СУРВАЛЖИЛГА: Тусгай зөвшөөрөлгүйгээр “Ард түмний” ШТС байгуулах боломжгүй. Хэрэв байгуулбал гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно гэв

Өнөөдөр нэг нь орон байр авч өгнө, маргааш нөгөө нь шатахуун импортолж, “Ард түмний колонк” байгуулна хэмээн амлана. Иргэдийн итгэл, сэтгэлээр цугласан мөнгө хаана, хэрхэн зарцуулагдаж байгааг хянах тогтолцоо харин хаана байна вэ.
Шатахуун түгээх станц байгуулахын тулд газар, хөрөнгө мөнгөнөөс гадна тусгай зөвшөөрөл, мэргэжлийн шаардлага, стандарт, аюулгүй ажиллагаа гээд хуульд заасан олон нөхцөл бий. Гэтэл хэн нэгэн цахим орчинд пост бичиж, хандивын данс нээсэн төдийд ийм том төсөл хэрэгжүүлэхээр мөнгө цуглуулж болох уу. Хэрэв боломжтой бол тэр мөнгөний зарцуулалт, үр дүн, хариуцлагыг хэн хянах вэ.
Уг нь ийм хэмжээний хөрөнгө шаардсан, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн үйл ажиллагаа шаарддаг бизнесийг хандивын мөнгөөр эхлүүлэхээс илүүтэй санхүүгийн чадамжтай, шаардлага хангах аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх ёстой биш гэж үү. Хандив гэдэг сайн санааны үйлс болохоос хяналтгүй мөнгө босгох хэрэгсэл биш.
-М.Орхонтуул: 190 сая төгрөгийг Хаан банктай холбогдож байгаад буцаагаад шилжүүлчихнэ
14 хоног хүрэхгүй хугацаанд 190 сая төгрөг цуглуулсан ч байр сууриа өөрчилжээ. Иргэн М.Орхонтуул хэдийнээсээ л хандив цуглуулж амьдралын боломж муутай иргэдэд байшин, барилга барьж өгөх нэрийдлээр хандив цуглуулж сурсан хүн. Тэгвэл “Ард түмний колонк” барина гэж хандивын аян эхлүүлээд 14 хүрэхгүй хоногт 190 сая төгрөг цуглуулаад амжсан. Харин ШТС байгуулах ажил бүтэлгүйтвэл цугласан хандивыг иргэн бүрд нэг ч төгрөгийн дутагдалгүй буцаан олгоно гэж мэдэгдэж байсан. Гэвч удалгүй байр сууриа өөрчилж, мөнгийг буцаан өгөх боломжгүй бол орон нутагт амьдралын боломж тааруу хүмүүст байшин барьж өгөх санал дэвшүүлсэн.
Тэгвэл өчигдөр орой “зүүд зэрэглээ” шиг зүйл ярьсандаа бантаж, олон нийтийн доог тохуу болж, хууль хяналтын байгууллагаас айсан уу, гэлтэй “190 сая төгрөгийг Хаан банктай холбогдож байгаад буцаагаад шилжүүлчихнэ. Харин нэг төгрөг шилжүүлсэн эргүү малнуудад нэг төгрөгийг чинь буцааж чадахгүй. Би АВАРГА МАЛЧИН болоод, та хэд МАЛ болсон байна лээ. Малнууд яаж эвлэлдэн нэгдэж чаддагийг харуулах цаг ирсэн” гэж хандив нь үргэлжлэх боломжгүй болсонд уурлангуй хариу өгсөн. Тэгвэл өнөөдөр хандив өгсөн иргэдийн мөнгийг буцаан олгосон тухайгаа цахим худалсандаа нийтлэх байх...
-С.Баярбилэг: Хэн нэгэн хүн өөрийн үзэл бодлоор “БАРИНА, БИЙ БОЛГОНО” гэж хандив цуглуулах асуудлыг иргэд дэмжихгүй, нягтлах хэрэгтэй-
Хандивын нэрээр иргэдийн итгэлийг ашиглан мөнгө залилан авах асуудал зөвхөн энэ тохиолдлоор хязгаарлагдахгүй. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Баярбилэгээс тодрууллаа.
Тэрбээр “Энэ он гарснаар ЦЕГ-т 15,600 орчим залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 79 нь хандив цуглуулах, тусламж хүсэхтэй холбоотой хэрэг бүртгэгдэж, шалгагдаж байгаа. Тухайлбал, хүүхдийн хуурамч зураг ашиглах, өвчтэй иргэдийн зураг ашиглан хандив тусламж хүсэх, эмчилгээний зардалтай холбоотой, орон гэргүй хүмүүст туслах нэрийдлээр үйлдсэн нийт 79 гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар бусдыг хуурч, хуурамч бичиг баримт, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгох, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан эд хөрөнгийг өөр дээрээ шилжүүлэн авах тохиолдолд гурваас зургаан сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглан бусдад ноцтой буюу их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол 2-8 жил, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай бүлэг этгээд үйлдсэн, олон шатлалт маркетинг буюу пирамидын тогтолцоогоор үйлдсэн тохиолдолд 8-12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Иймээс хандив, тусламж үзүүлэх нэрийдлээр хандсан тохиолдолд тухайн асуудлыг нягтлах нь зүйтэй. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгт хяналт шалгалт хийж, сэрэмжлүүлэг тогтмол хүргүүлж байгаа. Мөн хэн нэгэн хүн өөрийн үзэл бодлоор “барина, бий болгоно” гэж хандив цуглуулах асуудлыг иргэд дэмжихгүй, нягтлах хэрэгтэй. Монгол Улсын хууль тогтоомжид ТББ хандивын эх үүсвэрээр үйл ажиллагаагаа явуулах эрхтэй байдаг” гэв.
-Б.Билгүүн: Тусгай зөвшөөрөлгүйгээр шатахуун импортолж, ШТС байгуулах боломжгүй-
Хандив цуглуулах асуудалд тавих хяналт, ялангуяа иргэдийн мөнгөөр бизнесийн шинжтэй төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар өмгөөлөгч Б.Билгүүний суурийг сонслоо.
Тэрбээр “Монгол Улсад хандив цуглуулах тал дээр харьцангуй хараа хяналт байхгүй гэж хэлэхэд буруудахгүй. Хамгийн түгээмэл нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэх мэт зүйлд зөвшөөрөл ч байхгүй, төрөөс тавьж байгаа хяналт шалгалт ч байхгүй.
Нөгөөтэйгүүр эрүүл мэндээс гадна олны танил хүмүүсийг ашиглан хандив цуглуулах, иргэдээс мөнгө төвлөрүүлэх асуудлууд асар их гарч байна. Үүнд иргэд маань “Миний өгсөн хандивын мөнгийг эрх ашигтаа ашиглаж байна” гээд яваад хандах боломжгүй учраас хэрээс хэтэрч байгаа. Мэргэжлийн салбарын хүний зүгээс харахад илт худал, залилах үйлдэл байна. Жишээлбэл, ШТС барих асуудалд хувь хүнийхээ хувьд яаж ийм зүйл хийх гээд байгааг нь ойлгохгүй байгаа. Боломжгүй л дээ.
Яагаад гэвэл нефть импорт нь тусгай зөвшөөрлөөр явагддаг. Тусгай зөвшөөрөлтэй байхын тулд ААН байх хэрэгтэй. Тээвэрлэх, хадгалах, агуулах савнаас эхлээд олон шаардлага тавигддаг. Монгол Улсад иргэд бүгдээрээ мэддэг томоохон хэдхэн ААН нефть импортлох, худалдаалах тусгай зөвшөөрөлтэй байдаг.
Гэтэл огт тусгай зөвшөөрөлгүй байж “Ард түмний колонк” байгуулна гэдэг одоо байгаа хуулиараа ямар ч боломжгүй. Хэрэв биелэх юм бол тусгай зөвшөөрөлгүй гэх үндэслэлээр шууд гэмт хэргийн шинжтэй болно. Энэ төрлийн буюу хэлээд, амлаад байгаа нь үнэн бодитой эсэхийг иргэд маань сайн нягтлахгүй бол “олз” болох эрсдэлтэй.
Эрүүл мэндийн шалтгаанаар ч хандив цуглуулахад онош тавьсан эмч нь “Би ийм онош тавиагүй, өндөр төлбөртэй хагалгаанд гадагшаа явах шаардлага тавиагүй” гэдгээ ил гарч хэлж байна.
Хэрэв хандив өгсөн иргэн гомдол гаргах юм бол хуулийн дагуу хяналт шалгалт хийгдэнэ. Харин гомдол гаргахаас өмнө хянаж шалгадаг төрийн байгууллага гэж байхгүй” гэв.
-Хандивын мөнгөний араас хэн хариуцлага нэхэх вэ-
Хандивын аян зарлах, иргэдээс мөнгө төвлөрүүлэхэд өнөөдөр хэн нэгний хүсэл, санаачилга хангалттай мэт болжээ. Харин мөнгө цугласны дараа түүнийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, амласан ажил нь хэрэгжсэн эсэх, бүтэлгүйтвэл ямар журмаар буцаан олгох зэрэг асуудал тодорхойгүй үлддэг.
Хуульчид ч хандив цуглуулах үйл ажиллагаанд тавих хяналт хангалтгүй байгааг онцолж байна.
Мэдээж хүнд туслах, нийгмийн сайн сайхны төлөө иргэд сайн дураараа нэгдэж, хандив өргөх нь буруу зүйл биш. Харин тэрхүү сайн санааны үйлсийг ашиглан иргэдийн итгэлийг мөнгө босгох хэрэгсэл болгох ёсгүй.
Иргэдийн хандив бол хэн нэгний хувийн амлалт биш, итгэл дээр тогтсон хөрөнгө. Тиймээс мөнгө цуглуулж байгаа этгээдэд хариуцлага тооцохоос гадна цугларсан хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, тайлагнах, буцаан олгох нэгдсэн зохицуулалт шаардлагатай байна. Эс бөгөөс өнөөдөр 190 сая төгрөгийн тухай маргаж байгаа бид маргааш хэдэн зуун сая, тэрбум төгрөгийн хохирлын тухай ярихыг үгүйсгэхгүй.


