг бол маш чухал хариуцлага байдаг. Тасралтгүй 4 гаруй жил ажиллахад маш их стресс авч ажилласан. Хийх гэж зорьсон ажлуудынхаа дийлэнхийг хийчихсэн байсан учраас чөлөөлөгдөх дээр ямар нэг байдлаар татгалзаагүй. Өөрийн хүсэлтээр өргөдлөө бичиж өгөөд гарсан.
-Та тодорхой ажлууд дээр төвлөрөөд БОУАӨ-ийн дэд сайдаараа ажиллаж байсан. Гэтэл яагаад АҮЭБ-ийн дэд сайдаар таныг аваад ирэв. Энэ ер нь хэний санаа байсан юм бэ?
-Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал шүү дээ. Би COP17 дууссанаас сар хагасын дараа шилжсэн. Өнөөдөр үүсээд буй шатахууны нөхцөл байдлын хүрээнд шуурхай штаб дээр нэн яаралтай зохион байгуулалт хийх шаардлага үүссэн. Хоёрдугаарт, шинээр дэд сайдын орон тоо гаргах боломжгүй байгаа учраас БОУАӨ-ийн дэд сайдын албан тушаалыг байхгүй болгоод АҮЭБ-ийн дэд сайд руу шилжүүллээ л гэсэн. Энэ үед нь Ерөнхий сайдын гаргасан шийдвэр учраас татгалзах зүйлгүй гэдгээ хэлээд зөвшилцөж байж орсон.
-Эргээд энэ томилгоо салбарыг толгойлоод явж байгаа Г.Дамдинням сайдыг ажлаа хийж чадахгүй байна уу гэж харахад хүргэсэн, ажлыг нь үгүйсгэсэн томилгоо явчхав уу гэж харсан?
-Үгүй шүү дээ. Харин ч сайддаа хүч нэмье гэсэн. Өнгөрсөн хугацаанд ганцхан сайд ч биш бүрэн яамны аппарат тэр чигтээ ажиллаад явж байна шүү дээ. Сайдын хувьд маш олон гэрээ хэлцэл хийсний үр дүн гарч байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалд өдөр тутмын зохион байгуулалтад анхаарах, хараа хяналттай байлгах хүн хэрэгтэй байсан учраас бараг Г.Дамдинням сайдын хүсэлтээр хийгдсэн томилгоо гэж харж болно. Ер нь богино хугацаанд хоёр ч дэд сайдын ажил сэлгэсэн ч үүнийг өөрийгөө туршлагажуулах боломж гэж харсан.
Ярилцсанд баярлалаа


