Э.Бат-Үүл: Би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа

Ярилцлага
Г.Лхагвадорж
Г.ЛхагвадоржУнших: 5 мин 19 сек
90
legacy:Bat-Uul/Bat-Uul.jpg

-УКРАИНД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХЭД НЭГДЭЭРЭЙ ГЭЖ ЗАЛУУЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА-

Өнгөрсөн баасан гаригт 409 дүгээр ангийг зорьж, хилс хэргээр дөрвөн жилийн ял авчихаад хоригдож байгаа хотын дарга асан Э.Бат-Үүлийг эргэлээ. Эргэх ч гэж дээ. Нарсанд байгаа хүнийг эргэх нь наранд байгаа биднийхээс тэс өөр ойлголт. Дураар ганц ном аваачаад өгөх боломжгүй. Тор дүүрэн дуртай амттаныг нь оруулах эрхгүй. Шилэн хаалтны наана цаанаас утсаар ярихыг ямар эргэлт гэхэв дээ.

Э.Бат-Үүл баатартай уулзахаар хүлээлгийн танхимд зогсож байх зуур харуулын ажилтан “Туувар яасан бэ” хэмээн станцаараа ярив. Хорих ангийн өрөөнөөс хоригдогсдыг эргэлтийн заал руу авчрах процессыг туувар гэдэг юм байна. Шоронгийнхны жаргон хэллэгээр ардчиллын баатар Э.Бат-Үүл тууврын замаар туугдсаар эргэлтийн заал руу орж ирлээ. Хөх куртикнийхээ гадуур шар хантааз углачихсан, гараа даллаад сүйд. Цагаан үс нь малгайнд дарагдан налмайж, жаахан жин хасаа юу даа гэж харагдана. Түүнтэй ярилцах хугацаа хорин минутын лимиттэй. Эргэлтээр очсон хоёр хүнд энэ хорин хором хаанаа ч үгүй гэдэг нь ойлгомжтой.

Харилцуураа чихэндээ сайн нааж, гадна орчны дуу чимээнээс тасрахгүй бол түүний яриа тээр цаана сонсогдоно. “За та нар сайн уу. Гэр хорооллоороо явж байна уу. Явахгүй байгаа даа та нар. За энд одоо хэрэлдээд суултай биш. Сонин юу байна” гэсээр уулзав. Цаашаа бидний хооронд ийм яриа өрнөсөн юм.

-Бид сайн. Таны бие сайн уу?

-Сайн сайн. Би асуудалгүй.

-Хоол унд нь хэр юм?

-Дажгүй ээ. Энэ хорих ангийн үйл ажиллагаа олон улсын стандартад нийцсэн юм байна. Тэрэнд санаа зоволтгүй. Ном уншаад юмаа бичиж байгаа.

-Сүүлийн үеийн сонин хачныг өмгөөлөгчөөс сонсов уу. Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлснийг дуулав уу?

-Сонслоо. Үнэхээр гайхаж байна. О.Цогтгэрэлийг ингэнэ чинээ ёстой санасангүй. Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлэх хэрэггүй. Дахиж улс төрд орж ирэх ч хэрэггүй. Нэрээ татаж ав гэж нөхөрсгөөр зөвлөж байна. Одоо бид залуучуудаа л урагшаа гаргаж, зай тавьж өгөх ёстой. Гэвч Х.Баттулга үүнийг ойлгохгүй нэрээ татахгүй бол би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Х.Баттулга МАН-ын даргын зөвлөхөө хийхэд л хангалттай.

-Намын даргад нэр дэвшигчдийн материал авах хугацаа нь дуусчихсан юм билээ...

-Тэр хамаагүй. Угаасаа дүрмийн бус сунгаа шүү дээ. Би үүний эсрэг тэмцэх болно. Ардчилалд аюул учирлаа.

-Ямар аюул?

-Х.Баттулгаар дамжиж В.Путины бодлого Монголд хэрэгжинэ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй.

-Орос, Украины дайны талаар та юу гэж бодож байна?

-Яг энэ сэдвээр нийтлэл бичээд явуулсан ч одоо болтол baabar.mn дээр гарахгүй байна.

-Яагаад вэ, шуудангаар явуулсан юм уу?

-Шуудангаар явуулаад хоёр, гурав хонолоо, очоогүй байна гэсэн. Яагаад гэдгийг нь ойлгохгүй байна.

-Тэр нийтлэлдээ юу гэж бичсэн юм бэ?

-В.Путин Украин руу түрэмгийлэн дайрч байгаа шалтгаан нь ердөө дарангуйлагч төрийн-хөө хүчээ нэмэгдүүлэх гэж байгаа хэрэг. В.Путин Орос орныг авторитар дэглэмээс хойд Солонгос шиг тоталитар дэглэм рүү шилжүүлэх гэж байна. Тиймээс коммунис-туудын замаар орж социализм руу буцах гэж байна. Энэ нь Монголын ирээдүйд маш аюултай. Социализм гэдэг бол колончилолын бодлого юм шүү дээ. Өнгөрсөн түүхэнд Монголд байгуулсан социализм бол үнэндээ колончилолын тогтолцоо байсан. В.Путин өөрөө маш их асуудалтай, толгой өвтгөсөн зүйл ихтэй хүнд үед ирчихсэн байсан. Жишээ нь Чечень, Кавказаас эхлээд хэзээ мөдгүй салан тусгаарлаж магадгүй нөхцөл байдлууд түүний санааг зовоож байсан. ОХУ задрах аюул ойртчихсон, Путины эрин дуусахад ойрхон болсон учраас амиа аврахын тулд түүнд Оросыг тоталитар дэглэмд шилжүүлж, Ким Жон Ун шиг дарангуйлагч болохоос өөр гарц үлдээгүй. Тиймээс түүнд далим хэрэгтэй. Тэр шалтаг нь Украин байсан. Энэ санаархлаараа Монгол руу хийж байгаа эхний алхам нь Х.Баттулгаар илэрч байна. Х.Баттулгаар дамжуулж Монголыг буцаад Социалимз руу буцаахыг хүсч байна.

-Монголчууд социализм руу буцахыг хүсэх үү?

-Хэдийгээр монголчууд социализмд ам сайтай байдаг ч эргээд соц нийгэм рүү шилжихийг хэзээ ч хүсэхгүй. Хувийн өмчгүй, чөлөөтэй бизнес хийх боломжгүй, гадагшаа явах, үг хэлэх эрхгүй, малчид нь малаа төрд хураалгаж, эргээд нэгдэлжих хөдөлгөөн өрнөвөл залуучууд та нар дэмжих үү. Тэвчихгүй биз дээ. Монгол Улс социализмын үед колончилогдсон орон байхад Хятадад тийм таатай байгаагүй. Тиймээс Монголыг эргээд социалист орон болохыг урд хөрш зөвшөөрөхгүй. Хятадад ардчилсан Монгол хэрэгтэй. Гэсэн ч Путины санаархал зогсохгүй. Тэгэхээр бид нэн яаралтай ардчиллын дархлаагаа бататгах хэрэгтэй.

-Яаж?

-Гэр хорооллоо өөд нь татах хэрэгтэй. Монголд гэр хороолол, хөдөө хоёр л хөгжөөгүй хаягдсан. Ядуурал гэр хороололд их байгаа. Гэтэл атгаг улстөрчид иргэдийн ядуу зүдүү дээр дөрөөлж улс төрийн тоглолт хийдэг. Гэр хорооллыг ядуурлаас гаргаж, юунд ч автахааргүй болгох нь хамгийн чухал байна.

-Орос, Украины дайны талаар манай төр засаг албан ёсны байр суурь илэрхийлээгүй байгаа...

-Манайх Оросоос эдийн засгийн хамааралтай учраас тэр байх. Гэхдээ Монгол, Украин хоёр хоёулаа жижиг орон. ОХУ жижиг орон руу дайрч дайн хийж байхад Монгол дуугүй харж сууснаараа НҮБ-д нэр хүндгүй болж байна. Монголын төр засаг нь дүүрч гэхэд ард иргэд нь энэ дайныг эсэргүүцэж дуугарах нь зөв. Бид чинь ардчилсан улсын иргэд шүү дээ. Нөгөө талаар монголчууд бид ёс суртахуунаа гээж болохгүй. Хүмүүнлэг ёсны үүднээс бид Украиныг өмөөрч, дайныг эсэргүүцэх хэрэгтэй. Ард иргэд нь хүний ёсоор энхтайвны төлөө жагсаж, дуугарсны төлөө үг хэлэх эрхийг нь хааж боож болохгүй. Тиймээс монголчууддаа хандаж дайны эсрэг, Украиныг дэмжихийг уриалж байна. Бид адил жижиг орон учраас хүн ёсоо ийм үед харуулах ёстой. Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нэгдээрэй гэж залуучууддаа уриалж байна. Хэрэв би чөлөөтэй байсан бол Украин явах байлаа.

-Давж заалдах шатны шүүхийн тов гараагүй юу?

-Гараагүй. Хэзээ гарах юм мэдэхгүй хүлээж л байна. Давж заалдах шатны шүүх хуралд миний бие онлайнаар биш өөрийн биеэр оролцож, нээлттэй явуулахыг хүсч байгаа.

-Цаг дуусч байх шиг байна. Өөр хэлэх зүйл байна уу?

-Өөр юу байхав дээ. Өө нээрээ сая мартын 8-наар 409 дүгээр хорих анги эмэгтэй хоригдлууддаа баяр хүргэж тоглолт зохион байгуулсан. 409 дүгээр анги “Жигүүр” гэдэг хамтлагтай юм байна. Хоригдож байгаа эмэгтэйчүүддээ зориулж урлагийн тоглолт үзүүлсэн. Хүний эрхийг ингэж дээдэлж, хүнлэг сайхан арга хэмжээ зохион байгуулсанд маш их баярлаж, тэр оройн арга хэмжээнд үг хэлж хорих ангийн удирдлагуудад баяр хүргэсэн. Тэгээд сэтгэл хөдлөөд амьдралдаа анх удаа тайзан дээр дууллаа.

-Тийм үү. Ямар дуу дуулсан юм бэ?

-Найз З.Зундарийнхаа зохиож байсан “Сэтгэлийн жигүүр” дууг “Жигүүр” хамтлагтай дуулсан. Хүмүүс алга ташаад л их сайхан хүлээж авсан гэж хэлээд харилцуураа тавиад цааш туугдан одлоо.

Я.Мөнгөнцэцэг

legacy:Niitlelchid/Udriin sonin.jpg
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    МОНГОЛЧУУД БИД АЗГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ БАТҮҮЛ БААТРАА УКРАЙНЫ ДАЙНД ЯВУУЛААГҮЙ БААТАР ХҮН ТЭНД БААТАР Л БАЙХ БАЙСАН БАЙХ ДАА ТЭГЭЭД ЭЦЭСТ НЬ ОРОСЫН МЭРГЭН БУУДАГЧИЙН СУМАНД ӨНГӨРӨӨД ЖИНХЭНЭ БААТРЫН ЁСООР ӨНГӨРӨХ БАЙСАН ЮМ ДААНЧ БИД АЗГҮЙ ХҮМҮҮС

  • З
    Зочин4 жил өмнө

    Амьдралдаа буу барьж буудаж үзээгүй хүн Украйнд очоод ганц дэлбэрэлтийн доргилт, дуу сонсоод айж, өмдөндөө бааж нүдний булай болно. Нөгөө Монгол улсын баатар нь өмдөндөө баачихсан гэвэл Бат-Үүл биш Монголчууд доошоо орно биз дээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Ёооох, энэ хүний сүг нээрээ том бүлтрэх юмаа. Цагаа тулвал чицага алдаад хэвтэх байхдаа хөөрхий

  • З
    Зочин4 жил өмнө

    ЗОРИГИЙН ХЭРЭГ

  • И
    Иргэн4 жил өмнө

    Их л буруу зөнөж байна даа

  • Б
    б4 жил өмнө

    Батүүл барууны тэжээвэр болохоороо тэгж байгаан хэхэ

  • З
    Зочин4 жил өмнө

    нээрээ батүүл баатар элбэгдорж хоёр украйнд очвол дайн хурдан дуусна гэж уншиж байсан шүү украйны мөнгийг нь хүүгийнхээ компани руу шилжүүлээд л техникийг нь доллар болгож оффшорт хийгээд л хэдэн сум үлдсэн ч дарийг нь бас хулгайлаад оронд нь шороо хийчихсэн зэвсэг ч үгүй мөнгө ч үгүй украйн шууд бууж өгөөд дайн дуусна гэсэн

  • Б
    б4 жил өмнө

    Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг Бат-Үүл бид 2 Украйнд очоод ямар ч хэрэггүй.

  • Ү
    Үнэн4 жил өмнө

    Х.Баттулга, Бат-Үүл хоёр ялгаагүй үеэ өнгөрөөсөн хүмүүс. Хоёулаа залуучууддаа суудлаа тавьж өгөхгүй, Хойд Солонгосын Ким Чин Ун шиг эрх мэдэлдээ насан туршдаа байх санаатай. Өөрсдийгөө арчдилсан хүмүүс гэдэг ч Путинээс ч дор жинхэнэ авторитар хүмүүс. Бат-Үүл хотын дарга байхдаа иргэдийн хувийн хөрөнгөтэй байх эрхэд халдаж, дугаарын хязгаарлалт гэгчийн тушаал гаргасан. Энэ бол ардчилсан оронд хүний эрхийн зөрчил гэж үзээд хориглосон арга хэмжээ. Ганцхан Хятадад л хэрэглэдэг. Гэтэл Бат-Үүл Хятадын Коммунист намын энэ арга хэмжээг ашиглан замын түгжрэлийг шийдэх гэж оролдсон. Гэвч энэ бол шийдэл биш, харин дарангуйлал гэдэг нь одоо харагдаж байгаа. Элбэгдоржтой нийлж ядарсан иргэн Чимгээ нарыг хүнд хэрэгт гүтгэн гөрдөж, олон жил шоронд эрүүдэн шүүж, тарчлаан зовоосон. Үүнийхээ горыг амсаж өөрөө шоронд сууж байгаа гэж ойлгож байна.