П.Наранбаяр: Хууль батлагдвал 13 хүртэлх насны хүүхдийн цахим хэрэглээг хориглож, 13-16 насныхан хязгаартай ашигладаг болно

УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарын есөн гишүүн өргөн мэдүүлсэн Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Хуулийн төслийн талаар болон бусад асуудлаар УИХ-ын гишүүн П.Наранбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн гол зорилго, үзэл санаа нь юу юм бэ. Хууль батлагдсанаар ямар өөрчлөлт, үр дүнг авчрах вэ?
-Энэ бол нийгмийн сүлжээн дэх хүүхдийн хэрэглээг зохицуулж буй анхдагч хууль. Өнөөдөр нийгмийн сүлжээ нь хүүхдэд хор нөлөөтэй тал байна. Дэлхийн 50 гаруй улс орон тодорхой хязгаарлалт хийсэн байна. Бидний өргөн барьсан хуулиар 13 хүртэлх насны хүүхдийн цахим орчин дахь хэрэглээг хориглох бол 13-16 насныхан тодорхой хязгаартай, 16-аас дээш насныхан өөрийн ухамсраараа цахим орчинг ашигладаг байхаар тусгасан.
Хуулийг би ганцаараа биш ЦХИХХ-ны сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Л.Гантөмөр, Ч.Анар тэргүүтэй есөн гишүүн өргөн мэдүүлсэн.
Дэлхий дээрх жишээнүүдээс авч үзвэл, Европын холбоонд хүүхдийг 13 нас хүртэл нь ямар нэг дэлгэцээс хол байлгахаар зохицуулсан байна. Тиймээс Монгол Улс өөрсдийн хүүхдээ хамгаалах хууль эрх зүйн орчинтой болж байна гэж ойлгож болно.
-Хэрэв хууль батлагдвал сургуулийн орчинд төдийгүй хүүхдүүдийн цахим хэрэглээ цэгцэрнэ гэж ойлгох уу?
-Тийм. Фэйсбүүк гэх мэт цахим хэрэглээ нэлээн цэгцтэй болж цахим боловсрол сайжирна гэж харж байгаа.
-Цаг үеийн асуудлаар тодруулахад, багш нарын байршлыг цахимаар хянахтай холбоотой мэдээлэл цацагдсан. Таны илэрхийлсэн байр суурьд одоогийн сайд Л.Энх-Амгалан таныг "Дөрөвхөн сарын өмнө энэ салбарын сайдын албыг нь хашиж байснаа санаарай. Битгий матрын нулимс унагаад байгаарай. Эр хүн шиг тахимаа аятайхан өгчих" гэсэн. Энэ талаар байр сууриа илэрхийлбэл?
-Л.Энх-Амгалан гэж улстөрчийг би ойлгох гэж их хараад байгаа. Энэ хүн яагаад хүн бүр рүү үсчиж дайрч, асуудлыг хам хум шийдээд байгаа юм. MCS-д ашигтай зүйл хийгээд байгаа юм уу. Мэдэхгүй байна.
Багш нарыг байршлаар нь хянах буюу тагнаж чагнаж байгаа юм шиг зүйл хийж болохгүй. Энэ чинь хүний эрхийн асуудал шүү дээ. Л.Энх-Амгалан сайд өөрөө энийгээ баталсан ярилцлага хэвлэлд өгчихсөн байсан шүү дээ. Хэрвээ үнэн бол арай хэтэрсэн зүйл байна. Монголын багш нарын ҮЭ-ийн холбоо болон бусад холбогдох байгууллагууд нь энэ асуудлаар дуугарна биз. Багш нар өөрсдөө ч ярих байлгүй дээ.
-Та хүний эрх талаас нь ярьж байгаагийн хувьд ХЭҮК гэх мэт холбогдох байгууллагад хандах уу?
-Ер нь аливаа зүйлд хэтэрсэн хяналт байж болохгүй. Энэ асуудлыг сайтар нягтална. Нягтлаад хэрвээ тогтоогдвол энэ бол дэлхийд байхгүй хачин зүйл болно. Жишээлбэл, таныг гар утасны чинь байршлаар хаана юу хийж байгааг хянаад, цалинг чинь бичээд байвал яах вэ. Муухай биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.


