ЭСЯ: Италид байгаа Монгол иргэд яаралтай тусламж хэрэгтэй тохиолдолд 112 дугаарт холбогдох боломжтой

Итали Улсын Милан, Болонья, Турин, Ром, Наполи, Флоренц, Женова зэрэг хотуудад 2026 оны 10 дугаар сарын 17-ны өдөр түлш шатахуун, хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт, татварын дарамт зэрэг амжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жагсаал, цуглаан зохион байгуулагдаж буй. Жагсаалын улмаас зарим газруудад эмх замбараагүй байдал үүссэний улмаас иргэд болон хууль сахиулах байгууллагын ажилтнууд хооронд мөргөлдөөн үүссэн байна.
Тиймээс Италид суух Монголын Элчин сайдын яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал, "Орон нутгийн хууль сахиулах байгууллагууд нийтийн хэв журам, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд зарим хотод оюутан, залуучуудын байгууллага, үйлдвэрчний эвлэлүүд жагсаал, цуглаан, ажил хаялтыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай эх сурвалжууд мэдээлж байгаа тул ойрын хугацаанд замын хөдөлгөөн, нийтийн тээврийн үйлчилгээнд түр хугацааны өөрчлөлт, хязгаарлалт үүсэж болзошгүй байна.
Иймд Итали Улсад оршин сууж буй болон түр хугацаагаар зорчиж байгаа Монгол Улсын иргэдийг жагсаал, цуглаан, эмх замбараагүй байдал үүсэж буй газруудад зорчихоос зайлсхийх, анхаарал болгоомжтой байж өөрийн аюулгүй байдлыг хангаж, орон нутгийн цагдаа, хууль сахиулах байгууллагын заавар, анхааруулгыг дагаж мөрдөхийг зөвлөж байна.
Яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд яаралтай дуудлагын 112 дугаарт холбогдоно уу" гэжээ.


