Х.Нямбаатар: Хүргэн хүү хадам аавдаа таалагдах гэж намайг, манай багийг айхавтар гүжирдэв

Нийгэм
AriunjargalУнших: 1 мин 38 сек
13
legacy:niislel nyambaatar/met na.jpg

Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан газар чөлөөлөлт болон хотын хэрэгжүүлж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Хүргэн хүү хадам аавдаа таалагдах гэж намайг, манай багийг айхавтар гүжирдэв. Тавилттай гэж жигтэйхэн. Өнөөх Долоосамбуугаараа өөрөөсөө асуулгаж өөрөө хариулж, хөөрхөн” хэмээн шүүмжилсэн байна.

Мөн газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдээс өөрийн хэрэгжүүлсэн бодлого зөв байсан эсэх талаар санал авахыг хүсээд,

“Газар чөлөөлснөөр 5000 орчим янданг байхгүй болгосон. Сэлбэ, Баянхошуу, Шархад, Ханын материал, нүхэн гарцууд, авто замуудын трас, 1-р хорооллын арын өргөн зам, Яармаг, Гандан, Ногоон нуур, сургууль, цэцэрлэгүүдийн инженерийн байгууламжуудын трас дагуух газар чөлөөлөлтүүдийг хийсэн” гэжээ.

Түүнчлэн дахин төлөвлөлт нь газар чөлөөлөлттэй салшгүй холбоотойг онцлоод, хэрэв өөрийн баг ажлаа үргэлжлүүлсэн бол 2027 он гэхэд Чингэлтэй дүүргийн 13, 14, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 2500 орчим айлыг бүрэн чөлөөлж, 17 дугаар уулзвар хүртэлх гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байсан гэж мэдэгдсэн байна.

Түүний мэдээлснээр газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийн дунд хийсэн судалгаагаар 90 хувь нь орон сууц болон автомашин худалдан авсан гэх дүн гарчээ.

Х.Нямбаатар “Янданг буулгаж, гэр хорооллыг орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулж буй нийгмийн эрх ашиг. Энд гарсан зардал үр ашгаа өгсөн гэж тооцож, газар чөлөөлсөн зардлыг орон сууцны м.кв-ын өртгөөс хасаж тооцох хувилбар байж болох байсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Мөн тэрбээр одоогийн хотын удирдлагыг шүүмжилж, “Хүргэн чи сөөм газар ч чөлөөлөөгүй байгаа шүү. Юу ч хийхгүй байгаа шүү. Тархи чинь хүрдэггүй юм аа гэхэд хүний эхлүүлсэн ажлуудыг зогсоолгүй үргэлжлүүлмээр” гэжээ.

Түүнчлэн шатахууны хомсдол, үнийн өсөлт, жижиг аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, иргэдийн жагсаалтай холбоотой асуудлаар одоогийн төр, хотын удирдлагыг буруутгасан байна.

Тэрбээр “Зөвхөн надтай тэмцэх гэж бүх төслүүдийг зогсоосон. Хэрэв явсан бол зам барилгын олон мянган ажилчид ажилтай, орлоготой байх байлаа. Туулын хурдны замын ажлыг хууль бусаар зогсоосон танай гэр бүл алдангийг төлөх өдөр ирнэ” хэмээн мэдэгдсэн байна.