СУРВАЛЖИЛГА: Сурах бичиг хүлээсэн 74 мянган нэгдүгээр ангийнхан өнөөдрөөс үндсэн хичээлдээ шилжинэ

Нийгэм
AriunjargalУнших: 4 мин 1 сек
20
legacy:2026/09/surahbicig/zrgkhnaob.jpg

Шинэ хичээлийн жил эхлээд нэг сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нэгдүгээр ангид элсэн орсон хүүхдүүдийн сурах бичгийн асуудал багш, эцэг эхчүүдийн анхаарлын төвд байлаа.

2026-2027 оны хичээлийн жилийн онцлогоос шалтгаалан нэгдүгээр ангид шинээр элсэн орсон сурагчид эхний нэг сарын хугацаанд сургууль, анги танхимдаа дасан зохицох, сурагчийн үүрэг хариуцлагаа ойлгох, сургуулийн орчинтой танилцах чиглэлээр Боловсролын яамнаас боловсруулсан “Би сурагч боллоо” гарын авлагыг ашиглан хичээллэж байгаа юм.

Харин шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн дагуу нэгдүгээр ангийн сурах бичиг хэзээ хэвлэгдэж, сургуулиудад хүрэх нь хичээлийн жилийн эхэнд тодорхойгүй байсан нь эцэг эх, багш нарын дунд хүлээлт үүсгээд байв.

-Х.Тамир: Тендерт шаардлага хангасан компани байгаагүй-

legacy:2026/09/surahbicig/zushorkhao.jpg

Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир энэ сарын 8-ны өдөр мэдээлэл өгөхдөө нэгдүгээр ангийн сурах бичиг шинэчлэгдэж буйтай холбоотойгоор зохиох, хэвлэх, түгээх ажлыг тендерээр шийдвэрлэж байгаа талаар мэдээлсэн.

Тэрбээр: “Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх ажлын багц тендер зарласан. Тендерийг зургаадугаар сарын 11-нд зарлаж, долоодугаар сарын 27-нд нээсэн ч шаардлага хангасан компани байгаагүй тул дахин наймдугаар сарын 5-ны өдөр тендерийг нээсэн. Шалгаруулалт нөгөөдөр буюу энэ сарын 9-нд болно. Шаардлага хангасан байвал сурах бичгийг хэвлэх ажлыг эхлүүлж, аравдугаар сарын 1-н гэхэд 100 хувь ашиглалтад оруулна” гэсэн юм.

Гэвч есдүгээр сарын 30-ны байдлаар нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, нийгмийн ажилтан, номын санч, бага ангийн багш нар сурах бичиг яг хэзээ ирэх талаар тодорхой мэдээлэлгүй байсан юм.

-Төлөвлөгөөгөө эртхэн гаргаад, асуудлаа эрт шийдэж болдоггүй юм байхдаа-

legacy:2026/09/surahbicig/_DSC1324.JPG

Энэ талаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын эцэг эхээс байр суурийг тодруулахад сурах бичиг хэвлэгдэж, сургуулиудад хүрсэн талаарх мэдээлэл одоогоор олдохгүй байгаа талаар хэлж байлаа.

Тэдний нэг:

“Сурах бичиг хэвлэлээс гарсан гэх мэдээлэл олдохгүй л байна. 10 сарын 1-ээс ашиглалтад орно гэж байсан, одоо ч яах вэ сургуультайгаа танилцах, дасан зохицох гэсэн “Би сурагч боллоо” гээд гарын авлагаар хичээл явагдаж, багш нар нь материал бэлдэж хичээлээ орж байгаа. Есдүгээр сарын эхэн гэхэд л тендерт тэнцэх компани алга гэж байсан. Энэ төлөвлөгөөгөө эртхэн гаргаад, асуудлаа эрт шийдэж болдоггүй юм байхдаа. Бүхэл бүтэн улс орны боловсролын салбар биз дээ. Ганц сургуулийн асуудал бол арай өөр байх. Шат шатандаа л ажлыг цагийг нь тулгаж хийх юм” гэв.

Р.Цэрэндэжид: “Байгаа нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна”

legacy:2026/09/surahbicig/dlorkhaob.jpg

Харин Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургуулийн нэгдүгээр ангийн багш Р.Цэрэндэжидээс сурах бичиггүй нөхцөлд хичээл хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахад:

“2026-2027 оны хичээлийн жил онцлогтой жил. “Би сурагч боллоо” гэх гарын авлагаар хичээлээ нэг сарын хугацаанд үргэлжлүүлж байна. Бид 10 сарын 1-ээс эхлэн шинэчилсэн сурах бичигтээ шилжих ёстой байсан ч хараахан шилжиж амжсангүй. Тэгэхээр бага ангийн багш нар хоорондоо ярилцаад гарын авлага хийж хичээллэж байна. Өөрөөр хэлбэл байгаа нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна.

Миний сонссоноор сурах бичиг хэвлэх компани шалгаруулаад хэвлэлийн үе шатанд явж байгаа гэсэн. Хэзээ ашиглалтад орохыг мэдэхгүй байна. Багш, сурагчийн хөтөлбөрт зориулсан шинэ сурах бичиг хэвлэгдэж байгаа л гэсэн. Хүлээж байна. Хэрэв ашиглалтад орохгүй удвал өөрсдийн бэлдсэн гарын авлагаар хичээлээ орохоос өөр аргагүй” гэв.

-"Сурах бичиггүй бол яах вэ” гэх хүлээлт үүсэв-

legacy:2026/09/surahbicig/ushogrkhnaob.jpg

Сүүлийн өдрүүдэд ЕБС-ийн багш, эцэг эхчүүд цахим орчинд нэгдүгээр ангийн сурах бичгийн асуудлыг хөндөж, “Сурах бичиггүй бол яах вэ”, “1-р ангийн сурагчид маань одоо болтол улс даяараа номгүй байна”, “Сүйрлийн эхлэл”, “Байнга шинэчлэх хэрэг байна уу”, “Ямар нэг мэдээлэл одоогоор алга”, “Зарим зүйл дээр гомдол ирсэн төлөвтэй байгаа учраас хэвлэлийн зарим хэсэг зогссон гэж сонссон” гэх мэт баталгаатай бус мэдээллийг ярьж байгаа юм.

Гэхдээ эдгээр мэдээлэл нь албан ёсоор баталгаажаагүй бөгөөд сурах бичиг хэвлэх үйл явцад ямар нэг асуудал гарсан эсэх талаар холбогдох байгууллагаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

-74 мянган сурагч сурах бичгээ хүлээж байв-

legacy:2026/09/surahbicig/shorkhiamosb.jpg

Улсын хэмжээнд энэ жил 74 мянга орчим хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна. Тэдний хувьд хичээлийн жилийн эхний нэг сар нь ердийн хичээлийн агуулгаас илүүтэйгээр сургуульдаа дасан зохицох, сургуулийн орчинтой танилцах, сурагчийн өдөр тутмын үйл ажиллагааг танин мэдэх чиглэлд өнгөрчээ.

Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат энэ талаар мэдээлэхдээ нэгдүгээр ангийн сурагчид эхний нэг сарын хугацаанд дээрх чиглэлээр хичээллээд, аравдугаар сарын 1-нээс үндсэн сурах бичгийнхээ дагуу хичээллэхээр төлөвлөсөн талаар хэлсэн.

Тэгвэл өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нд сурах бичиг бэлэн болсон эсэх талаар Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамираас тодруулахад: “Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-ний өдөр Нийслэлээс албан ёсоор сурах бичиг тараагдаж эхэлнэ. Улсын хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичиг хэвлэгдэж, бэлэн болсон. Харьяа дүүргүүдээс ЕБС-иудад тараагдана. Хөдөө орон нутаг руу мөн явуулах болно” гэсэн мэдээллийг өглөө.

Ингэснээр нэг сарын хугацаанд “Би сурагч боллоо” гарын авлагаар хичээллэсэн нэгдүгээр ангийн сурагчид өнөөдрөөс шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулсан үндсэн сурах бичгээрээ хичээллэх нөхцөл бүрдэхээр байна.