Туулын хурдны замын асуудлаар яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн Т.Даваадалай нийслэлийн МАН-ын Бага хуралд оролцож байна

Нийслэлийн МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Энэ удаагийн хуралд Хотын даргын орлогч асан Т.Даваадалай оролцохоор иржээ. Тэрбээр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгч аж.
Сануулахад, Т.Даваадалай нь нийт 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон. Эдгээрийг задалбал,
-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,
-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Улмаар түүнийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд цагдан хоригдож байсан тэрбээр саяхан гадуур шалгагдахаар болж суллагдсан юм.



