Г.Лувсанжамц: МАН-ын бүлэг 68-уулаа нэг сандал дээр сууж, нэг кноп дарвал ардчилалгүй болсон гэж би дүгнэнэ

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв болон улс төрийн бусад асуудлын талаар ярилцлаа.
-Энэ оны төсвийн тодотголоос яриагаа эхэлье. Элдэв янзын улстөржилтүүдээс болж тодотгол батлах хугацаа сунжирсаар байна. Энэ удаагийн тодотгол бодит үр дүн авчирч чадах уу эсвэл тодотгол нэрийн дор л орж ирсэн байна уу?
-Тодотгол хийх бодит хэрэгцээ, шаардлага үүссэн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, мах, бензиний үнэ өссөнөөс шалтгаалж цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шаардлага үүссэн. Нөгөө талдаа үнийн өсөлтийг хязгаарлах зорилготой татаастай зээлүүд олгох тодотгол орж ирсэн. Ерөнхий зургаар нь тодотголыг дэмжиж байгаа. Энэ долоо хоногтоо төсвийн тодотгол батлагдах болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Төсвийн тодотгол хийж буй гол зорилгуудын нэг нь цалин, тэтгэвэр нэмэх асуудал. Харин цалин, тэтгэвэр нэмсний маргаашаас бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жишиг бий. Үүнээс хэрхэн сэргийлэх ёстой юм бэ?
-Шуурхай арга хэмжээ авах зорилгоор Засгийн газраас төсвийн тодотголыг өргөн барьсан гэж харж байгаа. Тодотголын дараа буюу цалин, тэтгэвэр нэмсний дараа юмны үнэ өсчихвөл үр дүнгүй болчихно. Тэгэхээр энэ жилдээ шийдэж чадахгүй байсан ч гэсэн ирэх жилүүдэд үнийг тогтворжуулах, инфляцын өсөлтийг барих арга хэмжээг авах ёстой. Үүний гол шийдэл нь улсын төсөв нь өөрөө ДНБ-д эзлэх хэмжээ нь бага байх ёстой буюу 30 орчим хувиас доош байж инфляцыг өдөөхгүй байх хэмжээнд байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, төсөв болон ДНБ-ий харьцааг зөв зохистой хэмжээнд байлгах шаардлагатай. Миний хувьд Засгийн газар гэхээс илүү Монголбанк, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс асуултаа асууж байгаа. Эдгээр байгууллагын хэлж буйгаар, 2027-2030 онд төсөв ДНБ дотроо байвал зохистой байна гэсэн тоонуудыг хэлж байгаа. Мэдээж маргааш, нөгөөдөр юмуу ирэх жил бууруулахад хэцүү. Харин Засгийн газраас хийх ёстой зүйл нь юу вэ гэхээр, төсвийн хэмжээгээ бууруулахын тулд төрийг цомхон байлгаж, бүтцийг оновчтой байлгах вэ гэдэг дээр судалгаа, шийдэлтэй хандах ёстой.
-Шаардлагатай үед төсвийн тодотгол хийх нь зөв ч ЗГ тооцоо судалгаа муутай төсөв оруулж ирж батлуулж байгаа нь хэдхэн сарын дараа тодотгол хийгээд байх нөхцлийг бүрдүүлж байгаа талаар зарим эдийн засагч, гишүүд шүүмжилдэг. Засгийн газар тооцоо, судалгаатай байж чадаж байна уу?
-Төсвийг тодотгох шаардлага үүсэж буй нэг шалтгаан нь төрийн худалдан авалтын тухай хууль. 5-р сарын 1-ний дотор тендер зарлаж, ажил нь яваагүй байвал санхүүжилтийг нь зарцуулахгүй байх асуудал үүсдэг. Тухайн санхүүжилт нь улсын төсөвтөө байж байх юмуу эсвэл өөр зүйлд зарцуулах уу гэдэг нь төсвийн тодотгол хйих шаардлагыг мөн үүсгэж байна.
П.Сайнзориг нарын гишүүдийн Төрийн худалдан авалтын тухай хуулиар үүнийг засахаар байгаа. Тэгэхээр тооцоолох боломж байгаа гэж харж байна. Гэнэтийн нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй ч тэгэж том савлахгүй шүү дээ. Тиймээс төсөөллөө зөв гаргаж, төсвийн хүрээндээ тааруулж төсвийн төслөө оруулж ирэх нь зүйтэй.
-ЗГ-ын сайд нар төсвийн тодотголоо хэр сайн хамгаалж, гишүүдийн асуултад оновчтой хариулт өгч байна. Зарим сайд нар тодотголоо хамгаалж чадахгүй, бухимдсан байдал гаргаж байгаа харагдсан?
-Мэдээж байнгын хороо, чуулганы хуралдаанд маргалдах зүйл гарна. Гэхдээ энэ нь бодлогын мэтгэлцээн байх ёстой. Ихэнх сайд нар яамныхаа төсвийн зарцуулалт болон бусад зүйлээ хариулдаг. Гол нь хүлээгдэж буй үр дүнгээ ярих хэрэгтэй. Цаашдаа ч илүү бодлогын мэтгэлцээн өрнөдөг байнгын хороо, чуулган болох болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
-Цагийг нь тулгаад өдөр шөнөгүй хуралдаж төсөв баталсан алдаагаа битгий давтаасай-
-Өнгөрсөн жил яг төсөв хэлэлцэх үеэр улс төрийн талцал, маргаанаас үүдэж багагүй хугацаа алдаж, эцэст нь цаг тулгаж төсвөө баталсан нь өнөөдрийн байдалд хүргэсэн байж магадгүй байгаа. Тэгвэл түүхэнд байгаагүй их зарлагатай ирэх оны төсвийн талаар таны байр суурь?
-Ирэх оны төсвийг дэмжиж байгаа. Яагаад гэвэл ТӨК-ийн ногдол ашиг өмнө нь улсын төсөв буюу иргэдийн төлөөлөл болсон УИХ-аар хянагддаггүй байсан. Энийг хянадаг болох зарчмыг дэмжиж байгаа. Хоёрдугаарт, Оюутолгойн ногдол ашиг яригдаж байгаа. Гэхдээ хэр баталгаатай байх вэ гэдэгт УИХ-ын гишүүд нухацтай хандаж, саналаа гаргах нь зөв. Зарлага 10 гаруй их наядаар нэмэгдэж байгаа нь олон салбарт чиглэж буй. Миний хувьд цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхийг нь дэмжиж байгаа. Харин бусад нэмэгдүүлж буй зардлууд нь ямар үр дүнд хүргэхийг байнга асууж байх ёстой. Ийм байр сууринаас саналуудаа бэлтгэж байна.
Уг нь долоо, долоо хоногоор салбар бүрд төсвийн мэтгэлцээнийг өрнүүлээд, 11-р сарын 15 буюу хугацаанд нь чанартай батлах ёстой гэж бодож байгаа.
Өнгөрсөн жил хуралдахгүй байсаар байгаад 11-р сар гаргаад богино хугацаанд өдөр шөнөгүй хуралдаж баталсан алдаагаа дахиж битгий давтаасай.
-Таны харж буйгаар, ирэх оны төсвөөс хасаж, танах боломжтой ямар зардлууд байна вэ?
-600 орчим хуудастай төсвийн ном бий. Нэг сул тал байгаа нь урсгал зардлуудын задаргаа нь байдаггүй. Үүнийг нэгдүгээр хавсралт буюу үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтийн хавсралтаар харах ёстой. Энэ хавсралтыг засах саналыг сүүлийн хоёр жил гаргаж байгаа.
Ахиц гарсан газрууд байна. Тухайлбал, АТГ өмнө нь “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтээр өөрсдийнхөө үр дүнг үнэлнэ гэдэг байсан бол энэ жил “Авлигын төсөөллийн индекс”-ээр үнэлнэ гэсэн ахиц гарсан байна. Бусад төсвийн ерөнхийлөн захирагчдыг ч гэсэн нарийвчилж хараад, тэнд нь анхааръя гэсэн бодолтой байна.
Урсгал зардлыг танаснаар ямар нөлөө үзүүлэх вэ гэсэн асуулт чуулган дээр илүү өрнөх болов уу гэж хүлээж байна. Тэнд сайд нар болон бусад төсвийн ерөнхийлөн захирагч нар тайлбарлаад сайн хамгаалах ёстой болов уу.
Гишүүдийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн их гаргаж байсан зарчмын зөрүүтэй санал бол хөрөнгө оруулалтын зардлыг эндээс нь аваад, ийшээ шилжүүлчихье гэсэн байдлаар их гарсан. Гэхдээ хөрөнгө оруулалтын зардал бол жилийн төсвийн 20 орчим хувийг эзэлж байгаа. Энэ 20 хувь дээр анхаарснаас илүү урсгал зардлынхаа 80 хувиар хаа хүрэх гээд байгаа вэ гэсэн бодлогын мэтгэлцээн байх ёстой.
-Урсгал зардлын хэдэн хувь нь томилолт, бичиг хэрэг, тоног төхөөрөмж гэдгийг ил тод болгох хуулийг өргөн мэдүүлсэн-
-Гадаад томилолт гэх мэт тэвчиж болох зардлууд байна уу?
-Урсгал зардалд энэ мэдээлэл нь орж ирдэггүй. Төсвийн ерөнхийлөн захирагчдад урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардал гэж хоёр зардал л байгаа. Урсгал зардалынх нь яг хэдэн төгрөг нь гадаад томилолтын зардал гэдэг нь мэдэгддэггүй. Гишүүд санал гаргахдаа урсгал зардлаас тэдийг хасна гэж гаргаж чадах болохоос томилолтын зардлыг хэдээр бууруулъя гэсэн зардал гаргах боломжгүй. Энэ асуудал дээр С.Цэнгүүн гишүүнтэй хамтраад хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Урсгал зардлыг задалж үзүүл. Цалин, бичиг хэрэг, гадаад дотоод томилолт, тоног төхөөрөмжийн зардал нь хэдэн төгрөг байгааг тодорхой харуулдаг болох хуулийн төсөл өргөн барьсан. Дээрх асуудал хэрвээ засагдвал гадаад томилолтын зардлыг бууруулах зэрэг саналыг гаргах боломжтой.
-Төсөв өргөн бариад буй Н.Учралын Засгийн газар байгуулагдаад зургаан сар болох гэж байна. ЗГ-ын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байна вэ?
-Мэдээж сайн үр дүнгүүд, эхлүүлж байгаа болон үргэлжлүүлж буй ажлууд байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд олон салбарын төрийн оролцоог бууруулж байгаа. Тэр дундаа ногоон шилжилт буюу эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход ахиц гарч байгаа гэж харж байна.
Нөгөө талдаа шатахууны асуудалд тодорхой мэдээллүүдийг олон нийтэд хүргэх ёстой болов уу. Өмнөх сард хэдэн тонн орж ирсэн, тэрний өмнө хэд байсан гэх мэт. Ингэснээр ард иргэд, тариаланчид хэрэглээгээ тооцоолох боломжтой. Мэдээж дайн байлдаантай байгаа хөршөөсөө өмнөх шигээ хэмжээгээр авахад хүндрэлтэй байгааг ойлгож байна.
Үүнээс гадна энэ оныг “Боловсролыг дэмжих жил”, ирэх оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Жишээлбэл “Боловсролыг дэмжих жил”-д ямар ахицууд гарч байгааг ирэх хавар төсвийн гүйцэтгэлээр ярих байх.
-Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй-
-Засгийн газрын гүйцэтгэлийг хэлэлцэх үеэр улсын төсвөөс илүү хэрүүл маргаан үүсдэг. Өөрсдийнхөө ажлыг 90-100 хувиар үнэлсэн гэх асуудал үүсдэгийг та бас шүүмжилдэг. Энэ асуудал давтагдахгүй гэх баталгаа байна уу?
-“Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэдэг үгийг та бидний татварын мөнгийг зарцуулж байгаа төсвийн ерөнхийлөн захирагч нарт хандаж хэлдэг.
Тухайлбал, боловсролын салбарын төсөв 2027 онд хоёр их наяд төгрөгөөр нэмэгдэж байгаа. Тэгвэл боловсролын хүртээмж, чанар сайжирч байна уу, үгүй юу гэдэг шалгуур үзүүлэлтийг сайтар асууж байх хэрэгтэй. Ангидаа 50, 60-уулаа сууж байгаа хүүхдүүд нь хэзээ стандарт буюу 35-аас доош тоонд ангидаа суудаг болох юм бэ. Бусад салбарт ч энэ асуудлыг илүү өргөн хүрээнд хараасай гэж бодож байна.
Хаанаас харах вэ гэхээр, төслийн нэгдүгээр хавсралт гэж байгаа. Олон нийт маань бүгдийг нь биш гэхэд өөрийнхөө ажиллаж байгаа эсвэл сонирхож буй салбарынхаа төсвийн ерөнхийлөн захирагчдын зорилго зорилт, гүйцэтгэлийг хараасай.
-Төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр маргаан үүсэх үед жагсаалтын гишүүд рүү их дайрлаа. Хэл ам нь дийлддэггүй хүмүүс гэх мэтчилэн яригдсан. Жагсаалтын гишүүд орж ирснээр парламентад ямар үр дүн гарч байгаа юм бэ?
-Хэл амтай гэхээс илүү манай намын болон бусад намын жагсаалтын гишүүд илүү бодлогын асуултууд асуудаг. Хувилбаруудаа тооцсон уу, бодлогын үр дүн, хүрэх үр дүн гэх мэт. Ийм мөнгө зарцуулчихаад үр дүнг нь яаж хэмжиж байгаа юм бэ гэсэн асуултуудыг л тавьж байна гэж хардаг. Бодлогын мэтгэлцээний асуулт тавихад, төсвийн ерөнхийлөн захирагчид энийгээ хамгаалаад явах нь УИХ, ЗГ өөрсдийнхөө чадамжийг харуулах боломж. Харин бодлогын асуулт тавихад нь хэл амтай гэх зэргээр хандаж буй нь асуудалд төвлөрч чадахгүй байгааг харуулж байгаа юм.
Тойрог, жагсаалт гэлтгүй УИХ-ын гишүүд бүгд олон нийтийг төлөөлж байгаа. Энэ ажлаа л сайн хийх ёстой.
Өмнөх 76 гишүүнтэй парламентуудад бодлогын мэтгэлцээн хэр өрнөдөг байсан бэ. Сүүлийн хоёр жилд энэ төрлийн мэтгэлцээн хэр гарч ирсэн бэ гээд логиктойгоор харьцуулбал олон нийтэд арай өөр дүр зураг харагдах болов уу гэж итгэж байна.
-Сайн яривал тойргоос 63, жагсаалтаас 63 гишүүн гарах ёстой-
-Жагсаалтын гишүүд орж ирснээр хяналт сайжирсан гэдэг. Бодит байдал дээр та хэн нэгнээс ангид байж хяналт тавьж чадаж байна уу?
-“Түмнээ төлөөлж төрөө түшинэ” гээд Үндсэн хуульд тангараг өргөсөн учраас түмнээ төлөөлж л ажиллана. Харин хэн нэгний төлөө ажиллана гэж бодож байгаагүй, цаашдаа ч бодохгүй.
Өмнөх парламентад 76 гишүүнтэй, 20 сайдтай байсан нь Засгийн газраа хянах байдал нь ил тод гарч ирж байгаагүй болов уу гэж харж байгаа. Харин одоо 16 яам 20 сайдтай, 126 гишүүнтэй гэхээр сайд биш гишүүн 106 байна. Үүнийг УИХ нь Засгийн газартаа хяналт тавих тогтолцоо сайжрах зөв голдиролдоо явж байна гэж харж байгаа. Цаашдаа ч жагсаалтын гишүүний тогтолцоо байх ёстой. Бүр сайн яривал тойргоос 63, жагсаалтаас 63 гишүүн гарах ёстой гэж боддог.
-Мөн сүүлийн үед яригдаж буй нэг сэдэв бол УИХ тарах. Гишүүдийн дундаас ч “Ажлаа хийж чадахгүй бол УИХ таръя” гэх үг гарах боллоо. УИХ тарлаа гэвэл та яаж хүлээж авах вэ?
-Хэнд ашигтай, хэнд ашиггүйг бодох хэрэгтэй. УИХ тарлаа гэхэд төсөв батлагдахгүй. Явсаар байгаад ээлжит бус сонгууль зарлана. Сонгууль хийх гэж байна гэж 1-2 сар болно.
Эмч, цагдаа, онцгой, багш гэх мэт төрийн албан хаагчид болон ахмадуудын тэтгэврийн орлого хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 1 сая төгрөг болж буурна. Шинэ парламент бүрдэж, ЗГ-аа байгуулах гэж явсаар байтал нийгэм тэр чигээрээ хохирно. Монгол Улсын иргэд бүгд хохирно. Энэ талаас нь сайтар харах ёстой. Анх хоёр жилийн өмнө тангараг өргөхдөө “Монгол Улс, ард иргэдийнхээ төлөө хичээнэ” гэсэн атлаа “Өө, энэ байгууллага надад таарахгүй байна. Одоо тараана” гэж болохгүй. Парламентын дархлаа байх ёстой.
-Танай бүлэг 30, 38-аар хуваагдсан. Одоо эв нэгдлээ сахиж нэг талдаа гарч чадсан уу?
-Эв нэгдэлтэй байгааг нь яаж хэмжих вэ гэдэг асуудал байна. 68-уулаа нэг сандал дээр сууж, нэг кноп дарахыг би ардчилалгүй болсныгоо эв нэгдэл гэж илэрхийлж байгаа юм болов уу гэж дүгнэнэ. Хүн бүр өөр өөрийн байр суурьтай учраас санал зөрөлдөх зүйл гарч ирнэ. Энэ бол энгийн бөгөөд байх ёстой зүйл. Цаашид ч байна гэж боддог. Гагцхүү санал зөрөлдөж сурах ёстой. Ингэлээ гээд шууд дайсан болохгүй. Жаахан хүүхдүүд байгаа биш дээ, санал нэгдэж байгаа бол дэмжээд, санал зөрж байгаа бол яав л сайжрахыг хоорондоо ярилцаад зөв шийдлийг гаргах хэрэгтэй.
-Хамгийн сүүлд МАН-ынхан намын даргаа дагаад Япон руу олноороо явсныг төсөв, тодотгол ярьж буй энэ үед олон нийт, сөрөг хүчин багагүй шүүмжиллээ. Хэдэн хүн, ямар зардлаар явсан нь одоог хүртэл эцэслэгдээгүй байна. Энэ талаар та мэдээлэл авав уу?
-Нарийн мэдээлэл авсангүй. Явсан бүрэлдэхүүн гэвэл таван сайд, 6-7 гишүүн явсан гэх мэдээллийг намын бүлэг дээр танилцуулсан. Бусад нь намын удирдлагууд байсан гэж ойлгож байгаа. Тэд мэдээж төсвийн мөнгөөр яваагүй байлгүй. Олон нийтийн дунд эргэлзээ байгаа учраас ямар санхүүжилтээр явсныгаа ил тод зарлаасай гэж бодож байна.
Нөгөө талдаа гадаад томилолт ерөөсөө болохгүй, муу гэж ярьж болохгүй. Ерөнхий сайд нь айлын улсын Ерөнхий сайдтай очиж уулзана гэдэг чинь ажил хэрэг шүү дээ.
Саяны томилолтоос зөв зүйтэй шийдвэрүүд гарсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, шинэ нисэхийн өргөтгөлийг хийх хэлэлцээрт гарын үсэг зурсан байна лээ. Зуны улиралд өглөөнөөс орой, шөнө хүртэл нислэг буудаг учраас өндөр ачаалалтай байдгийг бууруулахын тулд өргөтгөл хийх нь зүйтэй. Энд анхаарах нэг зүйл нь Буянт-Ухаа нисэх буудалдаа орон нутгийн нислэгээ авдаг болох ёстой.
-Ярилцсанд баярлалаа.


