Кавай Леонард “Рэпторс”-той хоёр жилийн 115 сая ам.долларын сунгалт хийлээ

Спорт
Ц.Янжиндулам
Ц.ЯнжиндуламУнших: 1 мин 13 сек
00
legacy:2026/09/NewFolder1/795538861_2157589438182522_6710666680648209777_n.jpg

Кавай Леонард “Торонто Рэпторс”-той хоёр жилийн 115 сая ам.долларын гэрээний сунгалт хийхээр тохиролцжээ.

Түүний агент Харрисон Гейнс гэрээний нөхцөлийг ESPN-д мэдээлсэн байна. Шинэ гэрээнд 2028-29 оны улирлын тоглогчийн сонголт багтсан бөгөөд Леонард тухайн улиралд “Рэпторс”-ын бүрэлдэхүүнд үргэлжлүүлэн тоглох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй болж байна.

Ингэснээр 35 настай довтлогчийн “Рэпторс”-той байгуулсан гэрээ нийт гурван жил үргэлжилж, 165.3 сая ам.долларыг авахаар болжээ. Леонард энэ улиралд 50.3 сая ам.долларын цалин авах бөгөөд шинэ сунгалт нь 2027-28 болон 2028-29 оны улирлуудыг хамрах аж.

Леонард хоёр жилийн хугацаанд авах боломжтой дээд хэмжээний гэрээнээсээ ойролцоогоор 11 сая ам.доллараар бага мөнгөн дүнг сонгосон байна. Түүний хоёр жилийн шинэ гэрээний дээд хэмжээ 126.1 сая ам.доллар байсан бөгөөд энэ шийдвэр нь “Рэпторс”-т цалингийн бүтцээ илүү уян хатан зохицуулах боломж олгож байгаа юм.

Леонард энэ зун “Лос Анжелес Клипперс”-ээс “Торонто Рэпторс”-т эргэн ирсэн. Хоёр багийн наймааны тохиролцоо зургадугаар сарын 30-нд хийгдсэн ч “Клипперс”-ийн цалингийн дээд хязгаартай холбоотой зөрчлийг NBA шалгасантай холбоотойгоор наймааг эцэслэх хугацаа хойшилж, есдүгээр сарын 14-нд албан ёсоор баталгаажсан юм.

Леонард “Рэпторс”-ын төлөө анх 2018-19 оны улиралд тоглож, багийн түүхэн дэх цорын ганц NBA аваргын цомыг хүртэхэд гол үүрэг гүйцэтгэж улмаар финалын MVP болж байсан түүхтэй.

Мөн өнгөрсөн улиралд “Клипперс”-ийн төлөө 65 тоглолтод оролцохдоо нэг тоглолтод дунджаар 27.9 оноо, 6.4 самбар, 3.6 оновчтой дамжуулалт, 1.9 бөмбөг таслалт дунджилж, карьерынхаа хамгийн өндөр онооны үзүүлэлтийг тогтоосон аж.