ТАНИЛЦ: 100 мянган иргэний санал авсан ч парламентад "мартагдсан" нийтийн өргөдлүүд

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 4 мин 9 сек
00
MPA PHOTO 2026-4-4075.webp

Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөгийг бэлнээр олгох" нийтийн өргөдлийг иргэн Х.Оюунбилэг санаачилж, 100.094 хүний санал авсан тул УИХ-аас холбогдох хуулийн төслийг боловсруулахаар ӨБХ, ЭЗБХ-нд шилжүүлсэн.

Анх нийтийн өргөдлийн цахим системийг 2023 оны 10-р сард ашиглалтад оруулж, тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар салхийг нь хагалан "НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгож нэмэгдүүлэх" өргөдөл санаачилж, 105.649 иргэний санал авч холбогдох байнгын хороонд шилжүүлж байсан ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Үүнээс гадна 100 мянга болон түүнээс дээш иргэний санал авсан найман өргөдөл шийдэгдэлгүй 1-3 жилийн нүүрийг үзжээ. Тухайлбал,

100.webp


-"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийн нэмэгдүүлэх-

2023 оны 10-р сарын 18-нд иргэн Р.Цэндсүрэн нярай хүүхэд асардаг ээжүүдэд олгодог "Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх өргөдөл санаачилж, 102.808 иргэний санал авсан ч мөн л шийдэгдээгүй байна. Өргөдлийг тухайн үед УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүлж байсан ч УИХ-ын зарим гишүүд болон тухайн үеийн Сангийн сайд Б.Жавхлан "Төсвийн боломжгүй" гэх хариулт өгсөөр иргэний өргөдлийг замхруулсан.

500-2.webp

-НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах-

2023 оны 10-р сарын 20-нд иргэн Ш.Хүрэлтулга "НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах" өргөдөл санаачилж, 104.614 иргэний санал авсан ч мөн л "Төсвийн боломжгүй", "Төсөвт дарамт үүсгэнэ" гэх шалтгаанаар энэхүү өргөдлийг мартагдуулсан.

104.webp

-НДШ-ийг бууруулж 12 хувьд хүргэх-

2025 оны 3-р сарын 12-нд иргэн Б.Батбилэг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулж 12 хувьд хүргэх өргөдөл санаачилсан. Нийт 100.170 иргэний санал хүрч холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлэхээр болсон ч мөн л шийдэл олоогүй, нэг жил 8 сарын нүүрийг үзжээ.

12-1.webp

-ХХОАТ-ын 10 хувийг нэг хувь болгох-

Иргэн Р.Шинэгэрэл 2025 оны 3-р сарын 20-нд "Хувь хүний орлогын албан татварын 10 хувийг нэг хувь болгож бууруулах" өргөдөл санаачилж, 100.860 иргэний санал авч УИХ-аар хэлэлцсэн. Өнгөрсөн хавар энэ асуудал УИХ-аар идэвхтэй яригдаж, гишүүд, эдийн засагчид байр сууриа илэрхийлж байсан. Тухайн үед Ерөнхий сайд, Сангийн сайд, дэд сайд тэргүүтэй хүмүүс "Хэрэв ХХОАТ-ыг нэг хувь болговол төсөвт 5 их наяд орчмын дарамт ирнэ" хэмээн дэмжихгүй байр суурийг илэрхийлж байв.

Гэхдээ ирэх оны 1-р сарын 1-нээс хэрэгжих Татварын багц хуульд:

  • 792 мянган төгрөг хүртэлх цалин, орлогоос ХХОАТ авахгүй (0 хувь болох зохицуулалт 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ).
  • 792 мянган төгрөгөөс 2 сая төгрөг хүртэлх цалингаас 1 хувийн татвар авна.
  • 2 сая төгрөгөөс дээш цалинтай бол үндсэн 10 хувийн татвар үргэлжлэн тооцогдох бөгөөд 2027, 2028 оноос үе шаттайгаар хэрэгжинэ.
  • Уламжлалт шатлалууд (10, 15, 20 хувь) хэвээр хадгалагдах ба бага орлоготой иргэдэд чиглэсэн хөнгөлөлт өөрчлөгдөнө гэж тусгасан.

-УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссан ч өөр ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох заалтыг хүчингүй болгох-

Иргэн Ц.Батболд 2025 оны 9-р сарын 24-нд "УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссан ч өөр ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох заалтыг хүчингүй болгох" нийтийн өргөдлийг санаачилж 100.467 санал авснаар УИХ-ын холбогдох байнгын хороо, чуулганаар хэлэлцэж эхэлсэн ч хэлэлцүүлгийн явцад гацаанд орж зогссон.

Өргөдлийг тодруулбал, иргэн Ц.Батболд нь "Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно" гэсэн заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн заалттай илт зөрчилдөж, улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн заалтуудыг зөрчсөн" гэж үзэн өргөдөл гаргажээ.

467.webp

-Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэл хийх-

Иргэн Д.Гансаруул 2026 оны 7-р сарын 14-нд "Монгол Улсад оршуулгын асуудлыг зохицуулсан бие даасан хууль өнөөдрийг хүртэл байхгүй бөгөөд зөвхөн салангид хууль, дүрэм, журамд тулгуурлан зохицуулж байна. Үүний улмаас оршуулгын газрын байршил, газар ашиглалт, байгаль орчны хамгаалалт, нийтийн эрүүл ахуй, шарил чандарлах болон газарт оршуулах үйл ажиллагаа, оршуулгын газрын менежмент, хуучин оршуулгын газрыг цэгцлэх зэрэг асуудалд эрх зүйн тодорхой зохицуулалт дутагдаж байна. Иймээс оршуулгын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн бодлого, стандарттай болгож, иргэдийн эрхийг хамгаалах, газар ашиглалтыг зөв зохион байгуулах, байгаль орчин, соёлын өв, шашин шүтэх эрхийг тэнцвэртэй хангах зорилгоор "Оршуулгын тухай хууль" боловсруулж батлахыг хүсэж байна" хэмээн дээрх өргөдлийг санаачилжээ.

10-2.webp

Одоогийн байдлаар дээрх өргөдөл эцэслэн шийдэгдээгүй бөгөөд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл УИХ-д хэлэлцүүлгийн шатанд явж байна.

-Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөгийг бэлнээр олгох"-

Иргэн Х.Оюунбилэг 2026 оны 10-р сарын 23-нд нийтийн өргөдлийн цахим системд дээрх өргөдлийг санаачилж, ердөө 10 гаруй хоногийн дотор 100.475 иргэний санал авч улмаар УИХ-аар хэлэлцэхээр болж ӨБХ, ЭЗБХ-нд шилжүүлээд буй.

20-1.webp

Сануулахад, өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Сангийн сайд нарыг дуудаж уулзан, ногдол ашгийг бэлнээр олгох чиглэл өгсөн. Улмаар Үндэсний баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Дорноговь аймгийн иргэдтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгчийн байр суурийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд, УИХ холбогдох хуулийг баталчихвал татгалзахгүй гэсэн юм.



tenx-hd