М.Энхцэцэг: Б.Найдалаа сайдын үед эрчим хүчний салбар нар үзэхгүй юм байна. Огцруулах бичигт 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан

"Юу байна" подкастын ээлжит дугаарт УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг урьж ярилцлаа.
-Сүүлийн үед та "Тендерийн мадаам" гэдэг нэр хоч аваад байх шиг байна. Гэхдээ энэ бол нэр хоч гэхээс илүүтэйгээр төрийн өндөр дээд албан тушаалтан нөлөөлж, нөхрийнхөө компанид төрөөс тендер авч өгсөн үү зэрэг тодорхой асуудлуудыг хөндөхөд хүргэж байна. Таны нөхрийн "Бодит чадал" компани 2017 оноос хойш 94 бараг 100 орчим тендерт шалгарчээ. Үүнээс ярилцлагаа эхэлье?
-Би УИХ-ын гишүүн болоод хоёр жил болж байна. Манай нөхөр бид хоёр нэг мэргэжлийн хүмүүс. Нөхөр маань цахилгаан хөдөлгүүр түүний автомат удирдлага чиглэлээр мэргэшсэн, 15 жил бизнес эрхэлж байгаа хүн. 2024 оноос өмнө бид хоёр төрийн өндөр албан тушаал эсхүл төрд ажиллаж байсангүй. Тэр үед бизнес хийж болно биз дээ. Монголын ямар хуулиар үүнийг хязгаарласан байдаг юм. Ялангуяа монголын нөхцөлд өөрийнхөө мэргэшсэн мэргэжлээрээ хувь нэмрээ оруулаад явах нь зөв биз дээ. Оруулж байгаа ганц арга нь хамгийн хямд, чанартай үйлчилгээгээрээ өрсөлдөөн, сонгон шалгаруулалтад оролцсон. Ийм л зүйл бий.
-Та 2024 оноос УИХ-ын гишүүнээр ажилласан. Одоо яригдаад байгаа тендерүүд нь 2017 оноос хойшх гэж та тайлбарлаад байгаа ч 2024 оноос хойш гэж харвал 2026 онд гурван ч тендерт шалгарсан байна лээ. Үүнд ямар нэг нөлөө, ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй гэж үү?
-Би ямар нэг байдлаар нөлөөлөөд нөхөртөө тендер авч өгсөн зүйл байгаа бол гаргаад ир гэж хэлээд байгаа шүү дээ. Би хариуцлага хүлээхэд бэлэн. Хоёрдугаарт, би УИХ-ын гишүүн боллоо гээд нөхрөөсөө салах ёстой байсан уу. Эсвэл нөхрөө "Чи хоолоо олж идэхээ боль" гэх байсан уу. Ямар ч авцалдаагүй зүйл. Манай нөхөр нэлээн нарийн тоног төхөөрөмжийн монголдоо ганц байдаг дистрибьютер. Зарим компаниуд орж буй ажил дээр нь манай нөхрийн компаниас тухайн тоног төхөөрөмжийг худалдаж авах шаардлагатай болдог юм байна лээ. Энэ утгаараа манай нөхрийн компани туслан гүйцэтгэгч байдлаар ордог.
-УИХ-ын гишүүн бол улс төрийн албан тушаалтан. Энэ утгаараа тендер аваад байх нь хэр зөв юм бэ. Та ч гэлтгүй бусад УИХ-ын гишүүн дээр ч "Ашиг сонирхлын зөрчил үүсэх гээд байна шүү" гэдэг байдлаар зарим нь ханддаг шүү дээ?
-Тийм. Гэхдээ хамгийн гол нь сайн судлах л хэрэгтэй. Үнэхээр би нөлөөлөөд нөхөртөө тендер авч өгч байгаа бол өөр хэрэг. Гэтэл ямар ч тийм зүйл байхгүй. Хэрэв байвал гаргаад ирж болно. Би түүнд хариуцлага хүлээхэд бэлэн. Нөгөөтээгүүр нөхөр маань намайг нэгэнт УИХ-ын гишүүн болсон учраас компаниа зарж, шилжүүлж байгаа. Нэг дор бүх мөнгөө шилжүүлээд худалдаад авчихдаг хүн ховор юм байна. Компаниа больж байгаа гэсэн үг. Ямар нэг хууль зөрчсөн зүйл хийгдээгүйг би баттай хэлнэ.
-Энэ мэдээлэл гарч эхэлснээс хойш та нөхрийнхөө компанийн тендертэй холбоотой мэдээллийг шүүж харсан уу?
-Үгүй. УИХ-ын гишүүний ажил маань маш завгүй. Нөхрийнхөө ажилд өмнө нь ч одоо ч оролцдоггүй. Би чинь 2015-2024 онд Австралид магистр, доктороо хамгаалаад инженерээр ажиллаж байсан. Манай нөхөр ирж очин бизнесээ хийдэг байсан юм.
-Та өнгөрөгч есдүгээр сард Оюутолгойг сэргээгдэх эрчим хүчээр хангахтай холбоотой асуудлыг хөндөж байсан. Тухайн үед танай нөхрийн компанийн талаар давхцаж гарч ирсэн шүү дээ. Магадгүй улс төрийн хувьд энд ямар нэг зүйл байх боломжтой юу?
-Би эрчим хүчний салбарт байгаа асуудлыг буюу эрсдэлийг хөндөж, гаргасан. Гэтэл асуудлыг нь ярихаас илүү тухайн асуудлыг гаргаж ирсэн хүнийг нь тарган, туранхайгаар нь доромжилж, дуугүй болгох арга технологи хэрэглээд сурчихсан юм байна гэж харж байгаа. Магадгүй Монгол Улс хөгжихгүй байгаагийн нэг шалтгаан нь энэ. Би ОТ-н сэргээгдэх эрчим хүчний асуудал дээр гурван эрсдэлийг дэвшүүлж ярьсан. Нөгөө талдаа асар их хэмжээний мөнгийг хэвлэл мэдээлэлд зарцуулж байна. Сүүлийн өдрүүдэд сошиал дээр намайг "урж тасдах" ажилд Б.Найдалаа, Т.Доржханд хоёр татвар төлөгчдийн мөнгөнөөс хэдэн арван тэрбумыг зарцуулж байна. Би долоодугаар сараас хойш л асуудлыг гаргаж тавьсан шүү дээ. Шүгэл үлээсэн хүнийг шонд өлгөдөг арга барилтай болчхож. Асуудлыг гаргаж тавиад, засахын төлөө явах нь гишүүний байтугай монгол хүн бүрийн үүрэг. Гэтэл үүргээ биелүүлснийх нь төлөө шонд өлгөж байгаа нь маш буруу арга барил. Үүнийг засах ёстой.
-Аукционы нэг эрсдэл нь "Цахилгаан авахгүй байсан ч мөнгийг нь төлнө" гэдэг гэрээ. Үүнээс болж ЭХЯ их хэмжээний өрөнд орох эрсдэлтэй-
-Оюутолгойн сэргээгдэх эрчим хүчний аукционыг та тендер гэж ойлгоод яваа юм уу. Таныг хольж ойлгоод байна гэдэг зүйлийг Б.Найдалаа сайд дурдаж байсан. Энэ асуудал ер нь юу болов?
-Үүнд асар их хэмжээний хууль зөрчсөн асуудал бий. Энэ нь АТГ, тагнуулын байгууллагад шалгагдаж байгаа гэж сонссон. Би энэ асуудал дээр үндсэн гурван эрсдэл байгааг хөндсөн юм.
Нэгдүгээрт, эрчим хүчний хараат байдал нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, шалгарч буй компани нь сэргээгдэх барина. 99.5 хувийн найдвартай эх үүсвэрийг нь Хятад нь л хангадаг юм байгаа биз гээд орхино. Нэг ёсондоо хятадтай тасралтгүй холбоотой ажиллана гэсэн үг. Хятадаас цахилгаан худалдаж авч эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Гэрийнхээ унтраалгыг хүний гарт өгч байгаатай л адил.
Хоёрдугаарт, Б.Найдалаа сайд Оюутолгойг найдвартай эрчим хүчээр хангах Тавантолгойн ДЦС-ын ажлыг гацаанд оруулсан. Яагаад гэвэл Тавантолгойн ДЦС-ын цорын ганц хэрэглэгч нь Оюутолгой. Гэтэл Оюутолгойг сэргээгдэх эрчим хүчээр хангана гээд ийм том гэрээг хийчихээр Тавантолгойг барих боломжгүй болж байна. Мөн Оюутолгой олон жил монголын эрчим хүчний системийг найдваргүй, тогтворгүй гээд Хятадаас авдаг. Саяхан Оюутолгой мэдэгдэл гаргасан байна лээ. Ингэхдээ 30 хувиа сэргээгдэхээс, үлдсэн 70 хувиа дотоодын тогтвортой найдвартай эх үүсвэрээс авна гэсэн байсан. Гэтэл сэргээгдэх бол тогтвортой эх үүсвэр биш.
Гуравдугаарт, аукционы нэг эрсдэл нь "Цахилгаан авахгүй байсан ч мөнгийг нь төлнө" гэдэг гэрээ хийдэг. Тэгэхээр Оюутолгой сэргээгдэхийг авахгүй гэсэн тохиолдолд ЭХЯ өрөнд орно. Монголын эрчим хүчний салбар нэг худалдан авагчийн загварыг хэрэглэдэг. Энэ нь хэрэглэгч, станц хоёрын дунд төр байдаг загвар юм. Тэгэхээр нэг худалдан авагчийн загварын энэ жилийн өр нь 400 тэрбум. Ирэх онд 800 тэрбум болно. 2028 онд 1 их наяд хүрч өснө. Гэтэл энэ өрийн нэлээдгүй хувь нь "Цахилгаан авахгүй байсан ч мөнгийг нь төлнө" гэдэг гэрээнээс болж байгаа. ХҮН нам эрчим хүчний салбарыг толгойлж байгаа үед маш олон ийм гэрээг хийгээд хаяна. Нөгөө өр нь татаас болно.
-Жил бүр нэмэгдээд явна гэсэн үг үү?
-Тийм ээ. Энэ эрсдэлийг л би гаргаж тавьсан юм. Энэ бол хамтдаа суугаад ярилцах ёстой асуудал. Эрсдэл ярингуут өөдөөс тасралтгүй доромжилдог.
-70 хувийг хангах хэмжээний тогтвортой эх үүсвэр манайд байгаа юм уу. Та энэ асуудлын шийдлийг нь юу гэж харсан юм?
-Тавантолгой дээр аукцион зарласан бол би алга таших байсан. Өмнө нь олон жил яригдсан ажил шүү дээ. Гэтэл саяны сэргээгдэх дээр тэгш боломжоор өрсөлдөх боломжийг хангаагүй юм билээ. Уг нь сэргээгдэх эрчим хүчний хуульд зөвхөн үнээр шалгаруулж байгаа тохиолдолд техникийн нөхцөл нь аль эрт гарчихсан байх ёстой. Техникийн шийдэл, ажлын тоо хэмжээ гээд бүх юм нь тодорхой байх ёстой.
-Гэхдээ аукцион чинь арай өөр байдлаар явагддаг юм биш үү?
-Үгүй шүү дээ. Яаж ч бодсон ижил өрсөлдөх боломжоор хангахгүй болчхож байгаа биз дээ. Техникийн нөхцөл, ТЭЗҮ аль аль нь гарчихсан байх ёстой байтал хууль зөрччихсөн. Гэтэл түүнийгээ "Шалгарсан компани нь манайхаар ТЭЗҮ-ээ батлуулна" гэж тайлбарлаад байгаа юм. Та бүхэн бод доо. Ямар нэг ажлыг хийхэд бүх техникийн шийдэл гарчихсан зүйл дээр л үнээр нь өрсөлдүүлэх ёстой. Ийм хууль зөрчсөн асуудлууд бий. Мөн маш өндөр буюу 7.9 центээр шалгаруулчихсан. Энэ хавар ЭХЯ таван аймагт аукционыг амжилттай зохион байгуулсан. Би үүнд талархаж байгаа. Үүний үр дүнд 50 мВТ-ын нарны станц 4.85 цент руу буурсан. Харин саяны аукцион дээр 270 мВТ дээр 7.9 цент. Гэтэл хүчин чадал нь өсөх тусам тариф буурна. Ер нь энэ мэтчилэн маш олон асуудал байгаа гэж харж байна.
-Та Тавантолгойн ДЦС-ын ажлаа хурдан явуулах ёстой гэлээ. Баригдаагүй гэдэг утгаараа хангах эх үүсвэр чинь бий болоогүй байгаа юм биш үү?
-Тиймээс л ажлыг нь хурдан явуулах ёстой. Тавантолгойн ДЦС дээр аукцион зарлачихсан бол үр дүнтэй байх байсан. Энэ ажил дээр төр, хувийн хэвшлийн түншлэлээр тендер зарлана гээд өнгөрсөн хавраас хойш ярьсан ч өнөөдөр бодит байдал хэвээр.
-2023 оноос хойш яригдаж байгаа зүйл шүү дээ?
-Тийм ээ. Энэ яалт ч үгүй төр засгийн буруу. Гэхдээ энэ аукцион дээр үүсэж буй дараагийн асуудал бол Оюутолгой аль хэдийнэ хятадаас эрчим хүч авдаг. 500 тэрбум төгрөгийг Өвөрмонголын эрчим хүчний системд оруулдагр. Яаж Өвөрмонголын эрчим хүчний системээс Оюутолгойгоо буцааж авах вэ гэж бодож байтал саяын ауцкионоор нөгөө л Өвөрмонголын компани шалгарчихсан. Өөрөөр хэлбэл, бид Өвөрмонголын системд өгч буй 500 тэрбумаа бууруулах нь бүү хэл Оюутолгой, түүний ойр орчмын уурхай гээд бүгд хятадаас хараат болох үүд хаалгыг нээчихлээ. Дараагийн том асуудал бол Оюутолгойг хятадтай холбодог шугамын дамжуулах хүчин чадал нв 600 мВТ. Үүнээс болж нэгдүгээрт, манайх дотоодынхоо эх үүсвэрийг барихгүй. 500 тэрбумыг бууруулах нь бүү хэл саяхан төсвийн тодотголоор 550 тэрбум болгоод оруулаад ирсэн. Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж байгаад Өмнөговь аймгийг монголын эрчим хүчнээс таслаад хятад руу өгчихсөн. Энэ үүд хаалгаа нээчихсэн. Угтаа бол ингэж хараат байдлаа нэмэгдүүлэхгүйгээр дотооддоо тохируулгын эх үүсвэрүүдийг барих ёстой. Гэтэл тохируулгын эх үүсвэрийг барих нь бүү хэл, барих мөнгөөрөө татаас тавьж байгаад Өвөрмонголын эрчим хүчний системийн орлогыг 550 тэрбумаар өсгөж байна. 2027 оны төсөв дээр ч шүүмжлэлтэй хандаж байгаа.
Өмнөговь бол эрчим хүчний салбарын хувьд маш том хэрэглэгч. Гэтэл тэр хэрэглэгчээ тасалж аваад Хятад руу өгчихлөө. Нэгдүгээрт, хэрэглэгчээ алдаж байна. Хоёрдугаарт, олох орлогоо алдаж байна гэсэн үг. Гэтэл үүнийг нь асуухаар өөдөөс уурлаад, чичрээд байдаг. Бусад гишүүд ч үүнийг анзаарсан байна лээ.
-"Цусаар бичигдсэн дүрэм" гэж үздэг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр тэтгэвэрт гарсан цагдааг томилсон-
-Магадгүй тендер, аукционтой холбоотой асуудлыг хөндөж байгаагийн цаана ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байгаа юм биш биз гэдэг хардлага байна?
-Манай нөхөр цахилгаан хөдөлгүүр түүний автомат удирдлага гэсэн чиглэлээр л бизнес хийдэг. Хүний урманд сэргээгдэхийн бизнес хийдэггүй. Энэ дээр ямар ч ашиг сонирхлын зөрчил байхгүй.
Ер нь ингээд харвал Ерөнхий сайдын манлайлж байгаа бодлогыг салбарын сайд нь хэрэгжүүлж чадахгүй байна. Би үүнд л шүүмжлэлтэй хандаж байна.
-Та хүний нөөцтэй холбоотой асуудлыг хэлээд байна уу?
-Тийм ээ. "ХҮН намд элс. Тэгвэл хэлтсийн дарга, ямар нэг даргын албан тушаал дээр томилж өгье" гэж салбарын хүний нөөцийг маш их улстөржүүлж байна. Би ганцаараа энэ асуудлыг хөндөөгүй. Бусад УИХ-ын гишүүд болон салбарын хүмүүс ч үүнийг ярьж байна. Салбартаа мэргэшсэн хүнийг бэлдэнэ гэдэг нь асар их хэмжээний цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр. Гэтэл мэргэшсэн хүмүүсийг нь халж солиод байна. Зүгээр л нэг жолооч, багшаар удирдуулж байна. Арай л дэндүү байгаа биз дээ. Эрчим хүчний салбар бол онцгой салбар. Хэр баргийн хүн энд ажиллахгүй. Тэтгэвэрт гарсан цагдааг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр томилж байна. Гэтэл эрчим хүчний салбарт аюулгүй ажиллагааны дүрмээ цусаар бичигдсэн дүрэм гэж үздэг. Тиймээс маш өндөр түвшинд мөрдөж ажилладаг. Гэтэл ийм салбарыг мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулж буй явдал маш их гарч байна. Мөн нэг үе томилж байсан бүтээмж, хяналтын менежер гэгчийн нэрийг нь солиод компаниудад томилгоо хийгээд эхэлсэн. Энэ чинь хүний нөөцийг самарч байгаа хэрэг. Тоног төхөөрөмж ярихаас илүүтэйгээр хүний нөөц маш чухал. Энэ мэт асуудлыг нь шүүмжилж ярьсны төлөө сошиал дээр бараг дүүжилж байх шиг байна. Гэхдээ би айж, эмээгээд явахгүй. УИХ-ын гишүүн улс орны, ард түмний төлөө тангараг өргөсөн байдаг. Энэ ажлаа л хийгээд явж байгаа.
-Салбарын халаа, сэлгээ томилгоотой холбоотой мэдээлэл ирж байна гэлээ. Жишээлбэл, ямар мэдээлэл ирж байна. Таныг баримтаа гаргаж ир л гээд байгаа шүү дээ?
-Ажлаасаа халагдсан, хууль бусаар албан тушаалаа өгсөн бүх хүмүүс надад хандаж байгаа. Тухайн хүмүүсийн дийлэнх нь шүүхдээд явж байна. Хоёрдугаарт, зарим хүмүүсийг нь "Чамайг өөр албан тушаалд тавина" гэж хэлээд шүүхдэх хугацааг нь дуусгачихаж байна. Гэтэл өнөөдөр тэр хүмүүс нь гудамжинд гарчихсан яаж хоолоо олж идэх билээ гээд явж байна. Тэр хүмүүс чинь 20, 30 жил салбартаа ажилласан хүмүүс шүү дээ. Албан ёсоор асуулга явуулчихсан байгаа. Тухайн асуулгын хүрээнд эрчим хүчний салбарт хийгдсэн бүх халаа сэлгээ, томилгоотой холбоотой мэдээллийг ирүүлэх ёстой.
-Тодорхой мэдээллүүд ирж байж болно. Гэхдээ таны хэлж буй үг, хийж буй үйлдэл хариуцлагатай бөгөөд албан ёсных байх ёстой. Энэ утгаараа ирж байгаа мэдээллээ хэр нягталж байгаа вэ. Түүнд яаж шүүлтүүртэй хандаж байна вэ гэдгийг асуумаар байна?
-Та бүхэн мэдээллийн сайтууд дээр тавигдсан мэдээллийг хараарай. Би гэхдээ энэ чиглэл дэх мэдээллийг албан ёсны шугамаар нь авахаар асуулга тавьчихсан байгаа.
-Б.Найдалаа сайд “Тодорхой томилгоонуудыг хийсэн нь үнэн. Гэхдээ ажлын хариуцлага алдсан, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг чөлөөлсөн” гэх үндэслэлийг ярьж байна лээ. Магадгүй танд хандаж буй хүмүүс ийм асуудалтай юм биш биз?
-Асуудалтай, ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцох нь салбарын сайдын бүрэн эрхийн асуудал. Гэхдээ тухайн хүмүүс шударга бусаар, хууль зөрчиж ажлаасаа чөлөөлөгдсөн гэж үзсэн учраас шүүхэд хандаад явж байна шүү дээ. Түүнээс биш ажлын хариуцлага алдаад халагдсан бол яах гэж шүүхдэх юм. Б.Найдалаа сайд хоёр, гурван ч мэдэгдэлдээ ажлаас халагдсан хүмүүсийг авлигач, хулгайч гэж хэлж байна лээ. Энэ бол үнэхээр харамсалтай мэдэгдэл. Хоёрдугаарт, сайдын зүгээс салбарынхан маш өндөр цалинтай гэж мэдэгдээд байдаг. Эрчим хүчний салбарын өндөр хүчдэлтэй, бохирдолтой, өнөө маргаашгүй дэлбэрэх нь холгүй байгаа тоног төхөөрөмжийн хажууд эрсдэл үүрээд сууж байгаа хүмүүс амьдралаа залгуулах хэмжээний цалинтай байх ёстой. Гэтэл сайд нь маш хариуцлагагүй мэдэгдэл хийж байна.
-Б.Найдалаа сайд төсвөө хасуулсныхаа бурууг бусдаас хайх хэрэггүй. Төсвөө хамгаалж чадаагүй нь өөрийнх нь буруу шүү дээ-
-Та бид хоёрын ярилцлага хийж буй энэ цаг мөчид эрчим хүчний салбарт шинэ нөхцөл байдал бий болсон нь Дархан-Уул аймгийн ДЦС-д гэмтэл гарч, аймаг даяараа тоггүй болсон явдал. Энэ ДЦС бол 26 сумын 60 мянган хэрэглэгчийг цахилгаанаар хангадаг том сүлжээ. Урьдчилсан байдлаар шалтгаан нь тогтооход нөгөө л засвар шинэчлэл, насжилттай холбоотой гэж гарсан. Гэтэл өвөл эхлээ ч үгүй байхад гэмтэл гарлаа. Үүссэн нөхцөл байдал дээр та ямар дүгнэлт хийж байна вэ?
-Энэ үүссэн нөхцөл байдал нь ХҮН намын томилгоо өвөлд бэлэн үү гэдгийг л харуулж байна. Өвөлд бэлэн гэж хариулт өгсөн хүмүүсээ хар л даа. Өвөл ч болоогүй байна шүү дээ. Одоогийн нөхцөлд харьцангуй хүйтрээгүй буюу хэрэглээ тултал өсөөгүй байна гэсэн үг. Ийм нөхцөлд эхнээсээ осол аваар гарч байна. Мэргэжлийн бус томилгоо, халаа сэлгээтэй холбоотой. Мэргэжлийн бус томилгооноос болж бүх шатандаа хариуцлага сулардаг. Тэр хэмжээгээр осол аваар нэмэгддэг. Би чинь өөрөө тасралтгүй 14 жил ажиллаж жаргал, зовлон, нөхцөл байдлыг нь мэдэрсэн хүний хувьд сэтгэл өвдөөд байгаа юм. Өмнөх сайд нарыг та нар хараарай. Хашир хүмүүс байсан учраас салбарын хүний нөөцийг самарсан нь ховор шүү. Яагаад гэвэл болгоомжилж байна шүү дээ. Одоо бол үнэхээр аймшигтай. "Мэдэхгүй хүн мангар зоригтой гэдэг нь л энэ байх даа" гэж хэлэх болсон. Аргаа бараад л ийм үг унагааж байна.
Та бүхэн мэднэ шүү дээ. Т.Доржханд сайд "Эрчим хүчний реформ" гэж зарлаад эрчим хүчний нэмэхээс өөр юу хийсэн юм. Үнэ нэмээд 500 тэрбумын орлого олно гэсэн. Үнэ нэмээд хоёр жил боллоо. 1 их наядын орлого хааачив. Элсэнд асгасан ус шиг алга боллоо. Реформ хийх бус томилгоо, төсвийн мөнгийг үрэн таран хийх ажлыг л хийж байна. Реформын хороо зургаахан сар ажиллахдаа хэдэн тэрбумыг зарцуулсныг удахгүй баримттай нь гаргана. Эрчим хүчний реформын үндэсний хороог зургаахан сар ажиллуулчихаад татан буулгалаа гээд байсан. Гэтэл саяхан нэрийг нь өөрчлөөд өөрийнхөө дор "Эрчим хүчний экспортыг дэмжих хороо" гэж байгуулаад төсвийн мөнгийг идээд сууж байна. Ийм байж болох уу. Долоодугаар сард зарласан 780 сая төгрөгийн тендерээс би олж мэдсэн.
-Засвар шинэчлэлийн асуудлыг нэгэнт хөндсөн дээрээ илүү төвлөрөөд ярья гэж бодож байна. Саяхан төсвийн тодотгол дээр эрчим хүчний салбарт засвар шинэчлэл, татаасын төсөв орж ирэхэд нэг гишүүн санаачилга гаргаад хасчихаж байна. Нөхцөл байдал ийм хүнд байгааг мэдсээр байж ингэж хасаад байж болох юм уу?
-Гишүүд эрчим хүчний салбарт анхаарал хандуулж чадаж байгаа. Маш олон гишүүд нягтарч ажиллаж байна. Төсвийн тодотголын эрчим хүчний салбарын төсвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зорилгоор хасуулаад авчихлаа гэж Б.Найдалаа сайд яриад байсан шүү дээ. Энэ бол Эрчим хүчний сайдын буруу. Яагаад вэ гэвэл 2027 оны төсвийн хэлэлцүүлэг үргэлжилж байхад ч сайд нар нь байхгүй. Сайд салбарын төсвөө хамгаалахын төлөө бүх хурал дээр сууж, тайлбарлаж, ойлгуулах ёстой. Гэтэл хуралд суухгүй. Суухаараа барьж аваад зодчих гээд л. З.Мэндсайхан сайд л бүх юмны дарга гэдэг шиг хурлуудад суугаад явж байдаг. Хүнд буруу өгөхөөс илүүтэйгээр өөртөө буруу өгөх ёстой. Хэзээ хойно нь хасагдчихлаа гээд явж байж таарахгүй.
-Хамгаалж чадаагүйгээс болж төсвөө хасуулсан гэж дүгнэж байна уу?
-Мэдээж. Хоёрдугаарт, татаас дээр ч алдаа гаргасан. Үсрээд л 20 тэрбум төгрөгийг татааст суулгах ёстой байтал 51.4 тэрбум гээд алдаатай оруулаад ирсэн. Сайд ийм алдаатай тооцоолол оруулж ирсэн бол хариуцлага ч хүлээх ёстой юм билээ.
-2027 оны төсөв дээр юу хэлэх вэ. Тэр дундаа эрчим хүчний салбарын төсөв тал дээр?
-Оюутолгойн эх үүсвэрээр хийнэ гэж оруулж ирсэн маш олон төсөл хөтөлбөрүүд хасагдчихлаа шүү дээ. Бусдаар өмнөх онтой харьцуулахад өндөр төсөв тавигдаж орж ирсэн.
-10 аймгийн ДЦС дээр аукционыг яаралтай зарлаж чадвал 2027 оны төгсгөлд ашиглалтад оруулах бүрэн боломжтой-
-ЗГ-аас Оюутолгойн ногдол ашгийн 2 их наядаас 52 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэх саналаа буцаан татсан. Эдгээрийн дунд эрчим хүчний салбарын тэр дундаа 10 аймгийн ДЦС-ын төсөл нэлээн шүүмжлэл дагуулсан. Шүүхийн шатанд маргаантай яваа төслийг төсвөөс санхүүжүүлэх гэлээ гэх байдлаар. Та үүнд ямар байр сууринаас хандсан бэ?
-Бид нэн тэргүүнд энэ төслийн барилга угсралтын ажлыг дуусгах ёстой. Засгийн газраас оруулж ирсэн санхүүжилтийн санал нь бүтэлгүйтчихлээ. Тэгэхээр одоо миний харж буйгаар энэ ажил дээр хувийн хэвшлүүдийг оролцуулсан аукционоо зарлах ёстой. Төр засгаас дулаан, цахилгааныг хямд тарифаар яаж үйлдвэрлүүлэх вэ гэдэгт л анхаарах учиртай. Олон компани өрсөлдөөд богино хугацаанд дуусгах боломж бий. Бүх тоног төхөөрөмж нь ороод ирчихсэн. Бараг нэг жилийн дотор бариад дуусгах бүрэн боломжтой юм билээ.
Ашиглалтыг нь хувийн хэвшилдээ хариуцуулах хэрэгтэй. Харин төрөөс жилдээ тийм хэмжээний дулааныг, ийм дүнгээр нийлүүлнэ гэж тогтоож өгөх ёстой. Тиймээс би Н.Учрал Ерөнхий сайдад аймгийн ДЦС-ын төсөл дээр аукцион зарлах нэг удаагийн хууль оруулж ирээч гэх саналыг хэлсэн. Хамгийн гол нь үүний цаана маш олон аймаг хохироод байна. Хэрэв бариулж чадвал 2027 оны төгсгөлд ашиглалтад орох бүрэн боломжтой юм билээ.
-Салбарын нөхцөл байдал хүнд байна. Ямар сайндаа бид өнөөдөр 21-р зуунд амьдарч байгаа хэр нь тог хэзээ таслах бол гэдэг болгоомжлолтой сууж байна шүү дээ?
-Тийм ээ. Нөхцөл байдал хүнд байна. Хамгийн том асуудал нь тоног төхөөрөмж насжилт өндөртэй болчихсон. Аливаа тоног төхөөрөмжийг 10-15 жил ашиглаад түүнээс цааш хэрэглэхгүй шүү гэдэг. Гэтэл манайх хугацаа нь дуусчихсан тоног төхөөрөмжүүдээ аргалаад л яваад байна. Нөгөө л салбартаа сэтгэлтэй, туршлагатай мэргэжилтнүүд маань өнөөхийг чинь ажиллуулаад явж байна. Ийм хүнд нөхцөлд мэргэжилтнүүдээ халж солиод, сэтгэл санааг нь үймүүлээд байна шүү дээ.
-Мэдээж нөхцөл байдал хүнд байна. Тэгвэл цаашид бид хэрхэх вэ?
-Эрчим хүчний салбар чадлынхаа хэрээр л ажиллаж байна. Баянгийн эхний 350 мВТ нь 2027 оны эхний саруудад орно. Нөгөө талдаа айл, ААН-үүд маань боломжтой бол нарны панель, батерейг тавиад өөрсдийнхөө найдвартай ажиллагааг дээшлүүл. Хоёрдугаарт, эрчим хүчний хараат байдлаас гарахад иргэн, ААН хүртэл багахан хувь нэмрээ оруулах боломжтой. 21 аймгаар явж ажиллахад анхны хөрөнгө оруулалтыг гаргаж чадах айлууд маш ховор юм байна. Жишээлбэл, ногоон зээлийн хүү 16 хувь. Тиймээс төр засгийн зүгээс ногоон зээлийн хүүг бууруулах арга хэмжээг авах ёстой. УИХ-ын даргын захирамжаар “Эко өрх" гэх ажлын хэсгийг байгууллаа. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч ашиглаад өөрийнхөө дулаан цахилгааны асуудлыг шийдэж буй айл өрхөд хөнгөлөлттэй зээл олгоё, 8 хувийн хүүтэй зээл гаргая гэх мэт санаачилгыг гаргаад явж байна. Дараагийн дугаарт, хашаандаа сайхан амьдарч буй айл өрхүүдэд ипотекийн зээлийг гаргадаг болъё.
-Үнэ чөлөөлөх асуудалд та ямар байр сууринаас ханддаг вэ. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа тарифыг нэмэгдүүллээ. Гэхдээ энэ нь үнэ чөлөөлөх бус тарифыг бодит өртөг рүү ойртуулж буй л асуудал шүү дээ?
-Эрчим хүчний үнэ бол эдийн засгийн суурь үнэ. Эрчим хүчний үнэ нэмэгдэхэд бүх юмны үнэ өсдөг. Төр засгийн зүгээс үнийг доод түвшинд нь барих вэ гэдэг дээр л бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Ядаж л шинэ эх үүсвэрийг яаж хямд тарифтай оруулах уу, яаж хооронд нь өрсөлдүүлэх үү гэдэгт анхаарах ёстой. Өрсөлдөхгүйгээр монополь байдлаар нэг нөхөр өндөр тарифтай ороод л байвал хэрэглэгч дээр үнэтэй эрчим хүч л очно. Хоёрдугаарт, үнэ чөлөөлнө гээд бензиний үнэ шиг тавиад туувал баларсан юм болно. Тэгэхээр одоо байгаа нэг худалдан авагчийн загварыг чөлөөт өрсөлдөөнт бөөний зах зээл рүү шилжүүлэх ёстой. Өрсөлдөөн ямар гайхамшигтай болохыг таван аймгийн аукцион дээр харлаа шүү дээ. Зах зээл дээр байж болох байж болох хамгийн бага үнэ тогтоно. Мөн өрсөлдөөнд тэсэж үлдэхийн тулд эх үүсвэрүүд өөрийнхөө үйл ажиллагааг сайжруулаад ирдэг. Ийм л зах зээл рүү шилжих ёстой. Үүнийг л реформын хүрээнд хийх ёстой. Гэтэл үүний төлөө явж байгаа Дулааны хуулиа Эрчим хүчний сайд нь хуйвалдаан зохиогоод унагаачихсан шүү дээ.
-Б.Найдалаа сайдын үед эрчим хүчний салбар нар үзэхгүй юм байна. Огцруулах бичигт 20 гаруй гишүүн гарын үсэг зурсан. Надад сайдын амбиц байхгүй-
-Эрчим хүч экспортолно гэх мэт энэ ажлууд урагшлах юм шиг байна уу. Та юу гэж харж байна?
-Үгүй. Учир нь энэ хүмүүс үндсэн ажлаа хийхгүй, тасралтгүй худал ярьж байна. Реформ гээд үнэ л нэмлээ. Экспортолно гээд хараат байдлыг л нэмлээ. Тогтолцооны өөрчлөлтийг хийх ёстой. Нэг худалдан авагчийн өр нь 2028 онд дөрвөн их наядад хүрнэ гэж байна. Өр нэмэгдэж л байдаг, татаасаар хааж л байдаг гээд явж байна. Орлого олъё ч гэж бодохгүй байна. Ямар сайндаа хэрэглэгчээ алдчихаад хээв нэг алхаж байна шүү дээ. Үүнийг өөрчлөхийг л реформ гэж хэлээд байгаа шүү дээ.
-Та хийхгүй байна гэж байна. Хийлгэхгүй байгаа юм биш үү?
-Энэ тогтолцооны өөрчлөлтийг хуулиар л хийх ёстой. Тийм ч учраас УИХ дээр 7 УИХ-ын гишүүн, салбарын төлөөлөл орсон дэд ажлын хэсэг байгуулагдаад Дулаан хангамжийн анхдагч хуулийн төслийг боловсруулаад УИХ руу оруулсан ч унагаасан. Эрчим хүчний салбар дахь олон асуудлыг шийдвэрлэх хууль байсан юм. Энэ ажлыг сайд нь өөрөө гацаагаад сууж байна шүү дээ. Магадгүй энэ хуулийг ХҮН намаас өргөн барина гэж бодсон байх.
-Та хуйвалдаан гэдгийг ямар үндэслэлтэйгээр хэлж байгаа юм бэ?
-Дулаан хангамжийн хуулийг мэргэжлийн байнгын хороо нь дэмжсэн. Бүх гишүүд л дэмжиж байсан. Гэтэл чуулган дээр яг санал хураах мөчид маш олон гишүүд унагаасан. Гурван гишүүнээр л дутсан л даа. Би шоконд орсон.
-ХҮН нам кнопоороо хуулийг унагаах боломж байхгүй. Тэгэхээр та нөлөөлсөн гэж хардаж байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Долоон гишүүнтэй УИХ дээрх ажлын хэсэгт Б.Найдалаа сайд өөрөө байсан. Манай ажлын хэсэг 14 хуралдахад 55 хувьд нь оролцсон. Гэтэл сайд болоод л 180 градус өөрчлөгдсөн. Очсон газар бүртээ энэ хуулийг дэмжихгүй гэж хэлсэн. Тэнэг хүн ч ойлгохооргүй байгаа биз дээ.
Өөрийнх нь салбарын хөгжлийг урагшлуулах хуулийг унагааж байгаагаас харвал энэ хүн салбарыг гацаах ажлыг л хийх юм байна. Б.Найдалаа сайдын үед эрчим хүчний салбар нар үзэхгүй юм байна. Бусад хүмүүсийн хэлдгээр ХҮН нам НҮХ нам юм байна.
-Хариуцлагын асуудлыг хөндөх ёстой юу?
-Тийм ээ. Б.Найдалаа сайдыг огцруулах бичигт 20 гаруй гишүүн гарын үсэг зураад байна. Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох эрх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ Ерөнхий сайдын гаргасан бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байгаа учраас гишүүний зүгээс асуудлыг гаргаж тавих эрхтэй.
-Магадгүй салбарыг төлөөлж буй гэдэг утгаараа танд сайдын амбиц байгаа юм биш биз дээ?
-Үгүй. Ямар ч амбиц байхгүй. Би чинь анх удаа гишүүн болоод ажиллаж байна шүү дээ. Тиймээс энэ удаа УИХ-ын гишүүний ажлаа, ард түмний эрх ашгаа нэгдүгээрт тавина. Гэтэл бүтэн жилийн хөдөлмөрийг маань УИХ дээр унагаахад шоконд орсон.
-Жагсаалтын гишүүдийг ад үзэхийг хүлээн зөвшөөрөхгүй-
-Үргэлжлүүлээд улс төрийн зарим асуудлууд дээр таны байр суурийг сонсмоор байна. Намрын чуулган эхэлснээс хойш жагсаалтын гишүүдтэй холбоотой олон асуудал хөндөгдсөн. Ажил хийлгэхгүй байна гэдэг байдлаар шүүмжлэх гишүүд ч цөөнгүй харагдсан. Сүүлийн жишээ л гэхэд боловсролын салбар дээр гарлаа. Та жагсаалтынхантай холбоотой энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгаа вэ?
-Монгол Ардын намын жагсаалтаар өндөр боловсролтой, туршлагатай, чадварлаг хүмүүс орж ирсэн гэж хардаг. Бусад намын хувьд ч ялгаагүй. Ер нь УИХ-ын гишүүн гэдэг чинь Монгол Улсын нийт ард түмний төлөөлөл шүү дээ. Жагсаалтын гишүүд хийе, бүтээе гэдэг эрч хүчтэйгээр ажиллахаар хуучин арга барилтай зөрчилдөөнд орно шүү дээ. Жагсаалтын гишүүд шиг л ажиллах ёстой. Цаг хугацаа харуулна. Ард түмэн л дүнгээ тавина. Чимээгүй байснаараа зөв гишүүн болчихгүй. Намын эрх ашиг нэгдүгээрт биш шүү дээ. Намын нэр хүндийг унагааж байна гэдэг нь зуу дугаар асуудал.
-Олон сонгогдсон туршлагатай гишүүдийн зүгээс анх удаа сонгогдсон гэдгээ харилцаа хандлагын хувьд ч асуудал гаргах тохиолдол байдаг уу?
-Ямар ч зүйл дээр үзэл бодлын зөрчилдөөн байна шүү дээ. Гэхдээ энэ нь цаашид засагдаад явах ёстой асуудал гэж харж байна.
-Гэхдээ жагсаалтын гишүүдтэй холбоотой асуудлыг гол төлөв Ардын намынхан гаргаж ирж яриад байгаа харагддаг. Ер нь энэ чиглэлд танай намын уур амьсгал хэцүү байгаа юм биш үү?
-Гайгүй байх. Сонгогдсоны дараа ад үздэг байсан. Гэхдээ одоо хэлж буй үг, хийж буй үйлдлээрээ хүлээн зөвшөөрөгдөөд байгаа учраас харьцангуй гайгүй болж байгаа гэж хардаг. Бид өөр өөрсдийн гэсэн дуу хоолойтой байна. Жагсаалтын гишүүдийг ад үзэхийг хүлээн зөвшөөрөхгүй.
-Энэ асуудлыг хөндөхөд хүргэж буй зүйлд танай намын хагарал нөлөөлөөд байгаа юм биш үү. Жишээлбэл, 30,38-ын бүлэг гэдэг зүйл байгаа шүү дээ?
-Хүмүүс л тэгж яриад байгаа. Надад бол 30,38-ийн бүлэг байхгүй гэж харагддаг.
-Та чинь 30 талынх биз дээ?
-Хүмүүс чинь энэ, тэр тал нь гэж харддаг. Хэдэн дарга нар юуны төлөө улс төрд олон жил явсан билээ дээ. Намынхаа эв нхэгдлийг хангаад урагш хараад ажиллаад яваасай гэж боддог.
-Бүлэг дээр уур амьсгал хэр байгаа вэ?
-Сайн байгаа. Бүлгийн дарга ч эв нэгдлийг сайн хангаж ажилладаг гэж хардаг.
-УИХ-ын гишүүн робот биш шүү дээ. Шоконд ороод гаргасан сэтгэл хөдлөлөө гаргасныг минь сошиал дээр тавиад, дүүжилж байна-
-Тантай уулзсаных асуулгүй өнгөрөөж болохгүй зүйл байгаа нь Б.Найдалаа сайдын туслах таны бие, эрх чөлөөнд халдсан гэх асуудал. Тухайн үед юу болсон талаар яривал?
-УИХ-ын түүхэнд хэзээ ч тийм зүйл болж байгаагүй юм билээ. Би зүгээр л ярилцлага өгөөд зогсож байтал нэг эмэгтэй хажуунаас над руу дайраад байсан. Тэгээд цааш явах шиг болсон юм. Гэтэл буцаж ирээд нэг үнэмлэх харуулснаа над руу дахиад дайрч, элдвээр хэлсэн. Тэгэхээр нь би үүнийг баримтжуулах ёстой юм байна гэж үзээд утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн. Би тухайн эмэгтэйг танихгүй.
-Тухайн туслах эмэгтэйн зүгээс өөрийг нь гүтгэсэн гэж яриад байгаа шүү дээ?
-Би тэр эмэгтэйн нэрийг дурдаж, гүтгэсэн зүйл байхгүй. Б.Найдалаа сайдын өмнөх туслахууд тодорхой албан тушаалд томилогдсон нь бодитой. Харин ч миний үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдсан. Би тэр эмэгтэйг өмнө харж байгаагүй. Хэзээ ч уулзаж байгаагүй. Тийм байхад би яаж гүтгэх юм бэ. Би маш их шоконд орсон. Учир нь өмнө нь хэзээ ч, хэн ч над руу тэгж дайрч байгаагүй. УИХ-ын гишүүд чинь робот биш шүү дээ. Бусдын адил сэтгэл хөдлөлтэй. Уйлна, инээнэ, баярлана. Шоконд орсноо илэрхийлснийг минь сошиалаар тасалж аваад дүүжилж байна. Амьтан байсан бол урж, тасдаж байна. Би нэг л юманд харамсаж байна. Над руу сошиал дээр дайрах ажилд Т.Доржханд, Б.Найдалаа хоёр хэдэн тэрбумаар нь зарцуулж байна. Энэ ажлаа зогсоогоосой гэж хүсэж байна. Гэхдээ ингэлээ гээд би шүгэл үлээхээ зогсоохгүй. Харин ч энэ салбарын төлөө эрч хүчтэй, зоригтой ажиллах бодлыг төрүүлсэн.
-Халдашгүй байдлын дэд хороонд албан ёсоор хандсан уу?
-Хандсан.
-Энэ үйл явцын дараагаар Б.Найдалаа сайд болон түүний туслахын зүгээс тань руу албан ёсоор холбогдож уучлал гуйсан уу?
-Сошиалаар л уучлал хүссэн. Туслахынх нь үйлдлийг Б.Найдалаа сайдын үйлдэл гэж харж байгаа. Мань хүний характер нь тийм юм шиг байна лээ. Хүнгүй газар бол бараг цохиод авахаар характер гаргадаг юм билээ. Энэ хүний гаргаж байгаа хандлага нь туслахаар нь л илэрч байна. Энэ бол М.Энхцэцэг гишүүний асуудал биш. УИХ-ын бие даасан, хараат бус байдалд халдаж буй үйлдэл.
Ярилцсанд баярлалаа


