Согтуугаар жолоо барьж хүний аминд хүрсэн хэргийн шүүх хурлыг хойшлуулж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 50 сек
00
IMG_6053.webp

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Н-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас хохирогч нас барсан, ослын газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Н нь 2024 оны 8 дугаар сарын 02-ны шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Усны аж ахуйн автобусны буудлын хойд замд Toyota Corolla маркийн ... УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч О.Н-г мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн аутентик /хууль тогтоогчийн/ тайлбараар “согтуурсан гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгч Б.Н нь осол болсон тухайн цаг хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /0.35%/ зэрэг баримтаар тогтоогдсон байхад прокурор түүний дээрх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол ... шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж тус тус зааснаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.