Г.Билгүүн:Монголын стандарт дэлхийн жишгээс хол биш. Харин бид итгэлцэл, бодит үр дүнг бий болгох ёстой

2016 онд олон улсын баталгаажуулалтын үйлчилгээг Монголд хүртээмжтэй болгох зорилгоор байгуулагдсан МонСертф ТҮБ 10 жилийн хугацаанд 500 гаруй байгууллагад аудит, үйлчилгээ үзүүлжээ. AFNOR-ийн 100 жилийн ой, Чэндү хотын ANQ Congress, Парисын ISO Annual Meeting 2026-ийн дараахан тус байгууллагын үүсгэн байгуулагчтай Монголын чанарын дэд бүтцийн хөгжлийн талаар ярилцлаа.
Ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээ чанар, стандарттай байх ёстой гэсэн ойлголт олон нийтэд бий болсон. Танай байгууллага анх байгуулагдаж байсан цаг үе өнөөдрийнхтэй харьцуулахад хэр өөрчлөгдсөн байна?
Манай “МонСертф” тохирлын үнэлгээний байгууллага 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Тухайн үед стандарт, баталгаажуулалтын талаарх аж ахуйн нэгжүүдийн ойлголт харьцангуй бага байсан. Стандарт, хэрэгжилт гэдэг зүйлийг зөвхөн баримт бичиг эсвэл шаардлага гэж ойлгодог байсан. Харин өнөөдөр энэ ойлголт эрс өөрчлөгдсөн. Компаниуд стандарт, менежментийн тогтолцоог байгууллагын тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал хэрэгсэл гэж үзэх болсон. Үүнээс гадна олон улсын зах зээлд гарах, харилцагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд баталгаажуулалт чухал үүрэгтэй гэдгийг ойлгосон. Хамгийн том өөрчлөлт нь байгууллагууд стандартыг зөвхөн баримт бичгийн шаардлага гэж бус, үйл ажиллагаагаа тогтвортой удирдах, эрсдэлийг бууруулах, харилцагч болон түншүүдийн итгэлийг нэмэгдүүлэх хэрэгсэл гэж ойлгодог болсон явдал юм. Баталгаажуулалт нь байгууллагын бодит чадавх, найдвартай ажиллагааг харилцагч, түншүүдэд нотлон харуулах боломжийг мөн бүрдүүлдэг.
Яагаад энэ компанийг байгуулахаар шийдэж байсан бэ?
Тухайн үед олон улсын баталгаажуулалтыг гаднын аж ахуйн нэгж гүйцэтгэдэг байлаа. Мэдээж хүртээмж муутай нөгөө талдаа үнийн хувьд өндөр байсан. Тийм учраас салбарынхаа тусгаар тогтнолыг хадгалж ISO гэдэг тэр олон улсын стандартыг эх орондоо нэвтрүүлэхийг зорьсон. Монгол хүн эх орондоо, өөрсдийн хэлээр аж ахуйн нэгжүүддээ зөвлөөд, сургаад, баталгаажуулдаг, Олон улсын баталгаажуулалтын үйлчилгээг Монголдоо хүртээмжтэй, чанартай авах боломж бүрдүүлэхийг зорьсон учраас өөрийн компаниа байгуулж байсан. Монгол Улсад олон улсын байгууллагын итгэмжлэлтэй тохирлын үнэлгээний үйлчилгээг нутагшуулах анхдагч бөгөөд цорын ганц тохирлын үнэлгээний байгууллага бол манайх юм.
Манай улсад мөрдөгдөж байгаа стандартууд олон улсын стандарттай хэр уялдаж байна вэ?
Монгол Улсад мөрдөгдөж байгаа үндэсний стандартуудын ихэнх нь олон улсын стандартуудтай уялдсан байдаг. Ялангуяа ISO, IEC зэрэг олон улсын стандартын байгууллагын баримт бичгүүдийг үндэсний стандарт болгон баталж ашиглах практик түгээмэл болсон. Сүүлийн жилүүдэд Монголын стандартын тогтолцоо олон улсын стандартуудтай нийцүүлэх чиглэлд тогтмол шинэчлэгдэж, бизнесийн орчинд илүү хэрэглэгдэхүйц болсон.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартууд өнөөдрийн хэрэгцээг хангаж чадаж байна уу?
Стандартууд бизнесийн орчин, технологийн хөгжилтэй уялдан үргэлж шинэчлэгдэж байдаг. Зарим стандарт өнөөгийн хэрэгцээг хангаж байгаа бол зарим нь шинэ нөхцөл байдалд тохируулан шинэчлэх шаардлага гарч байдаг. Ялангуяа дижитал шилжилт, мэдээллийн аюулгүй байдал, тогтвортой хөгжил зэрэг чиглэлийн стандартын хэрэгцээ улам нэмэгдэж байна.
Монголын стандарт дэлхийн жишгээс хэр хол зөрүүтэй байна. Үүнийг сайжруулахын тулд мэдээж олон талын оролцоо чухал. Бид харин юунаас эхлэх ёстой вэ?
Монголын стандартын тогтолцоо дэлхийн жишгээс хол биш байгаа. Ялангуяа олон улсын стандартуудыг нутагшуулах ажлууд идэвхтэй хэрэгжиж байна. Гэхдээ стандартын хэрэгжилтийг сайжруулахын тулд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа их чухал. Юуны өмнө байгууллагууд стандартын ач холбогдлыг ойлгож, үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлэх соёлыг төлөвшүүлэх хэрэгтэй.
Та ач холбогдлыг нь энгийнээр тайлбарлаж өгөөч?
Мэдээж үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа стандартаас хамаараад аж ахуйн нэгжүүдэд өөр өөр ач холбогдолтой. Нийтлэг ач холбогдлыг хэлбэл зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх, үйлдвэрлэл нь өргөжих, менежментийн тогтолцоо нь сайжрах, бүтээгдэхүүнээ экспортод нийлүүлэх гээд олон боломж нээгдэнэ.
Аж ахуйн нэгжүүдийн ач холбогдлыг сая дурдлаа. Харин хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд ямар ашиг тустай вэ?
Баталгаажуулалт нь зөвхөн байгууллагад бус, хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд ч ач холбогдолтой. Менежментийн тогтолцооны баталгаажуулалт нь тухайн байгууллага үйл ажиллагаа, процессоо холбогдох стандартын шаардлагад нийцсэн тогтолцоогоор удирдаж байгааг хараат бус үнэлгээгээр нотолдог. Ингэснээр үйлчилгээний тогтвортой байдал, хариуцлага, хэрэглэгчийн шаардлагыг хангах чадварт итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь тухайн байгууллагын бүтээгдэхүүн бүрийн чанар, аюулгүй байдлыг шууд баталгаажуулсан гэсэн үг биш. Бүтээгдэхүүний тохирлыг баталгаажуулахад тусгай бүтээгдэхүүний стандарт, сорилт, хяналт болон тохирлын үнэлгээ шаардлагатай. Нөгөө талаас нь харвал байгууллага болон хэрэглэгчийн хоорондын итгэлцэл нэмэгдэх сайн талтай.
Аливаа зүйлс хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Ирээдүйд ямар шинэ стандартууд хэрэгтэй болох вэ?
Дэлхий нийтэд технологийн болон тогтвортой хөгжлийн чиг хандлага эрчимтэй өрнөж байгаа. Ирээдүйд дижитал технологи, хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, эрчим хүчний үр ашиг, тогтвортой үйлдвэрлэл зэрэг чиглэлд стандартуудын хэрэгцээ улам нэмэгдэнэ. Мөн байгууллагын засаглал, ил тод байдал, нийгмийн хариуцлагатай холбоотой стандартууд илүү чухал байр суурь эзлэх хандлагатай байна. Үүний тод жишээ нь 2026 оны есдүгээр сард ISO ба НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс танилцуулсан ISO/UNDP 53001 юм. Энэ стандарт нь Тогтвортой хөгжлийн зорилгуудыг байгууллагын стратеги, засаглал, өдөр тутмын үйл ажиллагаанд тусгаж, хэрэгжилтийг хэмжих менежментийн тогтолцооны шаардлага тогтоосон. Ирээдүйд чанар гэдэг нь зөвхөн алдаа багатай бүтээгдэхүүн биш, итгэж болох өгөгдөл, хариуцлагатай технологи, байгаль орчны үр дүнг ч хамрах болно.
Ирээдүйд стандартууд зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг баталгаажуулах биш, технологи, байгаль орчин, хүний нөөц, бизнесийн засаглал, хэрэглэгчийн итгэлцэл зэрэг бүх талын чанарыг бүрдүүлэх чиглэлд хөгжинө. Монгол Улсын хувьд энэ чиглэлд шинэ стандартуудыг нэвтрүүлэх нь бизнесийн өрсөлдөх чадвар, олон улсын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлэх чухал алхам юм.
МонСертф” ТҮБ-ын хувьд олон улсын итгэмжлэлийг эх орондоо баталгаажуулаад 10 жилийн хугацаа өнгөрсөн байна. Нэ хугацаанд хэдэн байгууллагад баталгаажуулалтын аудит хийж, үйлчилгээ үзүүлсэн бэ?
Бид байгуулагдсан цагаасаа хойш ISO 9001, ISO 14001, ISO 45001, ISO 22000, ISO 50001, ISO 37001 зэрэг олон улсын менежментийн тогтолцооны стандартын хүрээнд 500 гаруй байгууллагад баталгаажуулалтын аудит хийж, үйлчилгээ үзүүлсэн.
Гэхдээ бидний үр дүн зөвхөн байгууллагын тоогоор хэмжигдэхгүй. Хамтран ажилласан байгууллагууд үйл ажиллагааны процессоо цэгцлэх, хариуцлага, хяналтаа тодорхой болгох, эрсдэлээ удирдах, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах, экспортын болон олон улсын хамтын ажиллагааны шаардлагыг хангахад бодит ахиц гаргасан. дгээр өөрчлөлт нь хамтран ажилласан байгууллагуудын салбарт стандартын хэрэгжилт, чанарын соёлыг төлөвшүүлэхэд оруулсан бидний гол хувь нэмэр гэж үздэг.
Стандартын баталгаажуулалт гэдэг зүйл аж ахуйн нэгжээс гадна хувь хүн дээр хүртэл яригдах болсон. Энэ төрлийн үйлчилгээг “МонСертф” ТҮБ үзүүлж байгаа. Ажилтны баталгаажуулалтын талаар бидэнд мэдээлэл өгөөч?
Сүүлийн жилүүдэд байгууллагаас гадна хувь хүний мэргэжлийн ур чадварыг баталгаажуулах хэрэгцээ нэмэгдэж байна. Ажилтны баталгаажуулалт гэдэг нь тухайн хүний мэдлэг, ур чадвар, туршлага, чадамжийг урьдчилан тогтоосон стандарт, шалгуурын дагуу хараат бусаар үнэлж, баталгаажуулах үйл явц юм.
Энэ нь сургалтад хамрагдсаныг гэрчлэх сертификатаас ялгаатай. Сургалтын сертификат нь тухайн хүн сургалтад оролцсоныг нотолдог бол ажилтны баталгаажуулалт нь тухайн ажлыг гүйцэтгэх бодит чадамжтай эсэхийг үнэлж баталгаажуулдаг. Ингэснээр ажилтан мэргэжлийн ур чадвараа албан ёсоор нотлох, байгууллага шаардлагатай мэдлэг, чадамжтай ажилтныг сонгон ажиллуулах боломж бүрдэнэ.
Мэдээж энэ 10 жилийн хугацаанд уналт, сэргэлт гээд олон зүйлс байсан байх. Энэ амжилтыг гаргахад гол нөлөөлсөн зүйл юу байсан бэ?
10 жилийн хугацаанд эх орондоо чанарын бүтцийн тогтолцоог бий болгохыг хичээж ажиллалаа. Өөрсдийн тавьсан зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Мэдээж зорилгодоо хүрэхэд бидэнтэй хамтарч ажилласан байгууллагууддаа талархмаар байна. Биднийг анхнаас нь сонгож итгэж хамтарч ажилласан байгууллагууд бол өнөөдрийн амжилтын эзэд. Энэ хугацаанд олон байгууллагууд үйл ажиллагаагаа өргөжүүлж, үйлдвэрлэлээ сайжруулж, бүтээгдэхүүний экспортод гаргаж чадсаныг харахад сайхан байдаг.
2026 оны 9 дүгээр сарын байдлаар танай байгууллагын олон улсын хамтын ажиллагаанд ямар шинэ ахиц гарсан бэ?
2026 оны 9 дүгээр сарын байдлаар манай байгууллагын олон улсын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж, тодорхой үр дүн гарлаа. Энэ оны 4–9 дүгээр сарын хугацаанд Францын үндэсний стандартчиллын байгууллага AFNOR болон түүний олон улсын сүлжээтэй баталгаажуулалт, сургалт, шинэ стандартын чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэв. AFNOR Group-ийн 100 жилийн ойн хүрээнд стандартчилал, тохирлын үнэлгээний хөгжлийн туршлагатай танилцаж, Монголын нөхцөлд тохируулан хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Мөн БНХАУ болон Азийн чанарын мэргэжлийн байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэв. БНХАУ-ын Чэндү хотод зохион байгуулагдсан ANQ Congress 2026 болон Парис хотноо 9 дүгээр сарын 28-нд эхэлсэн ISO Annual Meeting 2026-аар хэлэлцсэн чанар, итгэлцэл, технологи, тогтвортой хөгжлийн чиг хандлагыг Монголын байгууллагуудад хүргэхэд анхаарч ажиллалаа. Эдгээр уулзалт, томилолтын ач холбогдлыг би зөвхөн туршлага судалснаар хэмжихгүй. Олон улсын мэдлэгийг Монголын байгууллагын бодит хэрэгцээнд тохируулан хүргэж, аудитор, чанарын менежер, зөвлөхүүдийн ур чадварыг хөгжүүлэх нь хамгийн чухал үр дүн гэж харж байна. AFNOR-ийн 100 жилийн ойд оролцсон нь баталгаажуулалтаас гадна стандартчилал, сургалт, хэвлэл, мэргэжлийн солилцооны чиглэлээр хамтрах боломжийг өргөжүүлсэн. AFNOR Asia-тай хамтран Тайпэйд Energy Resources компанийн ISO 46001 усны үр ашигтай менежментийн гэрчилгээг гардуулсан нь шинэ төрлийн стандартыг Монголын байгууллагуудад нэвтрүүлэх бодит жишээ болсон. Парисын ISO Annual Meeting 2026 “Building trust in a changing world” уриан дор хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, уур амьсгал, усны тогтвортой байдал, олон улсын худалдааны итгэлцэл болон ISO 9001-ийн шинэчлэлийн талаар хэлэлцсэн. Энэ бол стандартын үнэ цэнийг гэрчилгээнээс цааш, байгууллагын бодит засаглал, хариуцлага, хэмжигдэхүйц үр дүнтэй холбож харах шаардлагыг улам тодрууллаа. Мөн Италийн QUASER баталгаажуулалтын байгууллагатай хамтран UNI 12000:2025 стандартын тэргүүлэх аудиторын сургалтыг 29 оролцогчтой зохион байгууллаа. Үүнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 10 төлөөлөл болон хүүхэдтэй ажилладаг бусад байгууллагын мэргэжилтнүүд оролцсон. Италийн энэхүү стандарт нь спорт, чөлөөт цаг, амралт, байршуулалтын зэрэг хүүхэд, залуучуудад чиглэсэн үйлчилгээний байгууллагад дээрэлхэлт, цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, тэмцэх менежментийн тогтолцооны шаардлагыг тодорхойлдог. Сургалтын дараагийн алхам болгож Хүлэг интернэйшнл сургуулийг баталгаажуулалтад хамруулсан бөгөөд цаашид Монголын нөхцөлд туршин хэрэгжүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтрах, цаашид тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын боломжийг судалж байна.
MQMA буюу Монголын Чанарын Менежментийн Холбоо ANQ-д нэгдсэн нь ямар ач холбогдолтой вэ?
2026 оны 9 дүгээр сарын байдлаар Монголын Чанарын Менежментийн Холбоо (MQMA) Азийн Чанарын Сүлжээ (ANQ)-нд Монгол Улсыг төлөөлөх гишүүн байгууллагаар элсээд байна. Ингэснээр Монголын чанарын салбарын мэргэжилтнүүд Азийн орнуудын туршлага, судалгаа, арга зүй болон мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрт оролцох боломж өргөжиж байгаа юм. Мөн Монголын байгууллагуудын сайн туршлагыг олон улсад танилцуулах шинэ суваг нээгдэж байна. MQMA нь чанарын чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, аудитор, зөвлөх болон байгууллагуудыг нэгтгэн мэргэжлийн чадавх, ёс зүй, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. “МонСертф”-ийн баталгаажуулалтын үйлчилгээ болон MQMA-ийн мэргэжлийн нийгэмлэгийн үйл ажиллагаа нь чиг үүргийн хувьд давхцахгүй, харин Монголын чанарын дэд бүтцийг бэхжүүлэхэд харилцан нөхөх ач холбогдолтой. Чэндү хотод болсон ANQ Congress 2026-д Монголын Чанарын Менежментийн Холбооны 11 төлөөлөгч оролцож, холбооны ANQ дахь гишүүнчлэл баталгаажсан нь Монголын чанарын мэргэжилтнүүд Азийн хамтын ажиллагаанд институцийн түвшинд оролцох шинэ боломж юм.
Монгол Улсын чанарын дэд бүтцийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил болон мэргэжлийн холбоод ямар үүрэгтэй вэ?
Чанарын дэд бүтэц нь зөвхөн стандарт эсвэл баталгаажуулалтын байгууллагаас бүрдэхгүй. Стандартчилал, хэмжил зүй, итгэмжлэл, сорилт, лаборатори, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт, зөвлөх үйлчилгээ болон мэргэжлийн холбоодын харилцан уялдаатай тогтолцоо юм.
Төрийн байгууллага бодлого, зохицуулалт, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх, хувийн хэвшил стандартыг үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлэх, тохирлын үнэлгээний байгууллагууд хараат бус, мэргэжлийн үнэлгээ хийх үүрэгтэй. Харин Монголын Чанарын Менежментийн Холбоо зэрэг мэргэжлийн холбоод салбарын оролцогчдыг нэгтгэх, мэдлэг, туршлага солилцох, мэргэжилтнүүдийн чадавх, ёс зүйг хөгжүүлэхэд чухал оролцоотой.
Эдгээр оролцогч тус тусдаа бус, уялдаатай ажилласнаар Монголын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадвар нэмэгдэж, хэрэглэгчийн итгэл бэхжин, байгууллагууд олон улсын зах зээлд гарах боломжтой болно.
Салбартаа анхдагч болсон та бүхэн цаашдын үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөж байгаа вэ?
Цаашид бид баталгаажуулалтын үйлчилгээний хамрах хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ олон улсын стандартуудыг Монголын байгууллагын бодит хэрэгцээ, онцлогт тохируулан хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана. AFNOR-ийн олон улсын сүлжээтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголын аудиторуудын олон улсын чадамжийг нэмэгдүүлэх, ISO 46001 усны үр ашиг, ISO 37001 авлигын эсрэг менежмент, ISO 27001 мэдээллийн аюулгүй байдал, ISO 14064 хүлэмжийн хийн чиглэлд мэргэшүүлэхийг зорьж байна. Урт хугацаанд Монголын зах зээлд бие даасан, тогтвортой AFNOR Mongolia-ийн чадавх бүрдүүлэх нь бидний стратегийн зорилгын нэг. Хүний нөөцийн менежментийн чиглэлд мөн ISO 30400 цувралын суурь ойлголтыг түгээнэ. Энэ нь байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг нийтлэг ойлголтоор хэлэлцэхэд дэмжлэг үзүүлдэг боловч өөрөө баталгаажуулалтын шаардлагын стандарт биш юм.
Мөн аудитор, чанарын менежер, зөвлөх болон салбарын мэргэжилтнүүдийг олон улсын түвшинд бэлтгэх сургалт, чадавхжуулах хөтөлбөрийг хөгжүүлнэ. Дижитал шилжилт, мэдээллийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, тогтвортой хөгжил, байгууллагын засаглал зэрэг шинээр эрэлт нэмэгдэж буй чиглэлээр сургалт, үнэлгээ, баталгаажуулалтын шинэ үйлчилгээг Монголд нэвтрүүлэхийг зорьж байна.
Бидний хувьд цаашдын гол зорилго нь зөвхөн гэрчилгээ олгох бус, байгууллагуудын тогтолцоо бодитоор сайжирч, ажилтан, хэрэглэгч, түншүүдийн итгэл нэмэгдэхэд хувь нэмэр оруулах явдал юм.
-Ярилцсанд баярлалаа.


