ОУОХ-оос Залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн үндэсний олимпын хороодын дунд дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. “Парис 2024” наадмын сүүлийн хагс эхэлсэн энэ цаг мөчид 10 гаруй улсын төлөөлөл уг уулзалтад уригджээ.
Энэхүү дугуй ширээний уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нар оролцож, Монгол Улсын Залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтийг баталгаажуулж, товч танилцуулга хийлээ.
Манай улс 2023 онд Мумбай хотноо явагдсан ОУОХ-ны чуулганы үеэр 2030 эсвэл 2034 оны Залуучуудын зуны олимпын наадам, 2027 оны ОУОХ-ны чуулганыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа билээ.
Залуучуудын олимпын наадам хамгийн анх 2010 онд Сингапур Улсад зохион байгуулагдсан бөгөөд 15-18 насны тамирчдын дунд явагддагаараа онцлогтой. Залуучуудын наадмыг зөвхөн спортын уралдаан тэмцээнээс гадна тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн, байгальд ээлтэй, залуучууд руу чиглэсэн дэд бүтэц, боловсрол, хувь хүний хөгжлийн урт хугацааны хөрөнгө оруулалт бүхий цогц байдлаар зохион байгуулах бодлогыг ОУОХ-оос хэрэгжүүлдэг.
Хамгийн сүүлд 2024 оны 1-р сард Залуучуудын өвлийн олимпын наадам БНСУ-ын Канвон хотноо зохиогдсон. Дараагийн зуны наадам 2026 оны 10-р сарын 31-нд Дакар хотноо нээгдэх бөгөөд 35 спортын 244 төрөлд 5000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Энэ нь олимпын наадам анх удаа Африк тивд явагдах тохиолдол болж байгаа юм.