Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин 30 сек
00
legacy:2025/06/havt.jpg
legacy:ХХЗХ/hav.jpg

Хан-Уул дүүргийн 2, 20 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөөний 7 км явган хүний замыг гурван багцад хуваан, шинэчилж байна. Үүний нэг хэсэг болох “Эм Эс Жи Ти” ХХК-ийн гүйцэтгэж буй Яармагийн гүүрний зүүн талаас "АПУ" ХК хүртэлх урд талын 2.5 км явган хүний замын ажлын дэд бүтцийн ажил бүрэн дуусаж, хучилтын ажил таван хувьтай үргэлжилж байна. Ажлын явцад хяналт тавихаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

legacy:ХХЗХ/hosoo.jpg

Мөн энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг Улаанбаатар хотын томоохон гудамж, замууд багтаж буй. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын томоохон ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна. Энэ хүрээнд нийслэлийн зүгээс аль болох монгол аж ахуйн нэгж, байгууллагуудыг төсөл, хөтөлбөрүүдэд ажиллуулах бодлогыг барьдаг. Иймээс ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцсан ажлаа цаг тухайд нь чанар, стандартын дагуу гүйцэтгэх нь чухал” гэв.

legacy:ХХЗХ/havv.jpg

Мөн энэ үеэр явган хүний замыг шинэчлэхдээ тухайн өдөр шинэчилж чадах хэсэг буюу 20-30 метр замыг шинэчлээд, дараагийн хэсэг рүү шилжих, нэг дор бүх хавтангаа хуулахгүй байх, шинэчлэлтийн ажил үргэлжилж буйг илтгэх тэмдэглэгээ бүхий самбарыг байршуулах, явган зорчигчид зорчих түр замыг гаргаж өгөх, явган хүний замын дэргэдэх замын нөхөн сэргээлт болон цэвэрлэгээний ажлыг дор бүр нь давхар гүйцэтгэх зэргийг гүйцэтгэгч “Эм Эс Жи Ти” ХХК-д үүрэгдлээ.