Нөмрөгийн асуудлаар Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэр болон холбогдох албан тушаалтнуудтай холбоотой хариуцлагын асуудал яригджээ. Тухайлбал, нөмрөгийн эл асуудлаар Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлжээ. Мөн ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд эхний байдлаар сануулах арга хэмжээ авахаар болсон юм.
Эргэн сануулахад, Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртсөн ба ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч Даваа гарагт Ерөнхий сайдын зүгээс Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга, 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгс нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгосон юм.
Харин түймэртэй холбоотойгоор ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн мэдээлэл өгөхдөө "Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааны дарга өөрөө баримтат киноны зураг авахаар тус бүс рүү нэвтэрсэн байсан учраас зөвшөөрөл авах боломжгүй байсан. "Мобиком" корпорациас гаргасан хүсэлтийн дагуу Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг хилийн отрядын ангийн захирагч олгосон. Хилчид хамгийн түрүүнд түймрийн голомтод очиж ажилласан. Гарт байгаа техник хэрэгслээ ашиглаж үеийн үед түймэртэй тэмцэж ирсэн. Хилчид Нөмрөгийн ДЦГ-ыг дайны үед амиа зориулан хамгаалж байсан. Энхийн цагт ч амьдралаа зориулан хамгаалж ирсэн. Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгасан мэдээлэл гарч байгаа учраас энэ тайлбарыг өгч байна" гэсэн юм.


