СУРВАЛЖИЛГА: Эмээлтийн махны үйлдвэрүүдийн бохир ус нийслэлийн шугам сүлжээнд ачаалал үүсгэж, ДЦС-уудын ажиллагаанд ч эрсдэл учруулж болзошгүй байна

Сурвалжлага
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 8 мин 32 сек
00
IMG_4547.webp

Урьдчилан цэвэрлэх байгууламжгүй мах нядалгааны газрууд цус, өөх тос, малын сэвс, үс ноос холилдсон бохир усаа зөөврийн цэгээр дамжуулан төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байна. УСУГ-ын мэдээлснээр стандарт хангаагүй бохир ус шугам сүлжээний бөглөрөл, эвдрэл гэмтэл үүсгэж, цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж. Харин шаардлага тавьсаар ирсэн гэх хяналтын байгууллагын өмнө үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламжгүй хэвээр байгаа асуудал тавигдаж байна.


-Сонсголонгийн бохирын цэгт Эмээлтийн цус, өөх тос урсаж байна-

att.Pj8lwV3gcA50t75QYFT1hS6ARqjrB3gM1aTwtT2OYjM-1.webp

Сонсголонгийн уулзвар дахь “Монос”-ын зөөврийн бохир ус хүлээн авах цэгт очиход хамар сэтлэх мэт хурц үнэр угтана. Цэгт ойртох тусам үнэр улам нэмэгдэж, тэнд удаан зогсоход ч бэрх. Гэвч энэ бол гэр хороолол, зуслангийн төвлөрсөн бохирын шугамд холбогдоогүй айл өрхийн бохирыг хүлээн авдаг цэг. Харин өнөөдөр ахуйн бохир уснаас гадна Эмээлтийн мал нядалгааны газруудаас ирэх цус, өөх тос, сэвс, үс ноос зэрэг малын гаралтай хаягдал энэ цэгийн асуудлыг улам хүндрүүлж байна.

Улаанбаатар хотод Налайх, Сонсголон, Ханын материал, Дүнжингарав гэсэн дөрвөн байршилд зөөврийн бохир ус хүлээн авах цэг ажилладаг. Эдгээрээс Сонсголонгийн цэгт Эмээлтийн мах нядалгааны газруудаас ирэх бохир ус нэмэгдэж байгаа нь анхаарал татах асуудал болжээ.

Бид УСУГ-ын Бохирдол бууруулах нэгж болон хаягдал усны шинжилгээний ажилтнуудтай хамт өглөөний 09.30 цагт тус цэгт очив. Тэнд байх 30 минутын хугацаанд таваас доошгүй машин бохир ус буулгахаар ирсний хоёр нь Эмээлтээс малын гаралтай бохир ус тээвэрлэж байлаа.

Бохир хүлээн авах хэсэгт цус, бохир шингэн хуримтлагдсан, хөл гишгэх зайгүй шахам байв. Ачааллаа дийлэхгүй, урьд шөнө бохир ус хальж асгарсан байж болзошгүй дүр зураг харагдсан юм. Энэ бол ганц удаагийн үнэрийн асуудал биш. Бохир усны найрлага, хэмжээг нь шаардлагад нийцүүлэлгүйгээр нийлүүлсээр байвал шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэйг албаныхан хэлж байна.

-Т.Билгүүн: Стандарт хангаагүй бохир ус шугам сүлжээний бөглөрөл, эвдрэл үүсгэдэг-

att.3PRqUl-azigW4ZYGz3eCNpDVz_s5GhgRgRlI5VzaiCA.webp


УСУГ-ын Бохирдол бууруулах нэгжийн менежер Т.Билгүүн Сонсголонгийн цэгт хийж буй хяналт шалгалтын үеэр Эмээлтээс ирж байгаа бохир усны талаар ийн ярив.

Тэрбээр “Энэ бол төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, алслагдсан айл өрхийн бохир усыг хүлээн авах цэг. Эмээлтээс ирж байгаа бохир усны хувьд урьдчилан цэвэрлэж, MNS 6561 стандартын шаардлагыг хангасан усаа нийлүүлэх ёстой. Гэтэл стандарт хангаагүй бохир ус нийлүүлж байна.

Үүнээс үүдэн УСУГ-ын шугам сүлжээнд ачаалал үүсэж, эвдрэл, гэмтэл, бөглөрөл гардаг. Мөн төв цэвэрлэх байгууламжийн технологийн горим алдагдах эрсдэлтэй. Ингэснээр бохир усыг шаардлагатай түвшинд хүртэл цэвэрлэж чадахгүйд хүрч, цаашлаад усыг дахин боловсруулахад асуудал үүснэ. Үүний цаана ДЦС-3, 4-ийн дулаан үйлдвэрлэлд ч нөлөөлөх эрсдэл бий” гэв.

Мах нядалгааны газраас гарсан цус, өөх тос, сэвс, үс ноос холилдсон усыг ахуйн бохир устай адил нөхцөлөөр нийлүүлж болохгүй. Үйлдвэрүүд бохир усаа урьдчилан цэвэрлэж, стандартын шаардлагад нийцүүлсний дараа шугам сүлжээнд нийлүүлэх үүрэгтэй.

Энэ шаардлагыг биелүүлээгүйгээс үүсэх ачааллыг зөвхөн бохир хүлээн авах цэгийн асуудал гэж үзэх боломжгүй. Бохирдол үүсгэж буй үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай шууд холбоотой асуудал юм.

-Эмээлтийн мал нядалгааны газрууд бохироо цооногоосоо шууд соруулж байна-

att.c9jNL6vIck2x4jlZshw0DRzVk1AJTdqCxnsiQLL8ijs.webp


Сонсголонгийн цэгт ирсэн бохир усны эх үүсвэрийг шалгахаар Эмээлтэд очлоо. Мал нядалгааны газруудаар ороход бохир усаа цооногоосоо шууд соруулж буй үйлдвэрүүд байв.

Мал нядалгааны явцад цус, өөх тос, сэвс, үс ноос зэрэг их хэмжээний органик хаягдал гардаг. Эдгээрийг урьдчилан цэвэрлэхгүйгээр бохир усны системд нийлүүлэх нь шугам сүлжээ болон цэвэрлэх байгууламжид нэмэлт ачаалал үүсгэх эрсдэлтэй.

Бидний очсон “Дэлгэрэх төв” үйлдвэрт урьдчилан цэвэрлэх байгууламжгүй байгааг хяналт шалгалтын багийнхан хэлэв. Тус үйлдвэр бохир усаа цооногоосоо соруулан зайлуулж байсан бөгөөд үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шаардлагатай эрүүл ахуйн нөхцөлийг ч шалгах хэрэгтэй байлаа.

Энэ үеэр УСУГ-ын Бохирдол бууруулах нэгжийн хяналтын инженер Б.Хадбаатараас нөхцөл байдлыг тодруулсан юм.


-Б.Хадбаатар: Үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламжгүй атлаа бохироо шууд нийлүүлж байна-

att.SJ0aPGliEZu_ioFwB1DcorYpLr_rSaQwldE2LblXljs.webp


Б.Хадбаатарын хэлснээр, Эмээлтийн мах нядалгааны газруудад урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлагыг тавьж ирсэн ч хэрэгжилт хангалтгүй байна.

Тэрбээр “Засгийн газрын 2018 оны 13 дугаар тогтоолтой холбоотойгоор Эмээлтэд байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох асуудал яригдаж байсан. Гэвч бидний шалгалтаар Эмээлтэд байгаа махны үйлдвэрүүдэд нэг ч ширхэг урьдчилан цэвэрлэх байгууламж байхгүй байна.

Энд малын сэвс, өөх тос, цусыг цооногоос нь шууд соруулж, төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байна.

Нийслэлд Налайх, Сонсголон, Ханын материал, Дүнжингарав гэсэн дөрвөн зөөврийн бохир ус хүлээн авах цэг бий. Өнөөдөр УСУГ-аас хоёр ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна. Нэг хэсэг нь Сонсголонгийн зөөврийн цэгт, манай хэсэг Эмээлтийн махны захад ажиллаж байгаа. Сонсголонгийн цэгт бохир ус буулгасан машиныг шалгаж, “Дэлгэрэх төв” үйлдвэрээс ирсэн нь тогтоогдсон тул тус үйлдвэрт ирээд байна.

УСУГ-аас урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох талаар удаа дараа албан бичиг хүргүүлдэг ч шаардлагыг биелүүлэхгүй байна” гэв.

Хяналтын инженерийн тайлбар нэг зүйлийг тодорхой харуулж байна. Бохирдлыг үүсгэж байгаа үйлдвэрүүд шаардлагатай цэвэрлэгээгээ хийхгүй бол бохир ус тээвэрлэгдэн Сонсголонд ирж, тэндээс нийслэлийн шугам сүлжээ, төв цэвэрлэх байгууламж руу дамжсаар байх юм.

Хэрэв үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлага тавьж, албан бичиг хүргүүлсээр ирсэн бол яагаад өнөөдрийг хүртэл шаардлагыг бүрэн биелүүлээгүй байна вэ. Хяналтын байгууллагаас ямар арга хэмжээ авсан бэ. Энэ бол зөвхөн үйлдвэрийн эзэд бус, хяналт тавих үүрэгтэй байгууллагуудаас ч хариулт нэхэх асуулт юм.

-“Дэлгэрэх төв”-ийн эзэн: Урьдчилан цэвэрлэх байгууламж хэрэгтэйг сая мэдлээ-

att.Kc6Tw0QLTqLsLFIKbnAKuXhD2fySD7lpkuvXP70Vtpk.webp



att.LNg0ghjDazU2iNupBelHp_fTIDbJ1I1H-a-1-1qWWjQ.webp


Хяналт шалгалтын үеэр “Дэлгэрэх төв” үйлдвэрийн эзнээс тайлбар авахад тус үйлдвэр энэ сарын 5-наас үйл ажиллагаагаа эхэлсэн гэж хэлэв.

Тэрбээр “Манайх цэвэрхэн, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох хэрэгтэйг сая мэдлээ. Үйлдвэрийн объект гурваас дөрвөн жилийн өмнө ашиглалтад орсон, өмнө нь өөр хүмүүс үйл ажиллагаа явуулж байсан. Анхнаасаа УСУГ-аас ийм шаардлага тавьдгийг мэдсэн бол урьдчилан цэвэрлэх төхөөрөмжийг нь аваад тавьчих байсан.

Манайх өдөрт 200 мал нядалдаг. Долоо хоногт хоёроос гурван удаа цооногоосоо бохир усаа соруулдаг” гэсэн тайлбар өглөө.

att.AOByVIL-q1PoIY4qa9puFf8cYqZ-WEw4G97skbBK2ho.webp


Өдөрт 200 мал нядалдаг гэж хэлсэн нь үйлдвэрийн хувьд бохир усны асуудал нь жижиг хэмжээний ахуйн хэрэглээ биш. Үйлдвэрлэлээс үүсэж буй бохирдлоо хэрхэн цэвэрлэж, ямар шаардлага хангасны дараа зайлуулж байгаагаа нотлох ёстой.

“Шаардлагыг сая мэдлээ” гэх тайлбар нь ч хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж хаягдал усны шаардлага, зөвшөөрөл, гэрээний нөхцөлийг урьдчилан судалж, мөрдөх үүрэгтэй. Өмнө нь өөр хүмүүс ажиллаж байсан гэх тайлбар ч өнөөдрийн үйл ажиллагааны хариуцлагыг арилгахгүй.

Үйлдвэрийн эзэн урьдчилан цэвэрлэх байгууламжгүйгээ хүлээн зөвшөөрч, цаашид шаардлагатайг мэдсэн гэж тайлбарлаж байгаа ч гол асуудал нь үүгээр дуусахгүй. Тус үйлдвэр хэзээ байгууламжтай болох, одоо нийлүүлж буй бохир ус стандарт хангаж байгаа эсэх, холбогдох зөвшөөрөл, гэрээгээ бүрдүүлсэн эсэх нь бодитоор шалгагдах ёстой.

-Б.Алтанзул: Ус ашиглалт, хаягдал усны зөвшөөрөлгүй байна-

att.aJWlCMIilDkyPCjTfrR1CAVcYbkXSwccHbWoKYZzmGo.webp


Хяналт шалгалтад Усны газрын хаягдал усны чанар шинжилгээний хэлтсийн хаягдал усны төлбөр, гэрээ хариуцсан мэргэжилтэн Б.Алтанзул оролцсон юм. “Дэлгэрэх төв” үйлдвэрт ус ашиглалт, хаягдал устай холбоотой хэд хэдэн зөрчил илэрчээ.

Тэрбээр “Тухайн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхэд ус ашиглуулах дүгнэлт, гэрээ, зөвшөөрлөө аваагүй байсан. Мөн хаягдал усны зөвшөөрөлгүй байгаа нь тогтоогдлоо.

Усны эх үүсвэрээ өөрийн гүний худгаас авч байгаа ч худгийн паспорт баталгаажаагүй, нарийвчилсан болон ерөнхий үнэлгээ, дүгнэлт байхгүй байна. Тус аж ахуйн нэгжид заавар, зөвлөмж өглөө.

Хуулийн дагуу ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж ус ашиглалт, хаягдал устай холбоотой шаардлагаа хангаж, манай байгууллагатай холбогдох гэрээг байгуулан, хаягдал усны төлбөрөө төлөх ёстой” гэв.

Ингэснээр тухайн үйлдвэрт зөвхөн урьдчилан цэвэрлэх байгууламжийн асуудал бус, ус ашиглах болон хаягдал ус нийлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл, гэрээний асуудал ч байгааг хяналт шалгалтын үеэр тогтоожээ.

Үйлдвэрийн үйл ажиллагаанаас ашиг олж байгаа атлаа шаардлагатай зөвшөөрөл, гэрээг бүрдүүлээгүй, бохир усаа урьдчилан цэвэрлэх байгууламжгүйгээр зайлуулж байгаа нь хариуцлагын асуудлыг улам тодруулж байна. Үүнд холбогдох байгууллагууд зөвхөн зөвлөмж өгөөд өнгөрөх үү, эсвэл зөрчлийг арилгуулж, хуульд заасан арга хэмжээг авах уу гэдэг нь чухал.

-Эмээлтийн үйлдвэрүүдийн бохир ус шинэ цэвэрлэх байгууламж, дахин ашиглах усны төсөлд ч эрсдэл учруулж байна-

att.T7jEVKyYRyCc1NoKboMXBiunO2uGZg95K5UKg0q6bDs.webp

Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх шаардлага нь зөвхөн Сонсголонгийн бохирын цэгтэй холбоотой асуудал биш. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны мэдээлэлд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 101 аж ахуйн нэгжийн 70 нь урьдчилан цэвэрлэх байгууламжгүй байгааг дурджээ. Мөн 2022 оноос хойш төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй хаягдал усны дээжийн бохирдлын үзүүлэлт MNS 6561:2024 стандартын шаардлагаас 2–4 дахин өндөр байгааг мэдээлсэн байна.

Яамны мэдээлэлд стандарт хангаагүй үйлдвэрийн хаягдал ус нь шинэ төв цэвэрлэх байгууламж болон хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хэвийн ажиллагаанд хүндрэл учруулах эрсдэлтэйг анхааруулжээ.

Энэ нь Эмээлтийн үйлдвэрүүдийн асуудал ямар хүрээнд яригдах ёстойг харуулж байна. Үйлдвэрийн бохир ус стандарт хангахгүй бол бохирдол цэвэрлэх байгууламжид очоод арилчихгүй. Харин цэвэрлэгээний үйл явцад нэмэлт ачаалал үүсгэж, дахин ашиглах усны чанарт нөлөөлөх эрсдэл дагуулна.

Тиймээс үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх байгууламжтай болох шаардлага тавих нь сонголт биш, үйлдвэрлэлийн бохирдлыг хянах зайлшгүй нөхцөл юм.

-Бохирдол үүсгэсэн үйлдвэрүүд хариуцлагаа хүлээх ёстой-

att.CJ8QZc0qTLk94VYsyM3Y5TZPVa-CfPpBwZp1pu-ZljQ.webp


Сонсголонгийн бохир хүлээн авах цэг дээр бидний харсан цус, бохир шингэн, тэнд тасралтгүй ирэх машинууд бол асуудлын зөвхөн ил харагдах хэсэг. Үүний цаана Эмээлтийн мах нядалгааны газрууд бохир усаа хэрхэн цэвэрлэж байгаа, ямар зөвшөөрөлтэй ажиллаж байгаа, стандарт хангахгүй бохир ус нийлүүлж буй эсэх, зөрчилд нь ямар хариуцлага тооцож байгаа зэрэг асуудал бий.

“Дэлгэрэх төв” үйлдвэрийн жишээн дээр урьдчилан цэвэрлэх байгууламжгүй, ус ашиглалт болон хаягдал усны зөвшөөрөл, гэрээтэй холбоотой зөрчил илэрсэн гэж албаныхан мэдээлэв. Үйлдвэрийн эзэн өдөрт 200 мал нядалдаг, долоо хоногт хоёроос гурван удаа бохир усаа соруулдаг гэж тайлбарласан ч бохир усных нь хэмжээ, найрлага стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шинжилгээний дүнгээр тогтоох шаардлагатай.

att.3nngyVrmru9Q7VFZ02HGTfQWA9aIz2OvTLSvLT-GYzg.webp


Эмээлтэд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрүүдийн бохир усыг стандартын шаардлагад нийцүүлэхгүйгээр нийслэлийн шугам сүлжээнд нийлүүлсээр байвал үүсэх ачааллыг хотын цэвэрлэх байгууламж, усны дахин ашиглалтын систем, цаашлаад нийслэлийн иргэд үүрэх эрсдэлтэй.

Мах нядалж, ашиг олж буй үйлдвэрүүд бохирдлоо өөрсдөө урьдчилан цэвэрлэж, стандартын шаардлагыг биелүүлэх ёстой. Бохироо цооногоос соруулж, нийслэлийн шугам сүлжээнд шилжүүлээд хариуцлагаа дуусгасан мэт хандах боломжгүй. Харин хяналтын байгууллагууд удаа дараа шаардлага хүргүүлсэн гэх атлаа зөрчил үргэлжилж байгаа шалтгааныг тайлбарлаж, шаардлага биелүүлээгүй үйлдвэрүүдэд ямар арга хэмжээ авснаа олон нийтэд мэдээлэх учиртай.

att.sbYHQAhRQJDw_hFpjFIGDwbULKTFFHUM267_WhBRGg8.webp

Эмээлтийн махны үйлдвэрүүдийн бохир усны асуудлыг цэгцлэхгүй бол өнөөдөр Сонсголонгийн цэгт үнэртэж буй бохирын асуудал маргааш нийслэлийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламжийн хэвийн ажиллагаанд улам том дарамт болж мэднэ.