С.Цэнгүүн: Хэлэх муу үг олдохгүй юм. Амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад үрэлгэн төсвөө батлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2027 оны улсын төсвийг эцэслэн батлав. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар эцэслэн баталсан юм. Тэгвэл төсөв батлагдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүн дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Чуулган дээр үг авч чадсангүй. Өнөөдөр Улсын төсөв 41,5 их наядаар батлагдав. Энэ жил шинээр энд тэнд соёлын төв барьж яах вэ, ядаж тог цахилгаанаа тасалдалгүй болго л доо гэхэд амьдрал мэдэхгүй гэж дайрсаар байгаад:
- Соёлын яам нь 319 тэрбум төгрөг,
- Эрчим хүчний яам нь 261 тэрбум төгрөг,
Ач холбогдол, эрэмбэ байхгүй. Хятадаас нүүрс худалдаж авч өвөлжих гэж байгаа улс ийм үрэлгэн байж болох уу. Эрчим хүчний салбарын засвараа хийж чадахгүй байж, урдаас элдэв том мега төслүүд хийнэ гэж ам таглана.
Харин Засгийн газар 3 их наядыг иргэддээ тараагаад, 41 их наяд дотроо гишүүдийн тойргийн төслүүдийг оруулж, хэл амгүй батлуулж авах бодлого нь сайн хэрэгжлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн ирэх оны 3-4 сард энэ мөнгөө тараах болов уу гэж бодож байна. Ингээд чөтгөрийн тойрог үргэлжилнэ. Төгрөг цаас болно, иргэд улам ядуурна, чадалтай залуус нь улсаасаа дайжна, сонгууль харин сайхан болоод дуусна. Хэлэх муу үг олдохгүй юм" гэв.


