БУРХАН ЦАГААН МАШИНЫ ЖОЛООЧ Б.Оюунцэцэг: Орон гэргүй байхын зовлонг мэддэг болохоор өдөр бүр 15 мянган төгрөг данснаасаа шууд татуулж, хуримтлал үүсгэн, цугласан мөнгөөрөө хүмүүст гэр авч өгдөг

Ярилцлага
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 5 мин 25 сек
4433
IMG_4197.webp

“Би энэ дэлхийн хамгийн баян хүн гэж өөрийгөө боддог юм” хэмээн ярих “Бурхан цагаан” машины жолооч бүсгүйг Б.Оюунцэцэг гэдэг.

Тэрбээр бага балчир наснаасаа эхлэн жолооч эмэгтэй хүн үзэсгэлэнтэй харагддаг болохоор жолооч болох мөрөөдөл тээж, өдгөө 15 дахь жилдээ тээврийн жолоочийн ажлыг хийж яваа нь энэ.

Анх 19 настайдаа хөөрхөн хүүгийн ээж болж, 21 насандаа анх Улаанбаатар хот гэх их айлд хөл тавьж байжээ.

Б.Оюунцэцэг тэр үеийнхээ тухай ярихдаа “Тухайн үед цаг үе хэцүү байж дээ. Улаанбаатар хотод ирэхэд гэр орон байхгүй, очих газаргүй, өвлийн хүйтэнд нимгэн дан дээлтэй хүүхдээ тэврээд орцонд хүртэл хонож л явлаа. Одоо бодоход амьдралын хамгийн хэцүү үе маань тэр л байсан. Гэр оронгүй байна гэдэг их хэцүү. Тийм болохоор ч тэр үү, орон гэргүй хүмүүст өөрийнхөө чадах чинээгээр өргөө цагаан гэр авч өгдөг юм. Шинэ гэр авч өгч чадахгүй ч хуучин гэр аваад л тордоод, угааж арчаад өгчихдөг юм. Одоо 23 дахь айлаа гэр оронтой болгох гээд бэлдчихсэн байна даа. Өгөх өдрөө тэсэн ядан хүлээж байна. Өмнөөс нь баярлаад байдаг юм” гээд инээмсэглэл дүүрэн ярина.

Одоо тэрбээр 23 дахь өргөө цагаан гэрээ олон хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд бэлэглэхээр бэлдээд байгаа аж. Өмнөх 22 гэрээ бурхан болсон аав, ээжийнхээ араас хийж байгаа өчүүхэн буян хэмээн ярьдаг бол энэ удаагийн гэрээ жилийн өмнө алдсан ханьдаа зориулж байгаа гэнэ.

Б.Оюунцэцэгтэй ярилцахаар очиход түүний ажлын ачаалалтай үе нь байсан юм. Нисэхийн дэнж гэх газраас өөрөө модоо ачаад Шувуун фабрик рүү явж байлаа.

Өөрөө ачаагаа ачиж, буулгах нь түүний хувьд энгийн өдөр тутмын л ажил. Үйлчлүүлэгч ихтэй гэдэг нь түүний утасны дуудлагаас харж болохоор байлаа. Өдөрт багадаа 500, ихдээ 2000 дуудлага ирдэг аж. Шинэ жил, цагаан сар, ямар ч баяр байсан хамаагүй тэр ажилдаа л анхаарлаа хандуулдаг гэнэ.

Өөрийн гэсэн цагаан ачааны машинтай болоод жил гаруй болж байгаа бөгөөд машинаа “Бурхан цагаан” хэмээн нэрлэжээ. Өглөө түлшээ дүүргээд гарсан машин нь орой гэртээ ирэхэд түлшээ бараг дуусгасан байдаг гэнэ. Түүний хувьд энэ машин амьдралаа авч явах, үр хүүхдээ өсгөх, бусдад туслах боломжийг нь бүрдүүлдэг тул "Бурхан цагаан" хэмээн нэрлэсэн гэв.

Гэсэн ч тэрбээр энэ ажлаа зовлон гэж боддоггүй нь илт. Учир нь ажлаа л тасралтгүй хийж байвал сэтгэл санаа нь сайхан байдаг гэнэ. Тэр ч бүү хэл ажлаа хийж яваад хоёр хоног юм идээгүйгээ анзаараад “Өө, би чинь хоол идээгүй юм байна” гэж санах үе хүртэл байдаг ажээ. Бидэнтэй ярилцахын өмнөх шөнө ч гэсэн унтаагүй явж байгаагаа хэлсэн юм.

Түүний ингэж уйгагүй ажилладгийн цаана мөнгөнөөс илүү нэг шалтгаан байгаа тухай ч тэр ярьсан юм.

“Би жилийн өмнө ханиа алдсан. Хөхний хавдартай гэдгээ мэдээд 20-иод жил болж байгаа. Гэртээ байхаар өнгөрсөн амьдралаа ухрааж бодоод, элдэв янзын юм бодож сэтгэл санаагаа унагаагаад байдаг юм. Харин ажлаа хийгээд л явж байвал юун амьдрал бодох, ажлаа л бодно. Энэ гудамжаар явбал илүү ойрхон, хүний ачаа бараа эвдэлчихгүй юмсан гээд л сатаарчихдаг юм” гэнэ.

Түүний энэ ярианаас сонсоход өнгөрсөн амьдралдаа их зүйлийг туулж, их сэтгэлийн тэнхээ гаргаж даван туулсан нь харагдана.

Б.Оюунцэцэг: Би хоёрдугаар ангийн боловсролтой хүн

0f070bff-a933-4257-b523-1ecfddee0e0f.webp

Түүний ээж дөрвөн хүүхдээ ганцаараа өсгөдөг, өрх толгойлсон эмэгтэй байжээ. Б.Оюунцэцэг ээждээ туслахаар хоёрдугаар ангиа төгсөөд сургуулиасаа гарсан байна. Тухайн үед картын бараанд оочирлодог, нийгэм, цаг үе шилжиж байсан хэцүү цаг үе байж. Тэрбээр өөрөөсөө ах хоёр ах, доороо нэг охин дүүтэй юмсанж.

https://www.facebook.com/share/v/18euZ3twSc/
видео үзэх


Б.Оюунцэцэг тэднийхээ тухай ярихдаа “Ганц охин дүү минь хэдэн хүүхдийг минь харж өгнө. Хоёр ах маань түшиг тулгуур болж яваа. Би ахтай, дүүтэй, гурван сайхан хүүхэдтэй баян хүн дээ” гээд л инээд алдан ярина.

Түүний хань ч бас тээврийн жолооч мэргэжилтэй байж. 15 жил ханилсан ханиа жилийн өмнө тэнгэрийн орон руу явуулах нь Б.Оюунцэцэг болон түүний гурван хүүхдэд хүнд цохилт болсон нь аргагүй.

-Өдгөө 11 мянган хүний гарын алгыг дээш нь харуулжээ-

621cc6b9-583e-4c13-944d-d6c14d3212b8.webp


Гэсэн ч тэрбээр амьдралд нурсангүй. Гурван хүүхдэдээ тус бүрд нь амьдрах байр, орон сууцыг нь бэлдээд зогсохгүй, бүх л амьдралынхаа хугацаанд 11 мянган хүний гарын алгыг дээш нь харуулж, 22 ам бүлийг өргөө цагаан гэртэй болгожээ. Үүнийгээ бурхан болсон аав, ээж, ханийхаа араас хийж байгаа өчүүхэн буян гэж ярина. Тэрбээр ханиа алдсаны дараа ч 1000 хүнийг баярлуулжээ.

Өөрөө хөхний хорт хавдар гэх өвчинтэй тэмцэж яваа болохоор энэ жилээс Хавдар судлалын үндэсний төвд эмчлүүлж буй иргэдэд тусламжийн гараа сунгаж эхэлсэн байна. Мөн том хүү нь ээжийгээ БНСУ-д эмчилгээнд авч явдаг бөгөөд удахгүй дахин авч явахаар болжээ.

Б.Оюунцэцэг: Төрсөн нь биш өсгөсөн нь аав

3f85cff7-71fd-46d6-8b36-da7dc0a37a06.webp


Б.Оюунцэцэг ханийхаа тухай ярихдаа “Миний хань сайн аав, сайхан хань байсан. Тийм ч учраас би одоо гэрэлтэж яваа. Миний том хүүг өөрийн хүү шигээ л хайрлаж, өнгөтэй өөдтэй бүхнийг барьж гүйдэг, шинэ хувцас, тоглоом юу л байна хүүд минь өгдөг байсан. Миний хоёр дахь амьдрал шүү дээ. Би ер нь боддог юм. Төрүүлсэн нь биш, өсгөсөн нь аав хүн байдаг юм байна гэж.

Одоо миний хүү том залуу болсон. 25 настай, БНСУ-д гэр бүлээрээ ажиллаж, амьдардаг. Ээжийнхээ том түшиг тулгуур. Би одоо хоёр бага хүүхэдтэйгээ амьдардаг. Миний охин гэр орноо цэвэрлэнэ, ээжийнхээ хувцсыг угаана. Гэрийнхээ арын албыг авч явдаг. Энэ бүхнийхээ хажуугаар уран нугардаг авьяастай охин бий.

Бага хүү маань 24 цагийн цэцэрлэгт явдаг юм. Хүүхдэдээ цаг гаргах нь хомс байдаг болохоор аюулгүй гээд 24 цагийн цэцэрлэгт өгчихсөн. Бага хүү маань одоо сурчихсан. ‘Баяртай, ээжээ. Зөндөө мөнгө олоод хүүгээ ирж аваарай’ гээд л өөрөө цэцэрлэг рүүгээ гүйгээд орчихдог.

Хүн ер нь эд хөрөнгөнөөс илүү үр хүүхдээрээ, олноороо хүрээлүүлж явах сайхан даа. Миний хувьд өөрөө боловсролгүй хүн болохоор хүүхдүүдээ өөр шигээ харанхуй хүн болгохгүйн тулд боловсролд нь их анхаардаг юм. Өдөр бүр хоёр багынхаа хадгаламж руу 10, 10 мянган төгрөг данснаасаа татуулна. Сайн үйлсдээ 15 мянгыг татуулна. Тэгэхээр сайн үйлсээ хийхдээ мөнгө яана аа гэж санаа зовохгүй, инээж байгаад л юмнуудаа авчихдаг юм даа” хэмээн ярив.

Б.Оюунцэцэг бусдад туслахын зэрэгцээ үр хүүхдийнхээ ирээдүйг бэлдэж, өдөр бүр хөдөлмөрлөсөөр явна. Түүний хувьд баян байна гэдэг нь эд хөрөнгө ихтэй байх бус, хайртай хүмүүсээрээ хүрээлүүлж, бусдад туслах боломжтой амьдрахын нэр аж.

“Төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Тиймээс үр хүүхэд минь ‘Ээж минь ийм дайчин бүсгүй байсан шүү’ гэж дурсдаг байгаасай гэж хүсдэг” хэмээн Б.Оюунцэцэг хэлсэн юм.



tenx-hd
Хуваалцах:4433

СЭТГЭГДЭЛ (44)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Мөнхзаяа

    Дайчин мундаг бүсгүйд ажилтай хүсье.

  • И
    иргэн

    Гайхалтай буянтай бүсгүй бн . Тэр өдөрт 500 -2000 дуудлага ирдэг гэж дэгсдүүлжээ . Утас нь улайсдаг бха . Хариулж суувал бүтэн өдөр хүрэлцэхгүй шүү ккк

  • Ч
    чойжилсүрэн

    дүү ахдаа туслаач ах нь жаахан яадар яавна дүү ахдаа тус хүргээч

  • Е
    ЕR

    Монголд бас ийм сайн хүн байнаа ?! Бүгд орк юм байх гэж бодсон !

  • Т
    Туул

    Гайхалтай мундаг дайчин бүсгүйд баяр хүргэж амжилтын дээдийг ерөөе Бахархмаар дайчин сайхан үлгэр жишээ авахаар бүсгүй бна даа

  • Б
    Бадам

    Буян нь дэлхийгээр дүүрч эрүүл энх байгаарай та эрүүл болноо

  • Т
    Төгөлдөр

    Үнхээр дайчин мундаг бүсгүй юм аа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе ээ эрүүл саруул болж урт удаан наслах болтугай

  • B
    Bb66

    Дайчин, сэтгэл сайхан бүсгүй дээ амжилт👌👍💅🏻

  • З
    зочин

    Юм бичихдээ жаахан баримжаатай бичвэл өөр олон хүнд хүрнэ дээ. Өдөрт 500-2000 дуудлага 2 өдөр хоол идээгүй энэ тэр үнэмшилгүй сонсогдож байна. Уг нь их сайхан үйлс бүтээж яваа хүн байна иймэрхүү давсалсан бичвэр сайн үйлсийг нь дараад байна даа.Бичигч хойшдоо анхаарна биздээ

  • Т
    Туул

    Буянтай ухаантай ээжид ард олон баярлаж байгаа хийсэн бүхэн нь буян болно оо эрүүл энхийг хүсье. Очин үеийн залууст үлгэр дуурайлал болж байна.

  • З
    Зочин

    Буян нь дэлгэрэг. Маш ухаалаг, зөв хүн байна. Гоё юмаа. Хурдан эдгэрээрэй.

  • З
    Зочин

    Бүрэн эдгэрэх болтугай!

  • Д
    Доржханд

    Сайн санааны үзүүрт шар тос гэж байдаг тул энэ сайхан бүсгүйн хөхний хавдар хурдан эдгэрч ажил үйлс амьдрал нь өөдрөг байхыг хүсэн ерөөе

  • З
    Зочин

    Ямар сайхан сэтгэл вэ. Буян нь будаа тариа шиг өсөг ээ❤️

  • Э
    Эрдэнэбал

    Мундаг юм аа, мундагаар барах уу даа л гэж хэлээд хүсэл бүхэн нь биелэх ерөөл өргөе!

  • Б
    Баяраа

    Дайчин бүсгүйд эрүүл энхийг хүсч сайн сайхан бүхнийгерөөе . .

  • Э
    Эх оронч

    Энэ ёстой мундаг эмэгтэй байна лээ.

  • И
    Иргэн

    Энэ чинь л боловсролшүүдээ...

  • З
    Зочин

    Сэтгэл байхад бол 2-р ангийн боловсролтой байсан ч гэсэн асар их боловсролтой гэцгээх улс орон ард түмнээ боддоггүй улс төрчид болон албан тушаалтнуудаас хамаагүй их сайн сайхан үйлсийг хийж болдог чаддаг гэдгийг бодитой харуулж байна даа энэ бүсгүй

    • И
      Иргэн

      Ёстой тийм байна

  • Н
    Наранбат

    Амжилт, эрүүл энхийг ерөөе

  • З
    Зочин

    Амьдралын дээд сургуулийг амжилттай дүүргэж Ард олонд тустай буянтай үйлс бүтээж яваа бүсгүйгээр бахархаж байна. Эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе

  • Т
    Туяа

    Таньд аз жаргал сайн сайхныг хүсэе

  • О
    оюун

    хэдэн дээд сургууль төгссөн боломжтой хүмүүсээс ч илүү боловсорсон эмэгтэй бнаа, явах зам мөр нь ариун дардан байж, эрүүл энхийг эдлэн үр хүүхэдтэй амгалан сайхан жаргаж яваарай дүү минь, чи давж туулан чадах болно

  • Л
    Л.Алтанчимэг

    Мундаг сайхан ээжид эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье эдэгнээ сайхан болно

  • H
    Huyagaa эрдэнэт

    Хэрвээ өөрт хүсдэг аз жаргалаа бусдад хүсдэг хүсдэг хүмүүс олон бол хүн төрлөхтөн удахгүй диваажинд амьдрах болно Венсис Ванго

  • З
    Зочин

    Сайхан. Хүмүүс бүгд ийм сайхан сэтгэлтэй байвал бүх зүйл сайхан болно доо.

  • Б
    Багш

    Энэ сайхан буянтай бүсгүйд эрүүл энх болж сайн сайхан амьдрахын ерөөлийг өргөе.Буян нь буцаж ирэхдээ бороо шиг асгарч бүх зүйл сайхан болноо

  • Э
    Эко

    Буянтай бүсгүй

  • Ү
    Үглээ өвгөн

    Нэг.удаа л.амьдарна.Их.буянтай.бүсгүй юм.Амжилт.хүсье.

  • З
    Зочин

    Буяны үр буцаад ирнэ. Гайхалтай сайхан эмэгтэйд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

  • З
    Зочин

    Сайхан сэтгэлтэй сайхан эмэгтэй

  • З
    Зочин

    Өөрөө бурхан байна даа.

  • Б
    Баярмаа

    Ямар мундаг дайчин бүсгүй вэ Үнэхээр бахархамаар Боловсролтой байлаа гээд мал шиг явж бгаа хүмүүсийн дэргэд ёстой мундаг... 126 малнууд энэ бүсгүйгээс долоон дор.

  • З
    зочин

    Буян нь дэлгэрч явагээ.

  • М
    Монгол хүн

    Мундаг.

  • Ц
    Цэцэгмаа

    Сэтгэл нь сүү шиг ямар сайхан эмэгтэй вэ! Эрүүл энхийг хүсье! Биеэ бодоорой!

  • И
    Иргэн

    Ямар ховорхон сайхан сэтгэлтэй хүчирхэг эмэгтэй вэ, биширч бахдаж байна. Эрүүл энхийг хүсье, баярлалаа

  • Ж
    Жавхаа

    Сайхан сэтгэлтэй, буянтай гайхалтай эмэгтэйд баярлалаа👏🤗🤩🥰. Төр засгаас л дээр юм даа. 🤨🧐🫣

  • З
    Зочин

    Маш сайхан сэтгэлтэй хүн юм одоо ийм нийгэмд өдрийн од мэт хүн юм ээ. Эрүүл энхийг хүсэн ерөөе өө. Урт насалж удаан жаргаарай

  • Б
    Бүсгүй

    Амжилт.хүчтэй байгаар

  • Z
    Zochin

    Chairlaj yvmaar ochin baina , minii duu eruul bolno , burchan chamd ich chairtai.

  • З
    Зочин

    Буян нь дэлгэрч, аз жаргал, сайн сайхан амьдраарай... Амжилт

  • А
    Ах

    Аж жаргал хүсье. Сайхан эмэгтэй байна