Нөмрөгийн асуудлаар ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд эхний байдлаар сануулах арга хэмжээ авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой асуудлаар ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэнд эхний байдлаар сануулах арга хэмжээ авлаа. Түүнчлэн хохирлын дүн, ажлын хэсгийн дүгнэлт гармагц дараа дараагийн арга хэмжээг авах асуудлыг ярилцжээ. Мөн Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгыг ажлаас нь чөлөөлсөн байна.
Дашрамд дурдахад, Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртсөн ба ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын зүгээс өнгөрөгч Даваа гарагт түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг ЗГ-ын гишүүдэд үүрэг болгосон юм.
Харин түймэртэй холбоотойгоор ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн мэдээлэл өгөхдөө "Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааны дарга өөрөө баримтат киноны зураг авахаар тус бүс рүү нэвтэрсэн байсан учраас зөвшөөрөл авах боломжгүй байсан. "Мобиком" корпорациас гаргасан хүсэлтийн дагуу Нөмрөгийн дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг хилийн отрядын ангийн захирагч олгосон. Хилчид хамгийн түрүүнд түймрийн голомтод очиж ажилласан. Гарт байгаа техник хэрэгслээ ашиглаж үеийн үед түймэртэй тэмцэж ирсэн. Хилчид Нөмрөгийн ДЦГ-ыг дайны үед амиа зориулан хамгаалж байсан. Энхийн цагт ч амьдралаа зориулан хамгаалж ирсэн. Зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон ч хилчдийг зориудаар гал тавьсан мэтээр буруутгасан мэдээлэл гарч байгаа учраас энэ тайлбарыг өгч байна" гэсэн юм.


