Toronto Raptors багийн домогт тоглогч Кайл Лауриг хүндэтгэн гаргасан түүний замналтай холбоотой тусгай логог танилцууллаа.

Лаури 2026 оны долдугаар сарын 7-нд Raptors багтай нэг өдрийн гэрээ байгуулж, тус багийн тоглогчийн хувиар зодог тайлсан. Тэрбээр NBA-д 20 улирал тоглосны есөн улирлыг Toronto-д өнгөрүүлж, зургаан удаа All-Star-д сонгогдсон юм. Мөн 2019 онд Raptors багийн түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц NBA аваргын цомыг хүртэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн билээ.
Шинээр танилцуулсан логонд Лауригийн талбай дээр тоглолтыг удирдан чиглүүлж, баруун гараа өргөн дохио өгдөг алдарт үйлдлийг Raptors-ын динозаврын дүрстэй хослуулжээ. Мөн түүний багт өмсөж байсан 7 дугаарын бэлгэдлийг тусгасан байна.
Raptors уг логог “A legacy too big for one night” хэмээн тодорхойлсон бөгөөд энэ нь Лауригийн багт үлдээсэн өв, түүний энэ багтай холбоотой түүхэн байр суурийг онцолжээ.
Энэхүү шийдлийг өмнө нь Toronto Raptors баг Винс Картерт зориулан гаргаж байсан тусгай логотой төстэй. Картерын 15 дугаарыг 2024 онд мөнхөлсний дараа Raptors түүний алдарт тохолтын хөдөлгөөнийг динозаврын дүрстэй хослуулсан тусгай логог бүтээж, City Edition өмсгөл болон талбайн дизайнд ашиглаж байсан билээ.
Харин Лаурид зориулсан шинэ логог ирэх улиралд City Edition өмсгөл болон талбайн дизайнд ашиглах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Багийн зүгээс уг логог цаашид хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.



