Зүүд шиг санагдсан дэлхийн аваргын алтан медаль

Нийгэм
Ariunjargal
Унших: 4 мин 55 сек
00
legacy:2026/09/delkhiynavarga/taaa6.jpg

Нүдэндээ баяр бахдалын нулимс дүүргэж, цээжиндээ Монгол Улсынхаа төрийн далбааг тэвэрсэн хоёр хүүхэд дэлхийн аваргын тавцанд зогсоно. Тэдний хувьд тэр мөч нэг тэмцээний ялалт биш, олон цагийн бэлтгэл, тэвчээр, өөр хоорондын итгэлцэл, мөрөөдлийнх нь бодит болсон агшин байлаа.


“Зүүд шиг л санагдсан” хэмээн дэлхийн аварга болсон мөчөө дурсах 14 настай Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар БНСУ-ын Чүнчон хотод зохион байгуулагдсан “Chuncheon 2026 World Taekwondo Poomsae Championships” тэмцээний өсвөрийн насны ангилалд Монгол Улсаа төлөөлөн оролцож, таеквондогийн пүмсэ төрлөөр дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирлаа.


Тэдний өмнө дэлхийн аваргын тавцан байсан ч хоёр тамирчны бодол өөр өөр байв


Ц.Шинэ-Эрдэнэ өмнө нь дэлхийн аваргад оролцож байсан учраас энэ удаад ямар ч байсан медаль хүртэх зорилготой байжээ. Харин дэлхийн аварга болно гэж төсөөлөөгүй аж. Түүний хувьд аваргын төлөөх тулаан дуусаж, алтан медалийн эзэн болсноо мэдсэн тэр мөчид бүх зүйл зүүд шиг санагдсан байна. Тавцан дээр өөрөөрөө бахархсан хэвээр зогсож байхдаа ч нулимсаа барьж чадаагүй. “Анхны дэлхийн аваргад оролцохдоо туршлага судлаад ирнэ гэж бодож байсан ч дэлхийн аварга болсноо мэдэх тэр мөчид зүүд шиг л санагдсан” хэмээн Ц.Шинэ-Эрдэнэ ярьсан юм. Харин О.Энх-Эрдэнэ өмнө нь дэлхийн аваргын тэмцээнд оролцож байгаагүй. Тиймээс энэ удаагийн тэмцээнийг туршлага хуримтлуулах боломж гэж харж, медаль авна гэж ч бодоогүй байна. Гэвч нэг нэгээрээ өрсөлдөгчөө ялж эхлэх тусам аварга болох хүсэл нь нэмэгджээ. Тэр ч бүү хэл тэмцээний өмнө Мексикийн багийнхан Монголын нэрийг хараад шоолж, басамжилсан нь О.Энх-Эрдэнийн шарыг хөдөлгөсөн байна. “Мексикийн баг тэмцээнээс өмнө ‘Монгол’ гэсэн нэрийг хараад шоолж, басаад байхаар нь шарандаа ялсан” гэж тэр ярьсан юм. Гэхдээ тэдний ялалтын цаана зөвхөн өрсөлдөгчөө ялах хүсэл байсангүй. Финалын тавцанд гарахын өмнө хоёр хүүхэд нэг нэгэндээ нэгэн чухал амлалт өгчээ. Хэн нэг нь ямар нэгэн алдаа гаргасан ч нөгөөдөө уурлахгүй. Энэ энгийн мэт боловч хоёр тамирчны хувьд хамгийн хэрэгтэй тохиролцоо байв. “Бид хоёр финалын тавцанд гарахаасаа өмнө хэн нэгэн нь ямар ч алдаа гаргасан нэгэндээ уурлахгүй гэж амласан. Тиймээс сандралгүй тэмцээнээ дуусгаж, ялагч болсон” хэмээн О.Энх-Эрдэнэ ярив. Тэдний нэг нь алдаа гаргахад нөгөө нь буруутгах биш, харин хамтдаа дараагийн хөдөлгөөндөө төвлөрөх ёстой байлаа. Эцэст нь тэр амлалт нь тэднийг дэлхийн аваргын алтан медальд хүргэв. Нэгнийхээ хүчийг нөхдөг хоёр Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар 2025 оны дөрөвдүгээр сараас эхлэн хамтдаа бэлтгэл хийжээ. Нэг жилийн хугацаанд БНСУ-аас урилгаар ирсэн дасгалжуулагч И.Жаевонтой ажилласан байна. Тэд долоо хоногийн зургаан өдөр, өдөрт зургаан цагаар бэлтгэл хийдэг. Дэлхийн аварга болсон өдрийнхөө маргаашаас ч бэлтгэлээ үргэлжлүүлжээ. Алтан медаль зүүсэн ч тэдний амьдралын хэмнэл өөрчлөгдсөнгүй. Дэлхийн аварга болсон гэх нэр хүнд нь бэлтгэлээсээ холдох шалтгаан биш, харин илүү их хичээх шалтгаан болжээ. “Дэлхийн аварга хүн ямар байдгийг харуулна. Дэлхийн аварга болчхоод биеэ тоогоод бэлтгэлээ хийхгүй бол сонин шүү дээ. Өмнөхөөсөө илүү бэлтгэлээ хийнэ” хэмээн Ц.Шинэ-Эрдэнэ хэлсэн нь түүний дараагийн зорилгыг илэрхийлнэ. Түүнийг О.Энх-Эрдэнэ “үнэхээр дайчин, шартай, бэлтгэлээ тултал хийдэг хүчтэй охин” гэж тодорхойлжээ. Нэгнийхээ хичээж байгааг харах тусам өөрсдөдөө улам их шаардлага тавьдаг аж. “Нэгнийгээ их хичээж байгааг хараад ‘Би ч гэсэн яагаад чадахгүй гэж’ гэж бодоод хоёулаа бэлтгэлээ төгс хийдэг” хэмээн О.Энх-Эрдэнэ ярьсан юм. Харин Ц.Шинэ-Эрдэнэ хамтрагчаа өөрөөс нь доош татахгүй байхыг хичээдэг гэжээ. Ийнхүү тэдний өрсөлдөөн нэгнээ дарах биш, нэгнээ дээш татах хэлбэрээр үргэлжилдэг байна. О.Энх-Эрдэнэ даруухан хэр нь боловсон, соёлтой. Хичээллэж буй спортоо хүндэтгэж, түүнээсээ суралцдаг нь ярианаас нь анзаарагдана. Харин Ц.Шинэ-Эрдэнэ илүү амбицтай, зорилгодоо хүрэхийн тулд өөрөөсөө их зүйл шаарддаг тамирчин. Хоёр өөр зан чанар нэг багт нийлээд харин нэг зорилготой болжээ. Бокст орох гэж байсан охин пүмсэний дэлхийн аварга болов Ц.Шинэ-Эрдэнэ багаасаа л эрэгтэйлэг, хөдөлгөөнтэй охин байжээ. Эрч хүч ихтэй байсан учраас зодолдмоор санагдаж, бокст хичээллэхээр хүртэл төлөвлөж байсан ч эцэст нь энэ сонголтоо өөрчилж, “Эвлэл” клубт таеквондогоор хичээллэж эхэлсэн байна. Өнөөдөр тэр Монголын таеквондогийн пүмсэ төрлөөр дэлхийн аваргын алтан медаль хүртсэн тамирчин болжээ. Харин О.Энх-Эрдэнийг энэ спортод хөтөлсөн хүн нь эмээ нь. Тэрээр багадаа бие бялдрын хөгжил сул байсан тул эмээ нь спортоор хичээллүүлэхээр шийдэж, таеквондог сонгосон байна. Ийнхүү хоёр өөр шалтгаанаар эхэлсэн зам нэг цэг дээр нийлжээ. Дэлхийн аваргын ард Энэ амжилт зөвхөн хоёр хүүхдийн хөдөлмөрөөр бүтсэнгүй. Тэдний нэг жилийн бэлтгэлд БНСУ-аас урилгаар ажилласан И.Жаевон дасгалжуулагчийн үүрэг чухал байжээ. Дасгалжуулагчийн бүх зардлыг “Red Rock” компани хариуцан ажилласан байна. Дэлхийн түвшний дасгалжуулагчтай тогтмол ажилласнаар богино хугацаанд тамирчдын ур чадвар дээшилж, энэ нь дэлхийн аваргын алтан медалиар үр дүнгээ өгчээ. Тэднийг дэлхийн аварга болсныг сонссон багш нар нь баярлан уйлж, “Мундаг” хэмээн хэлсэн байна. Ар гэрийн дэмжлэг ч мөн тэдний энэ замын нэг хэсэг. Ц.Шинэ-Эрдэнийн ээж охиноо тэмцээн бүрд нь дагаж, дэмждэг бол эмээ, өвөө нь тэмцээний зардлыг нь дааж иржээ. Харин О.Энх-Эрдэнийн хувьд эмээ нь хамгийн том дэмжигчдийнх нь нэг. Тэд мөн шигшээ багийн хамт олон, Монголын таеквондогийн холбоо, дасгалжуулагчид болон өөрсдийг нь дэмжсэн бүх хүнд талархаж буйгаа илэрхийлсэн юм. Алтан медалийн дараах дараагийн мөрөөдөл Дэлхийн аварга болсон 14 настай хоёр хүүхдийн ярианд “одоо хангалттай” гэсэн бодол огт байсангүй. Харин ч дараагийн зорилго нь илүү том. Олимпын аварга болох. О.Энх-Эрдэнэ “Дэлхийн аварга хүн ямар байдгийг харуулна. Олимпын аварга болно. Тоолж баршгүй их мөрөөдөлтэй” хэмээн ярьсан. Ц.Шинэ-Эрдэнэ ч мөн дэлхийн аварга болсныхоо дараа өмнөхөөсөө илүү их бэлтгэл хийхээ хэлсэн. Алтан медалийн жин тэдний цээжин дээр байгаа ч 14 настай хоёр хүүхдийн мөрөөдөл түүнээс хавьгүй том аж. Тэдний хувьд энэ удаагийн дэлхийн аваргын алтан медаль төгсгөл биш. Харин Монголын төрийн далбааг дэлхийн тавцанд дахин дахин мандуулах урт замын эхлэл. Өчигдөрхөн дэлхийн аварга болно гэж төсөөлөөгүй байсан хоёр хүүхэд өнөөдөр олимпын аварга болох тухай ярьж байна. Тэгээд тэдэнд нэг л зүйл тодорхой. Дэлхийн аварга болсон ч бэлтгэл дуусахгүй. Мөрөөдөл ч бас дуусахгүй.