“Оюунлаг”-ийн сайн туршлагыг бусад сургуулиудад нэвтрүүлье 

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 4 мин 26 сек
00
6f3b6c0c85e60fade7d09f7af82da7bc.webp

Монгол Улсын баруун захын алслагдсан аймагтамьдарч буй 15 настай Хүслэн охин нийслэлийн …дугаар сургуульд суралцаж буй үе тэнгийн Намуун найзаасаа 1.5-2 жилээр хоцорсон мэдлэгтэй байгааг 2022 оны “PISA”-гийн үнэлгээ харуулав. 

Тодруулбал,Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас 1997 оноос хойш тогтмол буюу гурван жил тутамд олон улсад зохион байгуулдаг “Сурлагын амжилтын үнэлгээ” /PISA/-нд Монгол Улс 2022 онд анх удаа компьютер суурьтайгаар хамрагдаж, бидний мэдлэг, ур чадвар дэлхийн хаана байна вэ гэдгээ судлуулж байжээ.Тухайн үед OECD-гаас сургалтын чанарт ахиц дэвшил гаргах хэд, хэдэн үүрэг чиглэлийг МонголУлсад өгсөн байдаг. 

-Нэгдүгээрт, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх 

-Хоёдугаарт, багш нарынхаа ур чадварыг дээшлүүлэх

-Гуравдугаарт, суралцах орчныг сайжруулах гэсэн чиглэл өгсөн байна. 

Тархай, бутархай суурьшин амьдардаг Монгол Улсын хот, хөдөөгийн боловсролын ялгаа асар их, нийгмийн боломжтой хэсэг, боломж багатай хэсгийн ялгааг арилгахын тулд боловсролын тогтолцоондоо өөрчлөлт хийх үүрэг өгсөн ч харамсалтай нь ахиц дэвшил гэхээр зүйл үзүүлж чадаагүйг өнгөрөгч есдүгээр сард зарласан хоёрдахь удаагийн үнэлгээний дүн мэдээ харуулав. 

-10 хүүхдийн долоо нь уншсанаа ойлгох суурь чадварт суралцаагүй- 

2025 оны үнэлгээнд дэлхийн 91 орон хамрагдсанаас Монгол Улс нэгдсэн дүнгээр 49 дүгээр байранд оржээ. Дэлхий дахины 760 мянган 15 настнуудтай манай улсын нийслэл, аймаг, сумын 7146 хүүхэд өрсөлдөж, ур чадвараа үнэлүүлэв. 2022 онтой харьцуулахад зарим талаараа буюу байгалийн ухааны ур чадвар 12 оноогоор нэмэгдэж, өндөр өсөлт үзүүлсэн 10 орны нэг болсон ч унших чадвараар 91 улсаас 69 дүгээр байранд эрэмблэгдсэн нь олон улсын дунджаас 87 оноогоор доогуур үзүүлэлт байжээ. 

 Монголын 15 настай суралцагчдын ердөө 33 хувь нь унших чадварын суурь буюу хоёрдугаар түвшинд хүрсэн байна. Олон улсын OECD-ийн дундаж 69 хувь. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын долоо нь уншсан текстийн гол санааг бие даан тодорхойлох, мэдээллийг харьцуулах, утгыг нь ойлгож тайлбарлах чадварт суралцаагүй. Математикийн ур чадвараар 419 оноо авсан нь дэлхийн дунджаас 44 оноо доогуур үзүүлэлт бөгөөд 91 улсаас 49 дүгээрт эрэмблэгдэв. Гэхдээ энэ нь бүх агуулгаараа муудчихсан гэсэн үг биш. Таван хүүхэд тутмын гурав нь байгалийн ухааны мэдлэг, чадварыг эзэмшсэнбайгаа нь сайжирсан тоо баримт. Суурь түвшинд хүрээгүй суралцагчдын тоо 2022 онтой харьцуулахад 10 нэгжээр буурсан, зарим үзүүлэлт Хятад, Хонконг, Макао, Тайванийн түвшинтэй ойролцоо гарчээ.

 Нийтлэлийн эхэнд онцолсон аймаг, хотын суралцагчдын ялгаа буурсан сайн мэдээ ч дуулдав. Гэхдээ энэ нь тултал сайжирсан, өндөр өсөлт харуулсан гэсэн үг биш бөгөөд ялангуяа уншиж ойлгох ур чадварт анхаарах хэрэгтэй болсныг харуулж буй юм. Боловсролын чанар, шинэчлэл гэдэг сургууль, цэцэрлэг нэмж барих, өдөржингөө нуруугаа бөхийтөл номоо хуулж суух бус бие даан сэтгэдэг, асуудлыг олон талаас хардаг, мэдлэгээ амьдралд хэрэгжүүлдэг болох шинэчлэл өөрчлөлт ус агаар мэт хэрэгтэй байгааг энэхүү үнэлгээний дүн бидэнд харууллаа.  

-Монгол хүүхдүүд ур чадвартайг “Оюунлаг” сургуулийн жишээ харуулав-

 Нэг талаас Монгол Улс боловсролын тогтолцоогоо эргэж харах, хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх бодлогоо бодитой хэрэгжүүлэх цаг ирснийг энэхүү дүн мэдээ харуулж байна. Нөгөө талаас монгол хүүхдүүд олон улсын түвшинд өрсөлдөх боломжтойг харуулсан сайн сургуулийн жишээ ч бас байна. Тодруулбал, 1999 оноос хойш математик, гадаад хэл, байгалийн ухааныг хослуулан Монголын боловсролын тогтолцоотой хамтатган олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй “Оюунлаг” сургууль нь “PISA-2025"-д Монгол Улсаас оролцсон 191 сургуулиас уншаад ойлгох чадвараар олон улсын дунджийг давжээ. Математик, байгалийн ухаанаар 553 оноо авсан нь дэлхийд топ 3-т орсон улс орны дундажтай дүйх үр дүн юм. 

 Тэгвэл энэ амжилтыг бусад сургуулиудад хэрхэн түгээх вэ. Хүүхдийн суралцах орчин, багшийн ур чадвар, сургалтын үнэлгээг хэрхэн өөрчлөх вэ гэдгийг судалж, сайн жишгийг сум, аймаг, нийслэлд нэвтрүүлэх талаар туршлага солилцоход буруудах юм алга. Хамгийн гол нь хот, хөдөөгийн ялгааг арилгахын тулд юугаараа илүү байв, ямар арга барил хэрэглэв, хүүхэдтэй ажиллах аргазүй нь ялгаатай байсан уу гэдгийг судалж, сайн туршлагыг нь бусад сургуульд нэвтрүүлэхэд Боловсролын яам анхаарах нь зүйтэй юм. 

 Боловсрол олгох гэдэг нь дан ганц хичээл даалгавраар “дарж”, өдөр шөнөгүй хичээл хийлгэж суулгахын нэр биш. Суралцагч сургуульдаа аюулгүй орчин мэдэрдэг, багштайгаа ойлголцдог, багш нь ур чадвараар хүлээн зөвшөөрөгддөг, амьдрах орчиндоо сэтгэл ханамжтай байх, гэр бүлийн дэмжлэг зэрэг олон шалтгаантай холбоотой. Тухайлбал, 2022 онд монгол хүүхдүүд сургуулийн орчиндоо сэтгэл ханамжтай эсэх үзүүлэлтээр 7.2 байсан бол энэ тоо 2025 онд 7.8 болж нэмэгдсэн. Суралцагчийн сониуч зан нэг нэгжээр нэмэгдэхэд л байгалийн ухааны гүйцэтгэл 11 оноогоор өсдөг. Тэгэхээр “Оюунлаг” сургуулийн сургалтын арга барил буюу үндэсний болон олон улсын хосолсон сургалт, суралцагчийг өөр, өөрийн арга барилаар сонирхолтой байдлаар суралцахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог хувь, хувьсгалын бусад сургуулиудад нэвтрүүлэх нь зөв юм. 

“PISA 2025”-ын үр дүнд үндэслэн 2026-2028 онд хэрэгжүүлэх ажлуудаа ч илүү тодорхой төлөвлөх шаардлагатай болов, бид. Улсын хэмжээнд нэг бодлого хэрэгжүүлэх бус, сургууль, суралцагч бүрийн түвшинд анхаарч, сургалтын чанар, багшийн чадавх, санхүүжилт, эцэг эхийн оролцоог хангая. 

Дэлхийн боловсролын яг хаана байна вэ гэдгээ мэдчихсэн учраас цаашдаа монгол хүүхдээ мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх бодлогоо тууштай, зоригтой хэрэгжүүлье. Орон нутагт олон улсын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүжилт гаргая. “PISA”-ийн 49 дүгээр байр гэдэг амжилт ч биш, ялагдал ч биш. Олон улсад байр ахих амбийцаас илүү монгол хүүхэд хот, хөдөө, хаус, байр, монгол гэрт амьдарч буйгаас үл хамааран дэлхийн боловсролыг адил тэгш эзэмших, хаана ч очсон мэдлэгээрээ өрсөлдөх чадвартай болох нь чухал байна.