Сэтгүүлч С.Будрагчаа Б.Дэлгэрсайханы БНХАУ-ын Ардын дээд шатны шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлгийг нэвтрүүлгээрээ ДЭЛГЭЛЭЭ

Улс төр
UBn team
Унших: 1 мин 45 сек
01
ubn-v2-media-zrmof1qd-1.webp

Сэтгүүлч С.Будрагчаа хоёр долоо хоногийн өмнө Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы гадаадын хөрөнгө оруулагчийг хохироосон байж болзошгүй асуудлаар эрэн сурвалжлах ИХ ЗАМЫН "ДЭЭРЭМЧИН" нэвтрүүлгийг цацсан байдаг. Тэгвэл тэрбээр хоёр хоногийн өмнө тус нэвтрүүлгийнхээ хоёр дахь дугаарыг олон нийтэд цацсан ба тус дугаарт Б.Дэлгэрсайхан "Болд төмөр ерөө гол" компанийн 3000 ширхэг галт тэргийг өөрийн мөнгөөр авсан уу эсхүл хохирсон гэх Ли Сяомины хагас тэрбумын хөрөнгө оруулалтаар авсан уу гэдэг асуултад хариулт өгөхөөр бэлтгэжээ.

3000 вагонтой холбоотой асуудлыг эргэн сануулбал, Ли Сяомины охины ярьснаар дөрвөн жилийн дотор гурван зөрлөг бүхий төмөр замыг тавьж, ОХУ-аас 1000 вагон, БНХАУ-аас 2007 вагоныг нэмэлтээр оруулж ирж худалдан авах ажилд Ли Сяомин 460 сая ам.долларыг зарцуулсан гэж нэвтрүүлэгт дурдсан юм.

Тэгвэл саяхан цацагдсан сэтгүүлч С.Будрагчаагийн нэвтрүүлгийн үеэр Ли Сяомины охин "Б.Дэлгэрсайхан "Болд төмөр ерөө гол" компанийн ачааны вагонуудыг махны наймаанаас олсон мөнгөөрөө худалдаж авсан гэж олон нийтэд мэдэгдсэн. Бид энэ мэдэгдлийг сонсоод их гайхсан. Б.Дэлгэрсайхан махны наймаанаас ашиг олсон байж болох ч эдгээр ачааны вагоныг худалдаж авахад Б.Дэлгэрсайхан сохор зоос ч төлж байгаагүй" гэсэн юм.

Мөн "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн нягтлан бодогч Чэнь Яньфэнг "Бид худалдан авах гурван гэрээгээр нийт 2007 ширхэг төмөр замын ачааны вагон худалдан авч, төлбөрийг нь бүхэлд нь үйлдвэрлэгчид рүү шилжүүлсэн. Үйлдвэрлэгч төлбөрөө хүлээн авсны дараа эдгээр вагоныг үйлдвэрлэж, Монгол Улсад хүргэсэн. Тухайн үед эдгээр цоо шинэ вагоныг бүгдийг нь Б.Дэлгэрсайхан хүлээн авсан" гэж ярив.

Нэвтрүүлгийн үеэр Б.Дэлгэрсайханы хөрөнгө оруулагч Ли Сяомины хөрөнгийг дээрэмдсэн байж болзошгүй асуудал нь яг одоо БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын дээд шатны шүүхэд хянагдаж байгааг дурдсан ба Б.Дэлгэрсайханы 2026 оны наймдугаар сард өгсөн гэрчийн мэдүүлгийг дэлгэсэн юм. Тэрбээр гэрчийн мэдүүлэгтээ "БНХАУ-ын иргэн Ли Сяомин нь "Болд төмөр ерөө гол" компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчээр одоо ч хэвээрээ байгаа. Ли Сяомин нь 2007-2015 онуудад "Болд төмөр ерөө гол" ХХК-д үнэ бүхий үйлдвэр, тоног төхөөрөмж, вагон, зүтгүүр зэрэг эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн. Энэхүү хөрөнгө оруулалтад 2003 вагон болон 12 зүтгүүр багтаж байна" гэжээ.